МАН-ЫН генсек Ж.Мөнхбат хүнд бэртжээ
Улс төр бужигнасан намрын халуун өдрүүдийн хамгийн том дуулиан Eрөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудал болоод байна. Тэгвэл энэхүү дуулиан үүсэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүнээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тодроод буй.
Тэрбээр өмнөх долоо хоногт болсон намын бүлгийн хурал дээрээ Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг уриалан зүтгүүлж, зарим гишүүдтэйгээ ам муруйн шахаж байж бүлгийн шийдвэр гаргуулж дөнгөсөн. Шаварт унасан шарын эзэн маань огцруулах бичиг барин гүйж Ж.Батзандан, Л.Цог хоёроор гарын үсэг зуруулснаар Ардын нам хорин найман гишүүний гарын үсэгтэй болж чаджээ.
Ж.Мөнхбатын авч ирсэн бичигт гарын үсэг зурснаараа намынхаа удирдлагуудад адлагдаж, намаасаа хөөгдөх дээрээ тулаад байсан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг дэмжих улстөрийн давалгаа харин Хотын дарга Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн М.Зоригт нараар эхэлж Р.Амаржаргалаар буухиалан өдөр ирэх тусам улам бүр хүчээ авч байна.
Харин улстөр дэх эрчилсэн давалгааг эхлүүлсэн эрхэм генсек өнгөрсөн амралтын өдөр хөлөө хугалж, шөрмөсөө тасалснаар эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээллийг ойрын эх сурвалж өгч байна. Эрдэнэт хотод болсон МАН-ын Хангайн бүсийн найман аймгийн чуулга уулзалт, зөвлөлгөөний үеэр зохиогдсон сагс, гар бөмбөгийн тэмцээн дээр тэрбээр ийн гэмтсэн гэнэ.
Түүнийг дунд сургууль, оюутан байхаасаа л чөлөөт бөхийн улсын аваргад оролцож, сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байсан шаггүй тамирчин гэдэг. Улстөр ид бужигнаж, Ерөнхий сайдыг огцруулах гэж буй энэ үед намынхаа гал тогоог удирддаг залуу даргаа явж чадахгүй болсонд Ардын намынхан тун ч их харамсаж байгаа сурагтай.
Харин залуу генсек алхаж чадахгүй тэргэнцэр дээр түрүүлж явахдаа нөхөддөө “унаагаа юүлээд удахгүй ирнээ” хэмээн хошигнож, хагалгаа хийлгэчихээд маргааш нь ажилдаа орно гэж байгаа юм байна.
Түүний ийнхүү хүндээр бэртсэнийг нь, “хар хэл ам хөл ороодог” гэхчлэн хэн нэгнээс шидсэн хараал жатга ч байж магадгүй гэх сэжиг, сүжгийн жиг жуг дагуулж байна. Юутай ч Ардын намын гол бодлогыг гардан удирддаг эрхэм генсект хурдан эдгээрэй, залуу хүн ажрахгүй ээ хэмээн сэтгэлийн дэм өгье.
С.Анхбаяр
URL: