Ерөнхий сайд Үндсэн хуулийг зургаа дахь удаагаа зөрчлөө
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гаргасан алдаатай шийдвэрүүд өнгөрсөн хоёр жилийнхугацаанд зургаан удаа Үндсэн хуулийн Цэцэд дуудагдаж, рекорд амжилт тогтоогоод байгаа. Өнгөрсөн хугацаанд тэрбээр сонгуулиар намын сурталчилгаанд ажиллаж байсан, төрийн албанд тэнцэхгүй хүмүүсийг албан тушаалд хууль бусаар томилсон олон жишээ бий. Тодруулбал аймгийн Засаг дарга нарыг хууль бусаар томилж, түр орлон гүйцэтгэгч гэх хууль бус томилгоог хийсээр ирсэн. Түүний томилгоо жил дамжин, хууль хяналтын байгууллагуудад шалгагдсаар өнөөдөртэй золголоо. Тухайлбал, Төв аймаг, Хөвсгөл, Баянхонгор, Дорнод, Говьсүмбэр гэх мэт аймгуудын Засаг даргыг томилохдоо хууль зөрчсөн байдаг.
Эдгээрээс Говь-Сүмбэр аймгийн Засаг даргын асуудлыг онцолъё. Ерөнхий сайд өнгөрсөн оны аравдугаар сарын 9-ний 158 дугаар тогтоолоороо Л.Одсэрийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилсон. Гэвч энэ томилгоо хууль бус байсан гэдэг. Учир нь Говьсүмбэр аймгийн ИТХ 17 гишүүнтэй бөгөөд хуульд зааснаар төлөөлөгчийн бүрэн эрхтэй гишүүдийн илүү нь хуралдаанд байлцсанаар шийдвэр хүчин төгөлдөр болох учиртай.
Гэтэл Говьсүмбэр аймгийн ИТХ-ын хуралдаан АН-ын есөн гишүүнтэйгээр хуралдаж, Засаг даргаа томилж, энэ томилгоог нь Ерөнхий сайд шууд батламжилжээ. Л.Одсэрийг томилох тогтоолыг гаргасан хуралдааны ирц хуульд зааснаас дутуу байснаас гадна хуралдаанд оролцсон гэх есөн төлөөлөгчийн гурав нь ИТХ-ын төлөөлөгчөөр хууль бусаар сонгогдсон байсныг Улсын дээд шүүх тогтоон хүчингүйд тооцчихсон.
Өөрөөр хэлбэл Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор дээрх гурван хүн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон нь хууль зөрчсөн үйлдэл аж. Нэг ёсондоо хүчингүйд тооцогдсон эрх зүйн чадамжгүй этгээдүүд буюу хурлын төлөөлөгч биш хөндлөнгийн этгээдүүд ирц бүрдүүлэн оролцсон хүчин төгөлдөр бус хуралдааны тогтоолыг Н.Алтанхуяг батламжилсан гэсэн үг. Ингэснээр түүний захирамж хууль зүйн хувьд Үндсэн хуулийн70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, …төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, …үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг зөрчжээ.
Дараагийн асуудал нь Баянхонгор аймгийн Засаг дарга Дагвадоогийн Амарсанааг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Дамдинсүрэнгийн Жаргалсайханыг томилох шийдвэр 2012 оны арваннэгдүгээр сарын 30-нд гарсан байдаг. Энэ томилгоо нь хууль бус томилгоо болохыг аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг удаа дараалан анхааруулж байсан боловч ИТХ дахь АН-ын бүлэг олонхоороо хүч түрэн шийдвэрлэсэн.
Д.Жаргалсайхан нь аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх наад захын хамгийн ойлгомжтой шалгуур болох төрийн албанд гурван жил ажиллаагүй, төрийн ажлын туршлагагүй ч өөрийгөө төрийн албанд ажиллаж байсан эсэхийг тогтоолгохоор анх 2013 оны 12 сард Баянхонгор аймгийн сум дундын 3 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүх уг асуудлыг 2014 оны 04 сарын 03-ны өдөр хэлэлцсэн ч шүүх хуралдаанд Д.Жаргалсайхан өөрийн биеэр хүрэлцэн ирээгүй гэсэн үндэслэлээр асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж гомдлыг өөрт нь буцаасан тул Үндсэн хуулийн Цэц хэргийг сэргээсэн байна.
Гэтэл Д.Жаргалсайхан дахин цаг хожихоор 2014 оны 06 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн сум дундын 3 дугаар шүүхэд хүсэлт гаргажээ. Мөн хоёр ч удаагийн шүүх хуралд өөрийн биеэр оролцоогүй бөгөөд гомдол гаргасан нэхэмжлэх нь үндэслэлгүй байсан учраас 2014 оны 08 сарын 18-ны өдрийн 09.00 цагаас Баянхонгор аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд Хүсэлт гаргагч: Дамдинсүрэнгийн Жаргалсайханы ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцжээ.
Сум дундын 3 дугаар шүүхийн ШИЙДВЭР-ээс тоймлон хүргэвэл:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Жаргалсайханыг 2010 оны 12 сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсныг төрийн албанд ажиллаж байсанд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ” гэж заасан ба Д.Жаргалсайханы 2010-2013 онуудад ажиллаж байсан Баянхонгор аймгийн Ардчилсан намын орон тооны даргын ажил, алба нь төрийн албанд хамаарахгүй болно.
Д.Жаргалсайханы 2010-2013 онуудад Баянхонгор аймгийн Ардчилсан намын орон тооны даргаар ажиллаж байсан хугацааг 1995 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийг баримтлан төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул уг хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.
Дээрхи шүүхийн шийдвэрээс харахад Баянхонгор аймгийн ИТХ, дарга Д.Ширмэн болон ИТХ дахь АН-ын бүлэг төрийн албаны шалгуур хангаагүй Д.Жаргалсайхан гэгчийг аймгийн Засаг даргаар томилуулахаар олонхоороо хүч түрсэн буруу шийдвэрээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хууран мэхлэж хууль бус шийдвэр гаргуулсан нь тодорхой байна. Ийнхүү хууль бус Засаг дарга Д.Жаргалсайханы гаргасан шийдвэрүүд бүгд хууль бус шийдвэр байсан гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой болж байна.
Энэ асуудал явсаар Үндсэн хуулийн Цэцэд дахин очсон. Гэвч Цэц асуудлыг хэлэлцэхгүй удсан ч хуульд заасан хугацааны дагуу хэлэлцэхээс аргагүйд хүрч, тэр тусмаа Ерөнхий сайд буруутах нь ч тов тодорхой болоод иржээ. Тэгмэгц Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа “нутгийн дүү” Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Цэцийн хурлын шийдвэрээр та буруутах нь гээд дуулгачихсан бололтой юм. Учир нь 2014 оны аравдугаар сарын 15-нд 126 тоот захирамжаараа “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” Ерөнхий сайдын 2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны 80 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай” хэмээсэн байна. Өөрөөр хэлбэл Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Жаргалсайханыг томилсон минь буруу байжээ” гэсэн буултыг Цэцийн шийдвэр гарахаас өмнө хийлээ.
Гэвч энэ нь Ерөнхий сайд гэм буруугүй гэсэн үг биш. Тэрбээр бүтэн хоёр жил хууль бус шийдвэрээрээ Д.Жаргалсайханы оронд Д.Амарсанааг ажиллуулсан шүү дээ. Харин баригдахынхаа өмнө алдаагаа засчихаад “Би гэмгүй” гээд байвал Монголд гэмтэй хүн олдохгүй. Халаасны хулгайч хүртэл бусдын эд зүйлийг хулгайлж аваад ашиглаж хэрэглэж байгаад цагдаад баригдахаараа “Уучлаарай, буцаагаад өгчихье.Одоо би буруугүй” гэдэггүй биз дээ. Учир нь гэм хийсэн л бол хийсэн. Үйлдлээ цайруулсан эсэх нь өөр асуудал. Цаашид ч Ерөнхий сайдын алдаатай шийдвэрийн эсрэг гомдол гаргах бүрт Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргахаас өмнө Ерөнхий сайдаа хамгаалж урьдчилан мэдэгдэж шийдвэрийг нь засч залруулуулаад байх юм бол Ерөнхий сайд хэзээ ч буруутахгүй нь тодорхой байгаа биз.
Ингэж Үндсэн хуулийг удаа дараа зөрчдөг Ерөнхий сайдтай байх шаардлага байна уу. Ардчилсан парламентат оронд заавал ийм Ерөнхий сайдаар Үндсэн хуулийг удаа дараа зөрчүүлэн байж, алдаа нь илрэхийн өмнө амжиж бултуулан байж Гүйцэтгэх засаглалыг тэргүүлүүлэхээр тогтоон барих ноцтой шалтгаан байхгүй бол УИХ-ын гишүүд энэ асуудлыг онцгой анхааралдаа авч хариуцлага тооцож болохгүй гэж үү.
С.Чулуун
URL: