Засгийн газрыг мөнгийг засгийн газарт хүүтэй зээлдэг хөгжлийн банкны хэрэг байна уу?

6c5171f042c6fbfeoriginalӨнгөрөгч долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат УИХ-ын дарга З.Энхболдоос “юугаа ч ойлгоогүй нөхөр тууж явж байна” гэсэн зэмлэлийг хүртээд авсан. Ингэсэн шалтгаан нь Чингис Бондын хөрөнгөнөөс 227 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас худалдан авахад зарцуулсан тухай асуудал юм.  Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат “Хөгжлийн банкны өөрийн татан төвлөрүүлсэн хөрөнгөнөөс 227 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан” гэж хүлээн зөвшөөрөв. Харин хуулиар хөгжлийн банкинд бонд худалдаж авах эрх олгогдоогүй гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд сануулж, УИХ-ын гишүүд ч Хөгжлийн банкинд шалгалт оруулах асуудлыг хөндөж тавих боллоо. Засгийн газар цалин тэтгэвэрээ хугацаанд нь тавьж чадахгүй тохиолдолд мөн төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор богино хугацаатай үнэт цаас гаргадаг. Түүнийг арилжааны банкууд худалдаж авдаг жишиг бий. Харин хөгжлийн банк бол хуулиараа Монгол Улсын эдийн засагт томоохон түлхэц үзүүлэхүйц төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт босгох үүрэгтэй байгууллага. Гэтэл Монгол Улсын эдийн засагт түлхэц үзүүлэхүйц төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй Хөгжлийн банк маань арилжааны банкны шинжтэй үйл ажиллагаа явуулж Засгийн газрын бондын хүүгээр ашигтай ажиллаж байна гэх хачирхалтай тайлбарыг хэлж суух боллоо. Тэр ч бүү хэл МАН-ынхан “Чингис бондын хөрөнгөөр цалин, тэтгэвэр тавьсан байна” гэх хардлагад тун сонирхолтой хариултыг хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат өгөөд байна.

Тэрээр хариуцлагатай мэдэгдье гэж ирээд л “Чингис бондын хөрөнгийн эх үүсвэрээр Засгийн газар үнэт цаас худалдан аваагүй. Хөгжлийн банк өөрийн татан төвлөрүүлсэн эх үүсвэрээ л Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан” гэж мэдэгдлээ.  Өөрийнх нь тайлбарлаж байгаагаар Чингис бонд бол Засгийн газрын бонд, Харин самурай бонд, БНХАУ-аас зээлсэн 112 сая ам.долларын зээл бол Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн хөрөнгө юм гэнэ. Тэгэхээр Чингис бондын хөрөнгөөр төсвийн алдагдлыг бууруулаагүй байг гэхэд Самурай бондын хөрөнгөнөөс цалин тэтгэвэр тавьчихсан нь тодорхой болж байна. Ялгаагүй л улсынхаа нэрийг барьж бадарчилсан мөнгөөрөө алдагдлаа нөхөж байгаа хэрэг. Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толинд  өр гэж “ор төлөөс үнэ өртгийг өгөөгүй авсан юм, бусдад өгөх өглөгийг”хэлнэ гэжээ. Харин хөрөнгө гэж хуримтлагдсан зүйлийг ойлгоно. Гэтэл манай Хөгжлийн банкны захирлын үзэж байгаагаар эргэн төлөх нөхцөлтэй бонд нь татан төвлөрүүлсэн хөрөнгө юм байх.

Мөн тэрээр Засгийн газрын өрийн бичгийг худалдан авсныгаа Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан. Төсвийн алдагдал нөхөж, цалин тэтгэвэр тавьсан зүйл байхгүй гэж тайлбарлаж байна. Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөх, цалин тэтгэвэр тавих л зорилгоор өрийн бичиг гаргадаг гэдгийг хэн хүнгүй мэдэх болсон байхад мань хүн үг, нэр томьёоллыг өөрчлөөд хуураад өнгөрчихөж болно гэж бодсон бололтой.

Хуулиараа хөрөнгийн үлдэгдлийг зохистой захиран зарцуулах эрх хөгжлийн банкны захиралд бий. Тэр хүрээндээ арга хэмжээ авсан гэж мөн өөрийгөө зөвтгөөд байгаа. Монгол Улсад санхүүжилтээ хүлээсэн олон зуун төсөл хөтөлбөрүүд бий, адагдлаад л хөгжлийн банк төмөр замын төсөлд санхүүжилт олох үүрэгтэй. Гэтэл тэр том төслүүддээ хөрөнгө оруулалт хийхгүйгээр засгийн газрын бондыг худалдан авч байгааг зохистой захиран зарцуулалт гэж хэлэх үндэс бий юу?

Хөгжлийн банк бол өргөн утгаараа Монгол Улсын Засгийн газар. Улс орны Засгийн газрууд эдийн засагт томоохон нөлөөтэй төсөл хөтөлбөрүүддээ баталгаа гаргаж, түүнийг нь удирдан зохион байгуулж, хөрөнгө санхүү босгодог бүтэц нь хөгжлийн банк. Эргээд олон улсад хариуцлагыг нь тухайн орны хөгжлийн банкнаас биш, Засгийн газраас нэхдэг. Хөгжлийн банкны бүх хөрөнгө өргөн утгаараа Засгийн газрын хөрөнгө.  Үүнийг л сануулж УИХ-ын дарга З.Энхболд “Танай байгууллага банк биш шүү” гэдгийг сануулсан хэрэг.

Монгол Улсын хөгжлийн банк Чингис, Самурай болон бусад бүх бондын зарцуулалтыг хариуцаж байгаа. Үүнээсээ 227 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдаж авсан бол тэр эх үүсвэр нь аль бондынх байх нь ялгаагүй. Үр дүн нь нэг л гарна. Гэтэл манай хөгжлийн банк Засгийн газрынхаа баталгаагаар олж ирсэн зээлээ Засгийн газартаа хүүтэй эргүүлж зээлж “ингэж л ашиг олдог байхгүй юу” гэсэн шигээ сууж байх юм.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих