Ц.Шинэбаяр МАН-тай бус С.Баяртай “тооцоотой” гэнэ

МАХН нэрээ авч Н.Энхбаяр луу шуурах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн гэнэ.  Үүний хамт намын нэрийг авахын тулд нойр хоолгүй зүтгэсэн Ц.Шинэбаяр гишүүн дэд даргын албан тушаалаа сайн дураараа өгч улс төрийн оноо авах зорилготой тоглолт хийлээ.  Өдгөө олон нийт түүнийг “албан тушаал бус харин намын төлөө зүтгэдэг сайн хүн байна шүү” хэмээн магтах биз.  Нэгэн үе гадуурхагдаж байсан ч Ц.Шинэбаяр шиг чухал хүн саарал ордонд лав алга. Урт нэртэй хуулийн дуулиан  болон шатахууны хомсдол үүсэж нэр бүхий сайд нарыг огцруулах асуудал тавьсан гишүүд мань эрийг талдаа оруулах гэж өрсөлдөж гарсан.  Урьд нь уулзаж ярихаас зайлсхийдэг байсан МАН-ыхан хүртэл Ц.Шинэбаяртай цаг хайхралгүй шивнэлдэх болсон.  МАН-ын генсекийн  сөрөг хүчин болох Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир нар Ц.Шинэбаяртай гурван цаг гаруй ярилцсан нь саарал ордны хов живэнд дурлагчдын гол сэдэв болоод байна. Тэд чухам ямар тохироо хийсэн нь нууцлаг боловч Ц.Шинэбаяр өөрийгөө У.Хүрэлсүхийн цоллоод байгаа шиг “МАН-ын заналт дайсан” биш гэдгээ баталсан гэнэ. Тэрээр “МАН-ын олон мянган шударга гишүүнтэй ямар ч асуудал байхгүй харин С.Баяр тэргүүтэй хэдэн нөхөдтэй тооцоотой” гэдгээ хэлжээ.  Ц.Шинэбаяр гишүүн УИХ-ын сонгуульд хоёр унаад гуравдахь удаад арай гэж гарч ирсэн.  Урьд нь ингэж олон удаа өвдөг шороодож байсны шалтгаан нь тухайн үед нам тэргүүлж байсан С.Баяр нартай холбоотой гэнэ.  С.Баяр л дээрээс “Шинэбаярыг унага, оронд нь Зоригтыг гарга” гэж зарлигддаг байжээ.  Ингээд намын даргынхаа “туслалцаатайгаар” сонгуульд ялагдаж хаширсан тул 2008 оны сонгуульд саналын хайрцагаа давхар давхар лацдаж бараг л манаж хонохдоо тулж  байж арай гэж гарсан зовлонгоо уйлах шахан ярьсан гэнэ.  Дээр нь С.Баяр Адуунчулууны уурхайн газрыг нь дээрэмдээд алтны магнат “МАК”-ын Т.Нямтайширт өгсөн “том ял” байгаа. Нөгөөдүүл нь ч МАН-ын дээд удирдлага гишүүдээ ялгаварладаг, үгийг нь сонсдоггүй гээд дарга нараа баахан муулсан гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих