Б.Алтантуул: Хандивын 70 хувь нь цуглаад байна

176660_363998503684867_1498734276_o-123901-594046697

Морин хуур гэдэг хоёрхон чавхдасаараа хорвоог уярааж, хүний сэтгэлийн нандин утсыг хөндөж чаддаг гайхалтай хөгжим. Энэ хөгжмийн чуулгыг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл удирдаж буй АЖ Ц.Батчулуун гуайг танихгүй хүн үгүй. Намуухан дуутай, эгэл даруухан энэ хүн Монгол Улсынхаа нэр хүндийг чуулгаараа дамжуулан өндөрт өргөж ОХУ-ын “Большой театр”, БНХАУ, БНСУ, БНСАУ, Канад, Францын ЮНЕСКО, НҮБ-ын танхим гээд олон улсын олон алдартай тайзан дээрээс Монголоо гайхуулж явсан билээ. Цаашид ч энэ хүнд илүү ихийг бүтээх хүсэл тэмүүлэл, зорилго төлөвлөгөө бий.

Гэвч… Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг гай энэ агуу хүний зорилго төлөвлөгөөнд төдийгүй амь насанд нь заналхийлж байна. Соёл урлагийн салбарт, Монгол Улсад дэндүү хэрэгтэй Ц.Батчулуун гуайн амь насыг аврах боломж морин хуурын аялгуунд уярч догдлон сонсдог эрхэм Таньд бий.

“ХАНЬ МИНЬ ЭДГЭНЭ ГЭСЭН БҮРЭН ИТГЭЛТЭЙ БАЙГАА

Бид АЖ Ц.Батчулуун гуайн гэргий Б.Алтантуултай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Ц.Батчулуун гуайн биеийн байдал ямар байна?

-Яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж эмч нар нь хэлсэн. Тэгэхгүй бол цус алдах магадлал өндөр байгаа юм билээ. Одоогоор шарлалтыг нь бууруулах, хагалгааны бэлтгэл эмчилгээг хийж байна.

-Ц.Батчулуун гуай өөрөө сэтгэл санааны хувьд хэр байгаа вэ?

-Сэтгэл санааны хувьд гайгүй, эдгэнэ гэсэн итгэлтэй. Өвчин тусчихаад олон хүнээс хандив цуглуулж байгаадаа сэтгэл нь зовж байгаа. Гэхдээ энэ олон хүний тусламжаар эдгэнэ, эдгэснийхээ дараа энэ хүмүүст маш их өртэй үлдэж, их зүйл хийх хэрэгтэй болж байна гэдгээ хэлсэн. Бас элэг өвдчихөөр дохиж чадах болов уу гэдэгтээ их санаа нь зовж байна лээ. Дохихоор хүний элэг их доргидог юм байна.

-“Сэтгэлийн өргөл” хандивын тоглолт нь сайхан болсон уу?

-Өчигдөр маш их хүн үзсэн. Үзсэн хүмүүс маань бас их сэтгэл их өндөр гарч байгаа нь сайхан байна. Хандивын тоглолтоор бид нийт 60-аад сая төгрөг цуглана гэж тооцсон. Тасалбарын борлуулалт ч дажгүй байгаа. Тоглолтын хувьд 35 хүний бүрэлдэхүүнтэй Морин хуурын чуулга маань бүхлээрээ, АЖ А.Долгор, АЖ Б.Зангад, АЖ Ш.Чимэдцэеэ, АЖ А.Дашпэлжээ залуу дуучин Баттулга, нар маань сэтгэлээрээ ирж дэмжиж дуулж байгаа. Мөн МУГЖ Г.Равдан гуай хөтлөгч хийж байна. Энэ хүмүүсээс гадна тоглолтонд оролцох хүсэлтээ тавьсан уран бүтээлч цөөнгүй бий. Дуучин С.Жавхлан хөдөө явж байгаа болохоор амжихгүй байна, гэвч оролцох хүсэлтэй байна гэсэн. Мөн Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун гээд олон хүн байна.

-Хандив хэр цуглаж байна?

-Бид хандивыг 14 хоногт цуглах байх гэж найдаж байна. Одоогоор 70 орчим хувь нь цугласан. Соёл урлагийн байгууллага нэг өдрийн цалингаа хандивлаж байна. Мөн Мобиком компани, JCI байгууллага тус бүр нэг өдрийн тоглолт захиалсан.

-Хэчнээн төгрөг цуглуулж гэмээ нь хандивын мөнгө бүрдэж, Батчулуун гуайг илааршуулах боломжтой болох вэ?

-Тооцоогоор 250-300 сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Солонгосын эмнэлэгтэй холбоо барьж, материалуудаа явуулаад эмч нар нь холбогдож мэдээллээ солилцоод эхэлчихсэн.

-Гадаадад байгаа монголчууд маань тоглолт зохион байгуулж байгаа гэсэн?

-Америкт байгаа монголчууд маань энэ сарын 25-нд Ажиа Гэгээний төвд тоглолт зохион байгуулах гэж байна. Японд байгаа шавь нар нь бас тоглолт хийхээр бэлтгэж байна. Британид байгаа монголчууд маань мөн хандив цуглуулаад эхэлсэн гэсэн.

-Эрүүл мэндийн яам, Соёл спорт аялал жуулчлалын яамнаас ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ. Гэр бүлийнх нь зүгээс яаманд хандсан юм болов уу?

-АЖ Н.Жанцанноров гуай тэргүүтэй хүмүүс комисс байгуулаад ажиллаж байна. Комиссын зүгээс яаманд хандаж байгаа байх. Би комиссын нарийн ширийн ажилд тэр бүр оролцохгүй байна.

Хандивын аяныг зохион байгуулах комиссынхон

-Хэдийгээр эмчилгээндээ явах вэ?

-Ирэх долоо хоногт явах санаатай. Онгоцны билетийн хувьд МИАТ үнэ төлбөргүй явуулж өгье гэсэн. Хандив өргөж байгаа байгууллага, хувь хүмүүс, тоглолт үзэж байгаа үзэгч та бүхэндээ бүгдэд нь талархлаа илэрхийлье.

АЖ Ц.БАТЧУЛУУН ГУАЙД ТУСЛАХЫН УЧИР…

Хуурчийнхан овогт Цэндийн Батчулуун гуайн талаарх танилцуулгыг та бүхэнд хүргэж байна.

Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, Монгол Улсын Ардын жүжигчин, СУИС-ын хүндэт профессор Монголын соёл урлаг, хөгжмийн нэрт зүтгэлтэн.

ХХ зууны Төрийн их морин хуурч Г.Жамъянгийн шавь, 1999, 2010-2011 онуудад Япон Сангийн дэмжлэгээр Токиогийн угсаатны зүйн музейн профессор Томико Кожима, Осакагийн Урлагийн их сургуулийн багш доктор профессор Ямагүчи Осаму нарын удирдлаган дор урлаг судлалын чиглэлээр судалгааны ажил хийж мэргэжил дээшлүүлсэн.

Монгол үндэсний урт, богино дуунууд, дэлхийн сонгодог болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд, тухайлбал З.Хангалын чавхдаст болон цохивор хөгжмийн чуулгад зориулсан “Морин хуурын концерт” /1989 он/, Ц.Нацагдоржийн симфони найрал хөгжимтэй “Морин хуурын концерт” /1989 он/, Э.Чойдогийн “Талын аялгуу” зэрэг шилдэг бүтээлийг гоцлон хөгжимдөж Монголын үндэсний радиогийн алтан санд үлдээжээ.

Японы Фүкүока хотын Кюүшюү симфони найрал хөгжмийг 2001 онд, ОХУ-ын Владимир хотын Орос ардын найрал хөгжмийг 2003, Тайпей хотын Хятадын үндэсний найрал хөгжмийг 2007 онд тус тус удирдан тоглуулсан.

Морин хуурын чуулгыг АНУ-ын Нью-Йоркийн “”Карнегийн концертын танхим”, ОХУ-ын “Их театр”, Японы “Сантори концертын танхим”, “Орчард концертын танхим”, “Осака симфони танхим”, “Эн Эйч Кэй концертын танхим”, Тайпей дахь Чан Кай Шийн нэрэмжит концертын танхим, Бээжингийн “Хятадын үндэсний их театр” Австрийн Венийн филармони “Musikverein”, “И.Брамсын танхим”, Хэрбэрт фон Караяны нэрэмжит Берлиний “Филармонийн танхим”, Нью- Йорк, Женев дэх НҮБ-ын танхимууд, Парисын ЮНЕСКО-ийн танхимд удирдан тоглуулсан.


“Crescendo”, “Дээш дээсрэх ханьцашгүй аялгуу” ,”Quartetto of Morin khuur”, “Хөгжмийн урлагийн түгээмэл нэр томъёо ойлголт” зэрэг ном бүтээж, 60 гаруй морин хуурчдыг мэргэшүүлэн сургаснаас гадна Англи, Герман, Япон зэрэг орны 40 гаруй шавьтай .

АНУ-ын Сан-Франциско Сиэтли, Индианагийн их сургууль, Вашингтон, ХБНГУ-ын Мюнхэн, Фрайбург, БНСУ-ын Сөүлийн Урлагийн их сургууль, Япон улсын Токио Осака, ОХУ-ын Буриадын Улаан-Үүд хотын их дээд сургуулиудад лекц илтгэлүүдийг удаа дараа тавьсан.

Өөрийн хөгжимдсөн Ц.Батчулуун “Саруул тал”, Морин хуурын чуулгыг удирдан тоглуулсан шилдэг бүтээлийн “Цэндийн Батчулуун” цомог 2011 онд гаргасан.

ТА ЯАЖ ТУСАЛЖ БОЛОХ ВЭ?

Ц.Батчулуун нь нэг сарын дотор элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн оноштойгоор эмчлүүлж байна.

Хэрвээ Та Улаанбаатарт байгаа бол нэмэлтээр тоглогдох болсон 22, 23-ны өдрийн СТӨ-нд болох тоглолтыг үзэх боломж бий. Тэгвэл та сайхан тоглолт үзэж сэтгэлийн таашаал эдлэхийн зэрэгцээ АЖ Ц.Батчулуун гуайд хандив өргөж байна гэсэн үг.

Мөн Америк, Япон дахь монголчууд ч энэхүү буяны аянд нэгдэн ороод байна. АНУ-ын Баруун эрэгт ажиллаж амьдарч буй түүний шавь нар, урлагийн анд нөхөд хамтарч 2014 оны 10 сарын 25-ны өдрийн 13 цагт Оакланд хотын Ажаа гэгээний төвийн байранд ардын урлагийн “СЭТГЭЛИЙН ДЭМ” хандивын тоглолт хийхээр болжээ. Харин Японд ажиллаж амьдардаг морин хуурч А.Бат-Эрдэнэ ирэх арваннэгдүгээр сарын 1-нд Токио хотноо тоглолт зохион байгуулна.

Түүнчлэн албан байгууллага хувь хүмүүсийн хандивыг Ц.Батчулууны ХААН банкин дахь 5031089680 тоот дансанд хүлээн авч байна. Мөн түүний эмчилгээний зардалд зориулан валютын дансанд мөнгө шилжүүлэх бол Ц.Батчулууны Худалдаа хөгжлийн банкин дахь 404187482 данс руу илгээнэ үү.

Монголчууд бид хамтдаа зүтгэвэл Ардын жүжигчин Ц.Батчулуун гэх эгэл даруухан атлаа, агуу уран бүтээлчийн амь насыг аварч, илүү сайхан бүтээлээр сонороо мялаах боломж байгаа билээ.

gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих