Ямааны мах халуун дээрээ
Монгол Улсыг энэ онд ээлжит удаа дэлхий нийтийн анхаарлын төвд аваачсан нэг чухал үйл явдал бол яах аргагүй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний айлчлал билээ. Хэдийгээр хагас өдөр үргэлжилсэн ч айлчлалын үеэр нэлээд өндөр ач холбогдолтой яриа хэлэлцээ хийж, олон салбарыг хамарсан санамж бичиг, протокол, хэлэлцээр зэрэг нийт 15 баримт бичигт гарын үсэг зурж амжсан. Мэдээж хойд хөршийн маань төрийн тэргүүн айлчилсан, өндөр дээд хэмжээний өргөн бүрэлдэхүүнтэй ирж яриа хэлэлцээ хийсэн гэдэг тун чухал. Гэвч юу юунаас илүү айлчлалын дараахь үйл явц, цаасан дээр зурагдсан хэлэлцээг бодит амьдрал дээр буулгах нь хамгийн чухал. Ерөнхийлөгч В.Путиний айлчлалын сургаар л олон сарын өмнөөс энэ асуудал хөндөгдөж ирсэн бөгөөд түүний өмнөх айлчлалууд болон одоогийн Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Ерөнхийлөгч байхдаа хийсэн айлчлалын үеэр зурсан олон арван гэрээ бараг тэр чигтээ цаасан дээрээ мартагдсаныг судлаач, эдийн засагчид сануулсаар байсан.
Үүний үр дүн ч нөлөөлсөн байх, дээр нь цаг үеийн байдал, тохироо бүрдсэндээ ч юм уу, Оросын Ерөнхийлөгчийн айлчлал урьд өмнөхөөсөө арай л өөр, илүү онцгой болсон гэж дүгнэх, санал нийлэх хүн олон байгаа. Ерөнхийлөгч В.Путин айлчлалынхаа үеэр “хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлж, уламжлалт харилцаагаа сэргээх талаар анхаарч ажиллана” гэдгээ зүгээр нэг хэлээд зогсоогүй хоёр орны иргэд визгүй зорчдог болох асуудлыг шийдвэрлэж, эхлэлийг нь тавьчихаад явсан. Дээр нь, “хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай зарим барааг 20 жилийн хугацаанд тарифыг нь тэглэсэн нехцөлтэйгөер, хэмжээ харгалзахгүй ОХУ-д нийлүүлэх тал дээр хамтран ажиллана” хэмээн мэдэгдсэн нь нэлээд анхаарал татсан. Мэдээж төмөр зам, автозам, транзит тээвэр болон боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллахаар гарын үсэг зурсан баримт бичгүүд ч ач холбогдолтойд тооцогдож байгаа юм.
Хэрэгжилт нь ч урьд өмнөхөөс бодитой байх шиг. Жишээ нь, хэдхэн хоногийн өмнө хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудал эцэслэн шийдэгдэж, ирэх сарын 14-нөөс энэ журмыг хүчин төгөлдөр мөрдөж эхлэхээр болсон. Хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог болсноор аль аль талдаа аялал жуулчлал, худалдааны эргэлт нэмэгдэх ач холбогдолтой гэж судлаач, эдийн засагчид үзэж байгаа юм. Мөн манай улс хойд хөрш рүүгээ махны экспортоо сэргээхээр болсон талаар нааштай мэдээг салбарын яамнаас дуулгаад байгаа. Тодруулбал, Оросын Ерөнхийлөгчийн айлчлалын мөрөөр ҮХАА-н сайд Москвад айлчлал хийсэн бөгөөд Монголын мах эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан тохиолдолд хангалттай хэмжээний зөвшөөрөл, квот олгоход бэлэн гэдгээ энэ үеэр Оросын тал илэрхийлжээ. Үүнтэй холбоотойгоор мах бэлтгэлийн үйлдвэрүүдийг С ангиллаас В ангилалд оруулах, мөн ойрын хугацаанд Монголын мах ангилах, мах нөөшлөх болон хиамны үйлдвэрүүдийг аттестатчилах ажлыг эхлүүлэх зорилгоор нөөшилсөн мах экспортлох аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт, хүчин чадал, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл зэрэг тодорхой мэдээллийг багтаасан албан хүсэлтийг ОХУ-ын хөдөө аж ахуйн байгууллагад хүргүүлэхээр тохиролцсон байна
Үүнээс гадна айлчлалаас хойш сар гаруйхны дараа буюу өнгөрсөн долоо хоногт болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс(ЗГХК)-ын хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд, гарсан үр дүнг онцолж болохоор байгаа юм. Хэдийгээр тус комисс жил бүр хуралддаг ч энэ удаагийнх хэд хэдэн зүйлээр онцлог байв. Юуны түрүүнд жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлч, арван хоёрдугаар сарын эхээр хуралддаг байсан бол энэ удаа Ерөнхийлөгч В.Путиний Засгийн газартаа өгсөн чиглэлийн дагуу Оросын талаас хуралдааныг хугацаанаас эрт эхэлж, айлчлалаар яригдаж, ярьж тохиролцсон, »гарын үсэг зурсан ажлуудаа урагшлуулах санал тавьснаар ийн аравдугаар 13-15-нд хуралдсан байна. Хоёрдугаарт, хуралдаан богино хугацаанд өндөр үр өгөөжтэй болсон гэж үзэж байгаа бол гуравдугаарт, Оросын тал урьд урьдынхаас илүү идэвх санаачилгатай, ач холбогдол өгч оролцжээ.
Энэ удаагийн 18 дугаар хуралдаанаар хэлэлцсэн зарим зүйлийг онцлоход Монгол, Оросын ЗГХК-ын Оросын хэсгийн ахлагч С.Е.Донской тэргүүтэй төлөөлөгчид айлчлалаар яригдсан зүйлийг ажил хэрэг болгох үүднээс ажлын хэсэг бүрээс сонсгол авах замаар ойлголтоо нэгтгэх, хэрэгжилтэд саад тотгор болох асуудлуудаа хэлэлцэн богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор эдийн засгийн форум зохион байгуулах зэрэг санал санаачилгыг гаргасан байна. Хуралдааны үеэр хэлэлцсэн зарим чухал асуудлаас дурдвал, олон жил ярьж буй “Талын зам” хөтөлбөрийн хүрээнд таван төслийг хэрэгжүүлж эхлэх, юун түрүүнд транзит тээврийг Монголоор дамжуулах, үүний тулд одоогийн байгаа төмөр замынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, орчин үеийн цахилгаанжуулсан хос төмөр зам барих асуудлыг урагшлуулахын тулд энэ жилдээ багтаагаад Орос, Монгол, Хятад гурван улсын төмөр замын удирдлагуудын уулзалтыг зохион байгуулахаар ярилцжээ. Мөн автозамын асуудлаар ярилцаж, Монгол Улсын Засгийн газрын “Талын зам” төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монголын “Чингис лэнд девелопмент групп” ХХК болон Оросын “Дальстроймеханизация” ХК-ийн хооронд “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан байна. Үүнээс гадна Оросоос Хятад руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголоор дамжуулах асуудльп” хөндөж ярилцсан бөгөөд хийн хоолойг манай улсын газар нутгаар дамжуулах нь Орос, Хятадад ч ашигтай учир ойрын хугацаанд гурван талын уулзалтыг зохион байгуулж, аж ахуйн тооцоолол хийх талаар тохиролцжээ.
Оросын Ерөнхийлөгчийн айлчлалаар ч, энэ удаагийн хуралдаанаар ч ач холбогдол өгч хэлэлцсэн нэг чухал асуудал бол хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсаас ОХУ-д экспортолдог бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, хамгийн гол нь гаалийн тарифыг бууруулах явдал юм. Хэдийгээр чадах хэмжээгээрээ мах экспортлох зөвшөөрөл олгоно, Монголын бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ гэж ярьж, Оросын тал авъя, Монголын тал өгье гэж байгаа нь сайхан мэдээ боловч 40 хувийн гаалийн татвар хэвээр байгаа цагт хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл хэвээр үлдэх нь ойлгомжтой. Тиймээс ч энэ удаагийн хуралдааны гол сэдвүүдийн нэг нь гаалийн татварыг тэглэх, ядаж боломжийн хэмжээнд хүргэж бууруулах асуудал дээр ахиц гаргах явдал байж. АНУ, Европын холбоо болон бусад хэд хэдэн орны хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортод хориг тавьсантай холбоотойгоор Монгол болон бусад улсаас энэ төрлийн бүтээгдэхүүн импортлох тал дээр хамтран ажиллах нь ОХУ-ын хувьд ч чухал байгааг энэ үеэр илэрхийлсэн байна. Комиссын гишүүдийн өгсөн мэдээллээр Оросын тал энэ асуудал дээр татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлээд, юуны түрүүнд Гаалийн холбоогоороо хэлэлцэх шаардлагатай гэсэн хариуг өгсөн байна. Мөн энэ асуудлаар Монголын талын ажлын хэсэг байгуулж, Гаалийн холбоотой хамтарч ажиллахыг санал болгожээ. ОХУ-ын санаачлан 2010 онд байгуулсан Евразийн Гаалийн холбоонд Беларусь, Казахстан улс багтдаг бөгөөд гаалийн тарифт өөрчлөлт оруулах асуудлыг тус холбоогоор оруулах шаардлагатай байдаг аж.
Манай улсын хувьд 1923 онд Оросын талтай Худалдааг өргөжүүлэх гэрээ байгуулснаас хойш 1990-ээд оныг хүртэл гаалийн хориггүй, багахан хэмжээний татвартайгаар мах, ноос ноолууран бүтээгдэхүүн, үслэг эдлэл, эсгий гутал зэрэг цөөнгүй төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортолж ирсэн бол 1990 онд Зөвлөлтийн эрхшээлээс гарах хүсэлт тавьсан даруйд Оросын тал татварын хэмжээгээ огцом нэмснээр хоёр талын худалдаа ёрөнхийдөө хумигдсан түүхтэй. Түүнээс хойш татвар бууруулах асуудлаар олонтаа ярьсан ч шийдэлгүй байсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Харин энэ удаад шийдэгдэх магадлал өндөр байгаа юм. Энэ талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Монгол-Оросын сайн хөршийн харилцааны 1991 оны тунхаг, 1993 оны гэрээнүүдэд зааснаар бол манай хоёр улсын хоорондын эдийн засгийн харилцаа нэн таатай нөхцөл гэдгээр явах ёстой юм. Нэн таатай нөхцөл гэдэгт гаалийн татвар 10 хувиас доош байхыг хэлдэг. Олон улсад ч тэгж ойлгодог, Сая Путин Ерөнхийлөгч цаашид нэн таатай нөхцөлөер харилцана гэдгээ хэлээд явлаа. Энэ нь бол гаалийн татвар 10 хувь, магадгүй түүнээс доош бууна гэсэн үг” гэж ярьсан байсан.
Гаалийн татварыг тэглэхгүй юм аа гэхэд 10 хувиас доош оруулна, бүр 2.5 хувь болгож магад гэсэн яриа ч яваад байгаа. Ямартай ч тэглэсэн, буурсан алин боловч манай улс өөрт ашигтайгаар эргүүлэх боломжтой. Ялангуяа ОХУ-ын зүгээс барууны орнуудын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортод хориг тавьсан, энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт өндөр байгаа үед тэр орон зайг ашиглах боломж нээлттэй байгаа гэсэн үг. Жишээ нь, мах, махан бүтээгдэхүүн, цаашлаад ажлын байр бий болгож, нэмүү өртөг шингээсэн бэлэн болон хагас боловсруулсан, лаазалсан бүтээгдэхүүн экспортлох боломж манайд бий. Харин ОХУ-ын хувьд Европын холбоо болон Австралиас жилд нийт 334 сая ам.доллараар үнэлэгдэх хэмжээний мах, АНУ-аас 84 сая ам.долларын бэлэн болон хагас боловсруулеай бүтээгдэхүүн авч байснаа хориг тавьсан. энэ хэмжээний зах зээлийн орон зай гарсан гэсэн үг. Махны тухайд манай улсын хувьд гаалийн татвараас гадна эрүүл ахуй, аюулгүй байдлын асуудал хамгийн том гацаа үүсгээд байгаа. Энэ асуудлаа гаалийн татварын асуудалтай уралдаж шийдвэрлэх шаардлагатай болж байна. Мөн Европын холбооноос жилд авч байсан 246 сая ам.долларын сүү, сүүн бүтээгдэхүүн, 192 сая ам.долларын цөцгийний импортод ч хориг тавьсан. Хүн амаасаа бараг 20 дахин олон малтай манай улсын хувьд сүү, сүүн бүтээгдэхүүний салбараа хөгжүүлж, экспорт хийх боломж бас л байгаа.
Дээр нь, нүүрсний хамгийн том зах зээлтэйгээ хаяа нийлэн оршиж байгаа шигээ экспортлох хамгийн боломжтой бүтээгдэхүүнүүд болох ноос, ноолуур, арьс шир, үслэг эдлэлийн гол зах зээлтэйгээ ч бас айл хөрш “суудаг” том давуу талтайгаа бид мартаж болохгүй. Учир нь, ОХУ, тэр дундаа Сибирь бол цаг уурын эрс тэс уур амьсгалтай гэдэг утгаараа арьс, үслэг эдлэл, ноос, ноолууран бүтээгдэхүүний хамгийн том зах зээлүүдийн нэг. “Канад, Скандиновын орнуудыг эс тооцвол сэрүүн бүсэд Орос гэж ганцхан том зах зээл бий. Монгол Улс энэ том зах зээлийг онилж, орон зайгаа эзлэхийн төлөө ажиллах ёстой. Бид ноосоороо ядаж л эсгий гутал, цамц, хөнжил, арьс ширээрээ нэхий дээл хийгээд экспортолбол илүү ашигтай” гэж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай ярилцлагадаа дурдсан байна. Монголын экспортын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж ч бас үүний бататган “Манайх 1990 оноос өмнө Орос руу маш олон бүтээгдэхүүн экспортолдог байсан. Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн, эсгий гутал, мах гаргадаг байсан. Эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авах хэрэгцээ Сибирийн зах зээлд хангалттай бий. Хамгийн гол нь Засгийн газар, яам агентлаг, хувийн хэвшлийн хооронд энэ асуудлаа ажил хэрэг болгох хэрэгтэй” гэж ярина лээ. Мэдээж энэ давуу талаа гаалийн татвар тэглэсэн, эсвэл буурсан тохиолдолд л эдлэх боломжтой. Тиймээс “ямааны мах халуун дээрээ” гэдэг шиг Ерөнхийлөгч Путинийг ам гарсан дээр нь гаалийн татварыг тэглэх, Монголын бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асуудлыг шийдчихвэл бидний өмнө маш том боломж хүлээж байна.
Б.НАРАНТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: