Ш.Төмөрбаатар дарга иргэний газрыг булааж, дүү Ш.Түвдэндорждоо өгчээ
Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар төрсөн дүү болох ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржид иргэн Н.Жаргал гэх хүний газрыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хууль бусаар өгчээ.
Ийн хэлэхийн учир нь иргэн Н.Жаргал өнгөрсөн зун Сүхбаатар дүүргийн “Хуурай мухар” зуслангийн газрыг нэгэн иргэнээс худалдан авчээ. Гэтэл түүний худалдаж авсан зуслангийн газрыг Ш.Түвдэндорж сайд ахынхаа албан тушаалыг ашиглан эздэд нь мэдэгдэлгүйгээр энэ сарын 13-ны өдөр цагдаа хүчнийхний тусламжтайгаар байшинг нь нурааж, газрыг нь өөрийн болгон авчээ.
Газар болон байшингаа сайдад алдсан Н.Жаргал холбогдох газрууд болон Хотын дарга Э.Бат-Үүлд хандаад ч тусыг эс олсон байна. Тодруулбал Н.Жаргал байшингаа нураалгахаасаа өмнө өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр болсон үйл явдлын талаар тодорхой дурьдаж, Хотын даргад “Нэр бүхий албан тушаалтнууд иргэн намайг хохироож байна” хэмээн гомдол гаргасан аж.
Гэтэл Э.Бат-Үүл иргэн Н.Жаргалд гомдлын хариуг нь 68 хоногийн дараа гардуулан өгсөн аж.
Ингээд Хотын даргаас тусламж хүсээд тусыг эс олсон тэрбээр аргагүйн эрхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид энэ сарын 17-ны өдөр захидал хаяглан хүргүүлжээ. Хамгийн гол нь иргэн Н.Жаргалын газрыг сайдад өгөхөд гар бие оролцсон хүмүүс нь бүгд эрх мэдэл бүхий төрийн албан хаагчид байгаа юм.
Ер нь газрын албаны байцаагчдыг албан тушаалаа ашиглан бусдын эдлэн газрыг хууль бусаар булаан авдаг гэж ярьдаг нь үнэн.
Энэ удаа Н.Жаргалын газрыг булааж авахад нь сайдад гүн тусалцаа үзүүлсэн хүн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан аж. Учир нь эрх мэдлийнхээ хүрээнд асуудлыг шийддэг Засаг дарга Н.Жаргалын худалдаж авсан газрыг сайдад өгөхийн тулд 2013 оны газрын төлбөр төлөөгүй гэсэн шалтгаанаар түүний 5х7 хэмжээтэй амины байшин болон газар эзэмших эрхийг эзэнд нь хэлэлгүй цуцалжээ.
Уг нь хууль журмын дагуу бол газар эзэмших эрхийг нь цуцалсан тухай эзэн холбогдогчид заавал дуулгах ёстой.
Гэтэл Засаг дарга Д.Бадарсан энэ бүхнийг үл огоорч төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхэмд энэ мэтээр тал засч байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй гэдгээ харуулсан хэрэг гэж газраа алдсан иргэн үзэж буй юм.
Түүнчлэн Бадарсан дарга Н.Жаргалын газар эзэмших эрхийг нь цуцалсан хэрнээ энэ тухайгаа газрын кадастарын бүртгэл, хувийн хэрэгт нь тэмдэглэлгүй орхисон байсныг Н.Жаргал олж мэджээ. Хамгийн хачирхалтай нь иргэн Н.Жаргал уг газрыг байшингийнх нь хамт худалдаж авахдаа бүх зүйлийг хууль журмынх нь дагуу хийж өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан байдаг байна. Түүний авсан газрыг Д.Бадарсан дарга тухайн үед захирамж гарган баталгаажуулсан байхад нь газрын албаных нь нөхдүүд бүтэн хоёр сар гаруй хугацаанд хав дарсан байжээ.
Гэхдээ хамгийн гол нь газрын асуудлыг бүхэлд нь хариуцах эрх мэдэлтэн нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар болохоор албатуудаа хөдөлгөж үнэхээр сайд дүүдээ иргэн Н.Жаргалын газрыг хүчээр аваад өгчээ гэж хардахаас өөр аргагүй байгаа юм.
Н.Жаргал: Ерөнхийлөгчөө, дээрэмчдэд хариуцлага тооцож өгөөч
Ингээд Н.Жаргалын өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бичсэн захидлаас нь иш татъя.
Тэрбээр “Энэ оны зургаадугаар сарын 22-ны өдөр манай хөрш болох дөнгөж сайдаар томилогдоод байсан Ш.Түвдэндорж баахан хүмүүстэй зуслан дээрээ ирснээр миний зуслангийн газар, худалдаж авсан өмч, хувийн орон сууцыг минь дээрэмдэх үйлдэл эхэлсэн болно. Түүний ах Ш.Төмөрбаатар /одоо Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга хийдэг/-ын тушаалаар амралтын өдөр СБД-ийн газрын албаны байцаагч Билэгсайхан, Бямбажаргал нарын хүмүүс ирж миний хийж байсан засварын ажлыг шаардах хуудсаар зогсоосон.
Маргааш нь тус дүүргийн газрын албаны дарга Мөнхбаатар болон дээрх хоёр хүн хэлэхдээ Ш.Түвдэндорж сайд энэ зуслангийн газрыг надад зарсан хүнээс авах ёстой байсан.
Тиймээс өнгөрсөн оны газрын төлбөр төлөөгүй гэсэн шалтгаанаар, хэдийгээр иргэний хувийн өмчийн амины орон сууц байсаар байтал хууль далайлган газар эзэмших эрхийг нь СБД-ийн Засаг дарга Бадарсангаар цуцлуулаад энэ тухай эзэнд нь хэлэлгүй хав дарсан байна.
Гэтэл захиалагч эзэн Ш.Түвдэндорж зуслан дээрээ ирснээр бүх хэрэг мандаж СБД ба газрын албаны бэртэгчин этгүүдүүд буюу газрын албаны дарга Т.Мөнхбаатар, байцаагч Бямбажаргал нар миний нэр дээр гарсан захирамжийг надаас нууж, намайг элдвээр хуурч төөрөгдүүлэх, дарамт шахалт үзүүлэх зэргээр миний эрх ашгийг хөндсөн тул би Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандсан боловч бас л эдгээр хүмүүсийн урт гар, нийтийн албаны бэртэгчин этгээдүүдийн оролцоотойгоор миний гомдлын хариуг 68 хоногийн дараа өгсөн нэр зүүж аргацаалаа.
Энэ хооронд Мөнхбаатар, Бямбажаргал нар үгсэн хуйвалдаж, надад зуслангийн өөр газар олгоё, чи энэ байшингаа буулгаж аваад тэндээ барьчих, биднийг дарга /Ш.Төмөрбаатар, түүний дүү Ш.Түвдэндорж/ нар дарамталж алах гээд байна. Чи ажлаа түр хойшлуул тохиролцоё, бидний буруу гэх зэргээр намайг хуурч байгаад өнгөрсөн 13-ны өдөр миний хувийн өмч болох зуслангийн мансарттай байшинг надад мэдэгдэлгүйгээр, цагдаагийн хамгаалалтын дор хүчээр алга болголоо.
Ардчиллын арьс нөмөрсөн эдгээр хуульгүй этгээдүүдийн золиос болж ардчиллын амин сүнс болсон хувийн өмчөө, нийтийн албан хаагчид ба цагдаагийн албан хаагчдаар хулгайгаар, бүр шүүхийн шийдвэргүйгээр хүчээр алга болгуулж, нураалгуулж сүйтгүүлсэндээ маш их харамсаж, нэг үгээр бол хэлэх муу үг үл олдоно.
Таныг шударга үнэнийг дээдэлдэг Ерөнхийлөгч гэж үздэг учраас энэхүү захиаг бичсэн.
Хэрэв зээ эдгээр хуульгүй дээрэмчдэд зохих хуулийн хариуцлагыг тооцохгүй бол зуслангийн газартай түүн дээрээ зуслангийн байшин барьж амьдарч байгаа хэрнээ, ямар нэгэн байдлаар зуслангийнхаа газрын төлбөрийг төлөөгүй, миний адил олон мянган жирийн иргэдийн өмчийг энэ мэтээр дурын албан тушаалтан хүчээр алга болгох боломж байсаар байгааг танд дахин, дахин сануулах нь илүүц байх.
Таныг энэ хэрэгт анхаарлаа хандуулж, буруутай этгээдүүдэд өөрийн эрх хэмжээний хүрээнд хариуцлага тооцох эсвэл шаардлага тавина гэдэгт гүнээ найдаж байна” гэх утга бүхий нэлээд ноцтой гэмээр гомдлыг Н.Жаргал Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.
Уг нь Н.Жаргал зуслангийн сайхан байшинтай болохыг мөрөөдөж явсаар сая л нэг дээрх зуслангийн газрыг худалдаж авчээ.
Тэрбээр уг газрыг ном журмынх нь дагуу худалдан авч СБД-ийн өмч газрын харилцааны албанд бүртгүүлж эхнэр хүүхдүүдээ наадмаас өмнө зусланд гаргачих санаатай, байшингийнхаа засварын ажлыг эхлүүлсэн ч эрх мэдэлтнүүдийн балгаар ийнхүү газраа дээрэмдүүлж байшингаа нураалгуулжээ.
Билэгсайхан: Өө нөгөө Жаргал уу, би байрыг нь буулгахад л байсан шүү дээ
Бид энэ талаарх мэдээллийг нягтлах, мөн болсон үйл явдлыг тэнцвэртэй байлгах үүднээс СБД-ийн газрын албаны дарга Т.Мөнхбаатартай уулзахыг хүссэн боловч түүнийг гадуур ажилтай яваа хэмээн ажилчид нь хэлсэн юм.
Ингээд иргэн Н.Жаргалын гомдолд нэр дурьдагдсан газрын албаны мэргэжилтэн Билэгсайхантай уулзахад “Өө нөгөө Н.Жаргал уу ёстой ядаргаатай юм” гэх ганц хоёрхон үг хэлээд бушуухан өрөөндөө орж, хаалгаа хаасан юм. Тэрбээр “Хариуцсан хүн нь би биш. Бямбажаргал шүү дээ. Тэр одоогоор алга байна. Би тухайн үед Н.Жаргалын байрыг нь буулгахад л байсан” хэмээсэн юм.
Тэгэхээр эдгээр албан хаагчдыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар дарга тушаал заавар өгч иргэний газрыг дээрэмдэж авсан гэдэг нь харагдаж буй юм. Үүнийг нотлохын тулд Ш.Төмөрбаатар даргатай уулзахаар түүнийг зориход бас л хоосон хаалга мөргөж, энэхүү мэдээллийг өгөх хүн олдсонгүй.
Гэхдээ иргэн Н.Жаргалын зуслангийн газрыг СБД-ийн газрын албаны нэр бүхий хүмүүс буулгасан болох нь тодорхой болсон юм. Бид дараагийн дугаартаа эрх мэдэлтнүүдэд газраа алдсан гэх энэхүү асуудлыг сурвалжилж хүргэх болно.
Р.Саруул
URL: