2015 оны эхэн үе гэхэд дэлхийн 1.5 сая хүн эболагаар өвчилнө
Үхлийн аюултай эбола вирусын тархалт Баруун Африкийн орнуудын хилээс гарч Европын орнуудад тархан дэлхий нийтийг түгшээж байна. Эбола вирусын талаарх мэдээллийг бид та бүхэнд шуурхай хүргэсээр байгаа билээ. Харин энэ удаад энэхүү вирусын талаарх цогц мэдээллийг тоймлон хүргэж байна.
ЭБОЛА ВИРУС ГЭЖ ЮУ ВЭ?
Эбола вирус анх 1976 онд Судан улсад болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Ямбуку гэдэг хоёр сууринд нэгэн зэрэг дэгджээ. Ямбуку суурин Эбола голын дэргэд байдаг учир өвчинд энэ нэрийг өгсөн байна. Тухайн үед Конго улсад эбола вирусын халдвар авсан нийт 318 хүн бүртгэгдсэнээс 280 хүн нь амь насаа алджээ. Мөн Судан улсад нийт 284 хүн өвдсөнөөс 151 хүн нас барсан байна.
Эбола вирусыг тээгч болон тараагч нь сарьсан багваахай, горилла сармагчин, гахай юм. Тэдэнд хазуулах болон тэдний биеэс ялгарсан шингэнээр дамжин халдвар хүний биед ордог аж. Нэгэнт хүнд халдсан бол хүнээс хүнд халдах нь маш амархан, үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй өвчин.
ЭБОЛА ОДООГООР 4000 ХҮНИЙ АМИЙГ АВЧ ОДЖЭЭ
ДЭМБ-аас хамгийн сүүлийн мэдээгээр энэ сарын 8-ны байдлаар 8105 хүн эбола вирусын халдвар авснаас 48 хувь нь буюу 3908 хүн нас баржээ. Халдвар Африкийн улс орнууд болох Гвиней, Либери, Сьерра-Леон, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Конго улсад тархаад байсан бол хүнээр дамжин нэмж, АНУ, Испанид албан ёсоор бүртгэгдлээ.
Баруун Африкийн орнуудад дэгдсэн вирусын халдвар Европ, Латин Америкийн улс орнуудад тархаж эхэлсэн нь дэлхийн улс орнуудыг халдвараас хамгаалах бэлэн байдалд шилжихийг сануулсан дохио болов.
Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сарын эхээр хийсэн эрдэмтдийн мэдээгээр “2015 оны эхэн үе гэхэд дэлхийн 1.5 сая хүн эболагаар өвчилнө” гэж урьдчилан таамаглажээ.
ЕВРОП, АНУ-Д ЭБОЛА ВИРУС ХАЛДВАРЛАСАН, НАС БАРСАН АНХНЫ ТОХИОЛДЛУУД БҮРТГЭГДЭВ
Эбола өвчний голомт нутагт ажиллаж байсан, зорчсон бусад улс орны иргэд энэ өвчний халдвар авсан, тус өвчний улмаас амиа алдсан тохиолдлууд гарлаа.
Мигель Пахарес, Мануэль Гарсиа Вьехо гэх Испанийн хоёр номлогч Баруун Африкийн Либери, Сьерра-Леоне улсуудаас эбола вирусын халдвар тээж иржээ. Тэднийг Испанийн Мадрид хотын эмнэлэгт эмчилж байсан бөгөөд аймшигт вирусын халдварыг гадагш алдахгүйн тулд Испанийн засгийн газар онцгой анхаарал хандуулж байсан билээ. Гэвч дээрх өвчтөнүүдийг асарч байсан сувилагч бүсгүй эболагаар өвчилсөн нь оношлогдов. Энэ нь эбола вирус баруун Африкаас өөр тивд халдварласан анхны тохиолдол юм. Дээрх хоёр номлогч өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр хорвоог орхилоо.
Үүнээс гадна АНУ-ын дөрвөн иргэн эболагийн халдвар авч, нэг нь амиа алджээ.
Либери улсад ажиллаж байсан америк эмч Рик Сакра, Кент Брэнтли болон Нэнси Райтбол нар эбола вирусын халдвар авч байсан бөгөөд эбола вирусын эсрэг Zmapp хэмээх туршилтын бэлдмэлийн ачаар эдгэрээд байна.
АНУ-ын Техас мужийн Даллас хотын оршин суугч 42 настай Томас Эрик Данкан өнгөрсөн есдүгээр сард Либерид амьдардаг эгчтэйгээ уулзаад ирэхдээ үхлийн аюултай эбола вирусын халдвар тээж иржээ. Түүнд тав хоногийн дараа эбола вирусын шинж тэмдэг илэрч, хэд хоногийн дараа буюу өнгөрсөн сарын 28-нд эмнэлэгт хүргэн тусгаарлаж байсан ч амиа алдлаа. АНУ-д эбола вирусаар хүн амиа алдсан анхны тохиолдол энэ юм.
Томас Эрик Данкан эболагаар өвчилсөн гэдгээ мэдээгүйн улмаас маш олон хүнтэй харьцаж, АНУ-д дор хаяж 100 хүнд эболагийн халдвар тараасан байх магадлал өндөр байгаа аж. Одоогийн байдлаар нэмж халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа боловч нас барсан өвчтөнтэй харьцаж байсан 48 хүнийг эмнэлгийн хяналтанд байлгаж байгаа гэнэ.
АНУ-ын Техас мужийн Даллас хотын сувилагч эбола вирусын халдвар авсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байсан. Түүний цусанд хийсэн шинжилгээгээр сувилагч эбола вирусын халдвар авсан нь тодорхой болсон хэмээн АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тус сувилагч эбола вирусаар өнгөрсөн долоо хоногт амиа алдсан Томас Дунканыг сувилж байжээ. АНУ-ын нутаг дэвсгэрт эбола вирусын халдвар гарсан анхны тохиолдол энэ юм.
Түүнчлэн эбола вирусын халдвар авсан Их Британийн иргэн, 29 настай Уильяма Пули гэгч залуу бүрэн эмчлэгдсэн гэж BBC мэдээлж байсан.
Уильяма Пулиг эмчлэхэд мөн Zmapp бэлдмэлийг ашиглаж, 10 хоног эмчилгээ хийжээ. Пули Эбола вирусын тархалт хамгийн их хувьтай байгаа Сьерра-Леон улсад сайн дурын сувилагчаар ажиллаж байжээ.
БЭЭЖИН ХОТЫН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛД ЭБОЛА ТАРХАХ МАГАДЛАЛ 97 ХУВЬ
Эбола вирус энэ сарын сүүл гэхэд Их Британи, Франц, Бельги улсад халдварлана хэмээн эрдэмтэд таамаглаж байна. Тэдний үзэж буйгаар эдгээр орнуудад нислэгээр эбола вирус тархах магадлал 75, 50, 40 хувьтай байгаа гэнэ. Мөн Испани, Швейцарь улс эбола вирус халдварлах аюулд өртөөд байгаа бөгөөд энэ нь 14 хувийг эзэлж байгаа юм.
Энэхүү судалгааг Бостоны их сургуулийн эрдэмтэд хийжээ. Эбола вирус тархалттай байгаа улсууд руу нислэгээ багасгасан тохиолдолд Франц, Их Британи халдварын боломжийг багасгаж болно. Тодруулбал нислэгийн тоог 80 хувиар багасгах юм бол магадлал 25, 15 хувь хүртэл буурна хэмээн судлаачид мэдээлжээ.
Германы Франкфуртын нисэх онгоцны буудал эбола вирус тархах магадлал 100 хувьтай
Мөн үүнтэй ижилхэн судалгааг Германы судлаачид гаргасан юм. Тодруулбал, Германы эрдэмтдийн үзэж буйгаар дэлхийн хамгийн том агаарын тээврийн компаниудын дунд эбола өвчний вирус авах магадлал Франкфуртын нисэх онгоцны буудлын үйлчлүүлэгчид гэнэ. Эрдэмтэд тахал тархах магадлалын загварыг гаргасан бөгөөд энэхүү судалгааг 3458 нисэх онгоцны буудал, агаарын 68620 мэдээлэл, 171 төрлийн онгоцны мэдээлэл дээр үндэслэн гаргажээ.
Германы Франкфуртын нисэх онгоцны буудал эбола вирус тархах магадлал 100 хувьтай гэж гарчээ. Учир нь Франкфуртын нисэх онгоцны буудал нь дэлхийн хамгийн завгүй олон улсын нисэх буудлуудын нэг. Тус жагсаалтын хоёрдугаар байранд Хятадын Бээжин хотын Бээжин Капитал олон улсын нисэх буудал 97 хувьтайгаар, Их Британийн Лондонгийн Хитроу нисэх буудал 92 хувьтайгаар, түүнчлэн Жон Кеннедигийн нэрэмжит Нью-Йорк хотод байрлах олон улсын нисэх 91 хувийн эрсдэлтэй гэжээ.
ЭБОЛАГИЙН ТАРХАЛТАД НӨЛӨӨЛЖ БАЙГАА ХҮЧИН ЗҮЙЛС?
• Эбола вирус хүний биед удаан хугацаагаар оршин тогтнохын тулд ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай байдаг нь энэхүү вирустай тэмцэхэд хүндрэл учруулж байна. Тиймээс эрдэмтэд вирусын шинэ төрөл бий болох, түүний эсрэг тэмцэлд бэлэн байх хэрэгтэй.
• Эмч нар өвчтнүүдийг эмчлэхээс гадна өвчтнүүдийн нийгмийн асуудлыг бас шийдэж байна. Тухайлбал эбола вирусын халдвар авсан хүмүүс нийгэмд биеэ хэрхэн авч явах, тэдгээрийн сэтгэл зүйг бэлтгэх зэрэг.
• Эбола вирусаар амиа алдаж буй хүмүүсийн тоо өсөж байгаа учир ихэнх хүмүүс гэрийн нөхцөлд эмчилгээ хийлгэхийг илүүд үзэн эмчид хандахаас татгалздаг. Энэ нь өвчний голомт газар авахад нөлөөлдөг юм.
• Олон нийтийн санаа бодол эмч нарын амь насанд аюул учруулж байна. Учир нь тус өвчний талаарх дутмаг ойлголт, айдсаас болж өвчтөнүүд эмч нарын эсрэг хүчирхийлэл хэрэглэх тохиолдол элбэг байна гэж ДЭМБ мэдээллээ.
ЭБОЛА ВИРУСЫН ЭСРЭГ ВАКЦИН ГАРГАХ ҮЙЛ ЯВЦ ЯМАР ШАТАНД БАЙГАА ВЭ?
Одоогийн байдлаар Эбола вирусын эсрэг ямар нэгэн эм тариа байхгүй. Зарим орон эмчилгээ хийх тал дээр өмнө нь нэлээд ажиллаж байсан ч, үүнд хугацаа шаардлагатай байжээ. Тухайн үед эбола вирус одоогийнх шигээ төдийлөн дэлхийг хамарч байгаагүй учир, энэ өвчний эсрэг вакциныг үйлдвэрлэхээр мэрийж байгаагүй. Үүний тод жишээ нь эболагийн эсрэг бэлдмэл гарган авахаар ажиллаж байсан компаниудын санхүүжилтийг АНУ-аас зогсоож байсан юм. Учир нь тарилгыг нээсний дараа эмийн компаниуд шинэ тарилга үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх нь эргэлзээтэй. Эболагийн халдвар хэзээ, хаана гарахыг ч таамаглах боломжгүй. Энэ нь эм үйлдвэрлэгчдийн хувьд ашиггүй гэсэн үг юм. Хэрэглэгчийн зах зээл нь жижиг учраас томоохон эмийн үйлдвэрүүд эбологийн тарилга үйлдвэрлэх сонирхолгүй байжээ.
Нэг талаас санхүүжилт зогсч, нөгөө талаас үйлдвэрлэгчид хойрго байсан нь эболаг дарах тарилгыг бүтээх ажилд саад болж байв.
Гэхдээ энэ вирус өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн Баруун Африкийн орнуудаар хүчтэй тархаж дэлхий нийтийг түгшээж эхэлснээс хойш эрдэмтэд эбола вирусын эсрэг вакциныг гарган авах ажилд шамдан ороод байгаа.
Канадын Tekmira Pharmaceuticals компани эбола вирусын эсрэг вакцин бүтээхээр хэдэн жилийн турш ажиллаж байна. Харин тус вакциныг хүн дээр турших зөвшөөрлийг АНУ-ын Эм, эмийн бүтээгдэхүүнийг зохицуулах хорооноос өнгөрсөн наймдугаар сард олгосон юм. Түүнчлэн АНУ-аас Канадын дээрх компанид санхүүжилт болгон 140 сая ам.доллар олгосон.
Эболагийн халдвар хэзээ, хаана гарахыг ч таамаглах боломжгүй. Энэ нь эм үйлдвэрлэгчдийн хувьд ашиггүй гэсэн үг юм. Хэрэглэгчийн зах зээл нь жижиг учраас томоохон эмийн үйлдвэрүүд эбологийн тарилга үйлдвэрлэх сонирхолгүй байжээ
НҮБ-ын мэргэжилтнүүдийн мэдээлснээр одоогийн байдлаар эбола вирустай тэмцэх гурван төрлийн вакциныг судалж байгаа гэнэ. Нэгдүгээрт, эболагаар өвчилсөн хүмүүсийн цуснаас гарган авсан вакцин. Хоёр дахь вакцинаар мичинд хийсэн туршилтаар эерэг үр дүн үзүүлсэн. Дараагийн вакцин нь эдгээрийн дотроос хамгийн боломжит гэж тооцогдож байгаа бөгөөд клиник судалгаа явагдаж, хүн дээр туршиж үзэх аж.
Энэ аюулт өвчинтэй тэмцэхэд дахин нэг дэвшил гарсан нь Оросын эрдэмтэд эболагийн вакцин гарган авсан явдал болов. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова “Оросын эмч нар Эбола вирусын эсрэг туршилтын вакцин бүтээсэн” гэж хэлсэн талаар РИА Новости мэдээллээ.
Түүнчлэн тус улсын ЭМЯ-ны Ивановын хүрээлэнгийн ажилтнууд Гвиней улсад очин судалгаа хийсэн бөгөөд өвчнийг өдөөгч, түүний шинж тэмдгийн талаар чухал мэдээлэлтэй иржээ. ОХУ-ын гарган авсан вакцины туршилт үргэлжилж байгаа аж.
Эбола вирусын эсрэг вакциныг ирэх 2015 он гэхэд гарган авна гэдэгт эрдэмтэд найдаж байгаа юм.
ЭБОЛА ВИРУС МОНГОЛД ТАРХАХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Дэлхий нийтийн аялал жуулчлалын нээлттэй сүлжээнд нэгдэн оршиж буй Монгол Улсад ч энэ вирусын халдвар хүнээр дамжин орж ирэхийг үгүйсгэхгүй. Манай улсын Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд энэ тал дээр анхаарал тавин ажиллаж эхэлжээ.
Уг халдвар тархсан орнуудаас манай улсад нэг сард 20-22 хүн ирдэг бөгөөд дийлэнх нь хэд хоноод буцдаг гэсэн судалгаа гарчээ. Иймд тус яамнаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрыг шаардлагатай мэдээллээр хангаж байгаа аж.
Мөн энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнгөрсөн сард мэдээлэл хийсэн.
Тэд энэхүү халдварт өвчнийг Монголд оруулж ирэхгүй байх талаар хил гаалийн байгууллагын ажилтнуудад зөвлөмж хүргүүлж тодорхой шалтгаангүйгээр халуурсан эрүүл мэндийн зовиуртай байгаа хүнийг гаалиар нэвтрүүлэхдээ шалтгааныг нь заавал тодруулж нэвтрүүлэх мөн эбола вирус тархсан орнуудад онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхааруулсан юм.
Мөн ХӨСҮТ-өөс эбола вирус тархсан улс орноос Монгол улсад хүрэлцэн ирсэн хүмүүсийг 21 хоногийн хугацаанд эмнэлэгийн хяналтанд байлгах шаардлага тавьж байгаа аж.
Хэрвээ энэ вирус манайд орж ирвэл ХӨСҮТ-өөс авах арга хэмжээ буюу эмнэлгийн тусламж, эм, тариаг бэлтгэсэн байгаа гэв.
ЭБОЛАД НЭРВЭГДСЭН УЛС ОРНУУДАД ҮЗҮҮЛСЭН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ
Баруун Африкт дэгдсэн эбола вирусын халдвар хяналтаас гарч, халдварын тархалт хурдацтай өсөж байгаатай холбогдуулан олон улсын зүгээс анхаарал хандуулж эхэллээ. Тухайлбал Японы Ерөнхий сайд Шинзо Абэ есдүгээр сарын сүүлээр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ 40 сая ам.долларын тусламж илгээнэ гэж хэлж байсан билээ.
Түүнчлэн Японы Засгийн газраас эбола вирусын тархалттай тэмцэхэд дахин 22 сая ам.долларыг хандивлах шийдвэр гаргасан хэмээн өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ. Ийнхүү Японы Засгийн газрын зүгээс вирусын халдвар тархсан бүс нутгуудад нийт 62 сая ам.долларын буцалтгүй тусламж илгээхээр боллоо.
Түүнчлэн Малайзын Засгийн газар Либери, Сьерра-Леоне, Гвиней, Нигери, Конго улсын эмнэлэгт 20 сая гаруй хамгаалалтын резинэн бээлий хандивлажээ.
“Microsoft” корпорацийн тэргүүн Билл Гейтс эбола вирустай тэмцэхэд зориулж 50 сая ам.доллар хандивласан байна.
АНУ эбола вирусын эсрэг тэмцэлд нийт 110 сая ам.доллар зарцуулав. Дэлхийн банкнаас Либери, Сьерра-Леоне, Гвиней зэрэг улсуудад 200 сая долларын зээл олгож, 60 сая долларын хөрөнгийг Африкийн хөгжлийн банкинд шилжүүлжээ.
Харин Их Британи улс 20 сая фунт-стерлингийг хандивласан байна. Ирэх есөн сарын хугацаанд вирустэй тэмцэх зорилгоор олон улсын 750 ажилтан, Баруун Африкийн орнуудын 12000 хүнийг дайчилжээ.
ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ:
• Халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг.
• Гэнэт өндөр халуурч эхлэх ба бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч дараа нь бөөлжих, суулгах, тууралт гарах зэрэг шинжүүд нэмэгдэнэ.
• Хүнд болон амь насанд аюултай үедээ цусархаг диатез илэрч, элэгний, бөөрний дутал, Төв мэдрэлийн системийн өөрчлөлт болон олон эрхтэн системийг хамарсан хүндрэлд хүргэнэ. Лабораторийн шинжилгээгээр цусны цагаан эс, тромбоцитийн тоо цөөрч, элэгний ферментүүдийн хэмжээ ихэснэ.
ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ:
• Өвчилсөн хүний гэмтсэн арьс салст, цус, шээс, бөөлжис, үрийн шингэн өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд харьцах замаар халдвар дамжина. Нас барсан өвчтнийг оршуулах үед эмгэнэж гашуудсан төрөл төрөгсөд нь бие махбодитой нь хүрэлцэх үед мөн халдвар дамждаг болох нь тогтоогдоод байна.
• Өвчин тусаад эдгэсэн хүний үрийн шингэнд вирус 7 долоо хоног (49 хоног) хүртэлх хугацаанд хадгалагдаж халдварлуулах боломжтой.
• Өвчтнийг хэвтүүлэн эмчлүүлж буй эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиж мөрдөөгүй тохиолдолд халдвар эмнэлгийн дотоод халдвар байдлаар дэгдэх аюултай.
ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Эбола вирусаас сэргийлэхийн тулд Баруун Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байх, зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхээс зайлсхийх, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, үхсэн болон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй байх, түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй байх, өвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлогдсон зүү тариур зэрэгт хүрэхгүй байх зэргийг сайтар анхаарах хэрэгтэй.
Үүнээс гадна дэгдэлт гарсан бүс нутгаас ирсэн зорчигчдын хувьд ирснээс хойш гурван долоо хоногийн дотор халуурах, ядрах сульдах, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах, арьсаар туурах, цус алдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд шууд ХӨСҮТ-д хандахыг зөвлөж байна.
agshin.mn
URL: