Нийтийн тээврийнхэн хэзээ соёлтой үйлчилж сурах юм бол доо
Иргэдээс нийслэлийн нийтийн тээвэртэй холбоотой санал гомдол 11.11 төвд нэлээд их ирдэг байна. Тухайлбал, том оврын автобус чиглэлээ өөрчилж байна, тасалбаргүй мөнгө хураадаг, хурд хэтрүүлдэг, буудал дээрээ зогсохгүй байна, жолооч нь байнга утсаар ярьж, тамхи татдаг, орой цагаасаа эрт буудаг, кондуктор нь зорчигчтой зүй бус харилцаж байна гэх гомдол тасардаггүй гэнэ. Нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэд өдөр бүр ийм асуудалтай нүүр тулдаг. Жишээлбэл, М:55 буюу Зайсан-Баянмонгол хороолол-Хархорин зах гэсэн чиглэлийн автобус замынхаа дундаас зорчигчоо байнга буулгадаг. Хэдхэн хоногийн өмнө уг автобус 19.00 цагийн үед Зайсангаас Хархорин чиглэлд явж байхдаа зорчигчдыг “Тэнгис” кино театрын буудал дээр буулгаж, дараагийн автобусанд суухыг шаардсан юм. Гэтэл М:6 чиглэлийн автобусны кондуктор “Манай шугамных биш” гээд зорчигчдыг авахаас татгалзсан. Дахин цааш явахдаа Х хорооллын буудал дээр очоод “Хойд талын автобусанд суу. Кондукторт нь хэлсэн” гээд зорчигчдыг түлхэх нь шахуу хөөж буулгав. Гэсэн ч нөгөө автобус нь дахиад л авсангүй. Ингэж зорчигчдыг хоёр дахин буулгаж, эцэст нь суух автобусгүй болгов.
Ийм зүйл өдөр бүр давтагдсаар л байдаг. Зарим иргэн үүнийг хэвийн үзэгдэл мэтээр хүлээж авдаг. Харин зарим нь бухимдсандаа “Та нар дандаа ингэх юм. Хоёр дамжих автобусын мөнгө алга. Хэлдэг газар чинь хэлнэ шүү” гэх зэргээр эсэргүүцэхээс цааш хэтрэхгүй. Мөнгөө төлсөн зорчигчдыг очих ёстой газарт нь аюулгүй хүргэх нь нийтийн тээврийнхний эрхэм зорилго баймаар. Харин Нийслэлийн нийтийн тээврийн удирдлагууд үүнд “Нийтийн тээврийн үйлчилгээ өдөр бүр сайжирч байна. Том оврын автобус цагийн хуваарийн дагуу чиглэл чиглэлээрээ явдаг. Автомашины түгжрэлээс шалтгаалан цагаасаа түр хоцрох тохиолдол гардаг. Үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн гомдол гарвал манайд мэдээлж болно” гэсэн хариултыг өгдөг. Энэ бол иргэдийг аргацааж, тайвшруулсан хариулт. Учир нь, үүргээ үл ухамсарлаж, эрхээ хэтрүүлэн алдаа гаргаж буй кондуктор, жолоочид хариуцлага тооцдоггүйгээс дээрх байдал өдөр бүр давтагдсаар байгаа бололтой. Нийтийн тээврийнхэн хэзээ нэг соёлтой боловсон үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм бол доо.
С.Юмсүрэн
URL: