Ерөнхийлөгч түүхэнд анх удаа харь орноос иргэнийхээ амийг харамлалаа
Хатуу зөөлөн сүлэлдсэн энэ орчлонд монголчууд дэндүү цөөхүүлээ. Тиймээс бид хорогдох эрхгүй ард түмэн. Дэлхийн зургаан тэрбум гаруй хүнийг багц шагайтай зүйрлэвэл тоотойхон буудаг дөрвөн бэрх гэмээр Монголчуудын зарим нь сурч, хөдөлмөрлөхөөр харийг зорьж, бууриа сахин үлдэгсдийн цөөнгүй нь бусдын гарт амь үрэгдэж, өөрийгөө егүүтгэн цаг бусаар хорвоог орхисоор байна.
Дээрээс нь манай улс гэмт хэрэг үйлдсэн хүнд төрөөс ногдуулж буй ялын дээд хэмжээгээ цаазаар гүйцэлдүүлдэг. Энэ нь Монгол хүний амь нас харьд төдийгүй эх орондоо ч үнэ цэнэгүй буйн илрэл. Түүнчлэн сүүлийн жилүүдэд монголчууд хилийн чанадад гэмт хэрэгт холбогдох нь ихсэв.
Зөвхөн урд хөршид гэхэд манай улсын 30 гаруй иргэн ял эдэлж байна. Түүгээр ч барахгүй Монгол Улсын иргэн Ж.Дамдин БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлсэн хэргээр Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны дунд шатны шүүхээс цаазаар авах ял сонсоод байгаа билээ. Тэрээр эдүгээгээс гурван жилийн өмнө Дундад Азиас БНХАУ руу 2020 грамм героин нэвтрүүлсэн болохыг тус улсын хууль хяналтын байгууллага илрүүлсэн юм.
Ж.Дамдин хэдийгээр давж заалдах шатны шүүхэд хандсан ч Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ардын дээд шүүх ялыг хэвээр үлдээсэн билээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юи Хуняог өнгөрсөн даваа гаригт хүлээн авч уулзан БНХАУ-ын дарга Ху Жинтаод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээж буй захидлыг уламжлав.
Уг захидалд “Монгол Улсын иргэн Ж.Дамдинд оноосон цаазаар авах ялыг дахин нягтлан үзэж, түүний амийг уучилж өгөхийг Эрхэмсэг ноён дарга танаас хичээнгүйлэн хүсэж байна. Эрхэмсэг ноён дарга та миний хүсэлтийг нягтлан үзнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэхийн ялдамд, танд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ. Элчин сайд Юи Хуняо захидлыг улсынхаа даргад шуурхай уламжлахаа мэдэгдэж, нааштайгаар хүлээн авсан.
Энэ бол Монгол Улсын төрийн тэргүүн түүхэнд анх удаа харгис хуультай социалист орноос иргэнийхээ амь насыг хэлтрүүлэхийг гуйсан тохиолдол болов. Тиймдээ ч Ж.Дамдины гэр бүлийнхэн Ерөнхийлөгчид сэтгэлийн их өртэй үлдлээ хэмээсэн. Урд нь Монгол хүн гадаад амиа алдаж, ямар ч ял шийтгэл үүрсэн бай холбогдох албан тушаалтнууд нүдэн балай чих нь дүлий байж бусад орнуудаас эмээж үг дуугарсан удаагүй. Бүгдийг тухайн улсын тааллаар болгодог байлаа. Монголын төр хойд хөршөөсөө айхын эрхэнд 1937 онд хэдэн мянган сэхээтнээ буудсан гашуун түүх ч бий.
Харин энэхүү “хөлдүү” уламжлалыг Монгол Улсын ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эвдэж “үр хүүхдээ” харийн орны харгис хууль тогтоолоос хэлтрүүлэхээр анх удаагаа дуугарч чадлаа. Хэдийгээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд ялтан солилцох гэрээ байдаггүй ч манай тал тус улстай ялтан шилжүүлэх хэлэлцээр хийхээр хоёр талаас байгуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм билээ.
Тэгээд ч манай улс Үндсэн хуулиндаа хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулна хэмээн заасан. Энэ ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар манай улс энэ онд цаазаар авах ялаас түр хугацаанд түтгэлзээд байгаа. Айлын ганц хүүг алж болохгүй, яаж ч болдоггүй гэдэг шиг цөөн хүн амтай манай улс нэг хүний амийг нөгөөгөөр сольж боломгүй.
Манай улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн. Харин НҮБ цаазаар авах ялыг дэмждэггүй. Энэ ялаас гишүүн орнуудаа татгалзахыг уриалдаг. Эдүгээ дэлхийн 60 орчим улс цаазлах ялыг хүчингүй болгожээ. Эдгээр улсын иргэд уг ялыг хуульчилсан аллага гэж үздэг байна. Түүнчлэн 26 орон ийм хуулийн заалттай боловч иргэдээ цаазалдаггүй аж.
Мөн 15 улс онцгой тохиолдолд уг ялыг хэрэглэдэг. Харин 90 гаруй орон цаазын ялыг гүйцэтгэдэг байна. Ямартаа ч Ерөнхийлөгчийн энэхүү үйлдэл харьд гэмт хэрэгт холбогдон шийтгэгдэж үнсэнд хаясан шалз шиг хоцорсон Монгол хэмээх данстай иргэдэд, ард чинь өмгөөлж хаацайлах эх орон бий гэх итгэл өгөх нь дамжиггүй.
Т.Сэлэнгэ
URL: