Анхны тэр хүн /өгүүллэг/

Autumn_Love_by_penguina_mica_largeСэржээ. Тэр гэнэт л огт будаг хүргэж үзээгүй байсан хүрэн нүдээ тас хараар буддаг болсон юм. Түүнээс хойш тэр өглөө болохоор л нүдэн дээрээ харанхуйг зурах болов. Хэн ч түүний нартай харцыг дахин олж үзсэнгүй.

Сэржээ. Урьд нь хөндлөн зураас ч тэгшхэн зурж байсанаа санахгүй байв. Гэнэт л тэр бүсгүй цав цагаан цаасан дээр зураг зурахаар шийдсэн юм. Гол нь тэр цаас цав цагаан байсанд охины уур ихэд хүрч гэнэ. Тэр толины өмнө нүцгэн биеэ удаан харлаа. Тэгээд хөх чемоданаас хамгийн сайхан даашинзаа гаргаж өмсөв. Үсээ сул задгай тавьжээ.

Гэнэт нэг бяцхан шувуу цонхоор өрөөнд орж ирэв. Өөрөөс нь өөр амьд амьтан энд амьсгалж буйд тэр ихэд талархаж гэнэ. Тэгээд зургаа зурж эхлэх гэтэл түүнд ганцхан хар өнгийн харандаа байсан нь тоогүй хэрэг. Тэгээгүйсэн бол хөгийн шар нарыг яг өнгөөр нь зурах бодол түүнд их байсныг бурхан л гадарлах байх.

Эхлээд бүсгүй цаасны яг голд нэг бяцхан өрөө зурахыг шувуу харав. Тэгээд энд хэн байгааг асуулаа. Яг л хуучны танил шиг ээ ярилцах тэднийг хэн нэгэн харсан сан бол… Гэтэл бүсгүй биш, охин түүнд энд дуулаад л байдаг нэг зүрх, уйлаад л байдаг бас нэг зүрх амьдардаг юм аа гэж хариулав…

1

Энэ өрөөнд түүнийг тэр олж харжээ. Түүнд анх дурлаагүй нь үнэн билээ. Тэр зүгээр л амьдарч байснаа санав. Тэр зүгээр амьсгалж байснаа бодов. Бас тэр ямар ч будаггүй нүдтэй байснаа олзуурхан дурсав. Гэтэл тийм нэг инээмсэглэл л олоод харчихсан. Хараал идсэн инээмсэглэл. Тэр хүү гэхдээ түүнд их хайртай байсан юм. Их хайртай байж л дээ. Анхны тэр хүн түүнд өдөр бүхэн зурвас явуулдаг байж. Яг тогтсон газраа, яг цагтаа шүү гэж хэлдэг байв. Тэр хүүд охин ухаангүй хайртай болчихсон байсан юм. Бурханы өгсөн анхны дурдатгалаа тэр охин дуучин зүрхээр сольчихжээ. Ингээд л бие биедээ үүрд уусчихсан ув улаан зүрхнүүд. Салахгүй гээд итгэчихсэн охин.

Нөгөө бүсгүй жижигхэн өрөөгөө зурж дуусаад хажууд нь модон гитар дүрслэв. Үүнийг харсан шувуу түүнээс гитар тоглож өгөхийг гуйсан юм. Бүсгүй хариуд нь юу ч хэлсэнгүй. Үнэндээ тэр чадахгүй. Тэр гитарын таван утсыг тэгшхэн зурах гэж их удаан мэрийв. Учир нь түүнд баллуур байгаагүйг би сануулахаа мартчихсан байна.

2

Тэр гитарын утсан дээр нөгөөх охин, хүү хоёр өдөржин хөтлөлцөн гүйдэг байлаа. Тэдний инээлдэн гүйх хөлийнх нь чимээнээр гитарын аялгуу их сайхан эгшиглэдэг байж л дээ. Хүү түүнд үргэлж beatles аялдаг байв. Тэгээд удалгүй хавар болсон нь сайн хэрэг.

Бүсгүй тэнгэрт нар биш сар зурахыг хүсчээ. Олон од түгсэн байв. Үүлийг хамгийн гоёор зурсан байлаа. Тэгээд тэнгэр лүү авирч гардаг бяцхан модон шатыг нөгөөх өрөөний яг хажууд зурж гэнэ. Шувуу энэ шатаар яах гэж байгааг асуув. Бүсгүй мөрөө хавчаад үхэхийн тулд зураагүй гэж хэлэв.

3

Энэ шатаар тэд хамтдаа диваажин руу явна гэж ярьдаг байжээ. Гэхдээ насан туршдаа аз жаргалтай амьдарч, үүний дараа л амьдралыг үхэл рүү илгээчихээд өөрсдөө тэнгэр лүү аялана гэж шөнө бүр мөрөөддөг байв. Харин хамгийн хэцүү зүйл нь тэднийг ярьж эхэлмэгц л үүр цайчихдаг байсан нь охины нарыг үзэн ядах гол шалтгаан болсон юм.

Бүсгүй өнөөх шатны дэргэд саарал цардмал зам зурсан нь сайхан харагдаж байв. Шувуу энэ удаад юу ч дуугарсангүй. Бүсгүйг бодож эхлэхийг хүлээж байлаа. Бүсгүй үүнийг бараг цаг гаруй зуржээ. Цардмал замаа давхарлаад л… харандааныхаа үзүүрийг хугалаад, дахин дахин үзүүрлэж байсан нь их цаг авах шалтгаан болж л дээ. Тэгээд санаа алдав.

4

Охин, нөгөөх хүүгийн гараас огт тавьсангүй. Учир нь тэр маргааш эндээс нүүнэ. Дахиж гитарын утсан дээгүүр тэр хүүтэй хамт хөл нүцгэн гүйхгүй гэж бодохоос аймшигтай байлаа. Тэр хүү энгэртээ охиныг удаан тэвэрчээ. Тэврээд л байлаа. Тэврээд л байлаа. Үдэш билээ. Үүр цайх арай болоогүй байна гэж бодох зуур үүр цайчихсан нь харамсалтай. Тэгээд л тэр цардмал зам дээр охин хүүд “Би чамд хайртай” гэж чангаар хэлсэн юм. Одоо ч гэсэн тэр зам дээр ХАЙРТАЙ гэдэг үгийн хэлтэрхийнүүд яг элс шиг үүрчихсэн хэвтдэг гэж тэр надад хэлсэн.

Бүсгүй нулимс зуржээ. Тэр нь их том цэнхэр өнгөтэй байв. Үнэндээ түүнд цэнхэр өнгө байхгүйг бид сайн мэднэ. Цардмал замын дээхэн талд тэр ганцхан дусал нулимс зураад бүсгүй инээмсэглэв.

5

Явахынхаа өмнөх шөнө охин маш их уйлав. Тэр хүүгийн цээж борооны усанд шалба норсон мэт нойтон болчихжээ. Охины зүрх тэгж их шанласан гэдэг. Тэр уйлаад л байсан, Тэр охины зүрх урсаад л байсныг хүү хараад мөн л уйлсан. Хүү энэ хүртэл хайртай байсаар л байжээ.

Бүсгүй хичээнгүйлэн зурсан нөгөөх үүлнээс бороо орж буйгаар зургаа үргэлжлүүлэв. Энэ мөчид бяцхан шувуу нөмөр газар хайн ширээний чийдэнгийн дор зогссон билээ. Бороонд норохоос эмээсэн нь тэр аж. Гадаа намарын дунд сар болж байв.

6

Бороо долоо хоног үргэлжилсэн юм. Бороо хараад л уйлаад байсан зүрх буруутай юу? Уйлуулаад байсан бороо буруутай юу гэдгийг охин огт мэдээгүй юм. Санаад байв. Нөгөө дуучин зүрхийг үхтлээ санажээ. Тэгээд амьд үлдэх аргагүй болсоноо, уйлсаар байгаад үхэж байгаагаа түүнд дуулгалаа. Хүү түүнд хайртай байжээ. Байжээ. Хол ч байсан гэлээ, тэр үед хүү түүнд хайртай байжээ.

Тэгээд бүсгүй 5-8 гэсэн дугаартай байшин зурав. Хамгийн гол нь 5-8 гэсэн тоотыг хамгийн сайхнаар бичсэн байлаа. Энэ тоог ямар учиртайг орчлон дээр хоёрхон хүн л мэдэрчээ. Харин бусад нь зөвхөн мэдрэх гэж оролдсон юм.

7

Хүү охины амьдардаг болсон шинэ хотод тийм холоос ирэв. Тэгээд тэд хоёр хоног 5-8 гэсэн тоотод яг л эхнэр нөхөр шиг амьдарч байлаа. Энэ өдрүүдийг охин хэзээ ч мартахгүй. Мартана гэдэг үг яг үхнэ гэдэгтэй ижилхэн сонсогддог байв. Хүүд ч гэсэн тэгж санагддаг байжээ. Өө халаг гэж, 5-8…

Харин одоо нөгөөх 5-8-ын хажууд бүсгүй автобус зурав. Автобус хаа нэг тийшээ хурдлан хөдөлж буй нь илт байлаа. Бүсгүй автобусны цонхоор баяртай гэх гунигтай хүүг дүрсэлжээ. Тэр хүү үнэнээсээ гунигтай байх аж.

8

Хүү ирсэн газар луу гаа явах цаг нь болсон юм. Явахгүй бол болохгүй байсан. Явахгүй л бол болохгүй байсан. Үүнд хэн ч буруугүй. Автобусны дугуй эргээд л… Охины нулимс дахиад л урсаад байсан. Уйлаад л байсан. Автобусны дугуй эргээд л… Охины нулимс дахиад л урсаад байсан…

Бүсгүй одоо уйлаагүй байна. Цагаан цаас одоо их олон зургаар дүүрчээ. Бүсгүй цав цагаан биш болчихсонд нь баярлав… Тэр одоо хамгийн гоё хотын гудамж зурсан нь энд хамгийн тод нь байлаа.

9

Охин урьд ер үзээгүй байсан гэрэлтэй хотын гудмаар нөгөө хүүтэй хамт зугаалжээ. Зугаалаад л байжээ. Амьдралынх нь хамгийн жаргалтай цаг энэ байсанд охин ер эргэлзэхгүй байлаа. Амьсгалах амттай байв.

Ингээд бүсгүй цагаан цаасан дээр цаг зурав. Шувуу цаг хугацаа улиран өнгөрснийг шууд л гадарлав. Гэтэл охин түүний хажууд ганцхан өнчин навч зурж гэнэ.

10

Цаг хугацаа нилээдгүй өнгөрчээ. Тэр зун хүү, охин хоёр уг нь хамтдаа байсан юм. Харин хүү охинд хайртай байхаа энэ үеэс эхлээд больжээ. Гэрэлт хотын гудамжинд урт хар үстэй, тормогор нүдтэй хөөрхөн охид олон байж л дээ………… Тэгээд хүү амьдралынхаа хамгийн тод өнгийг өөрт нь бүдэгдсэн гэж бодсон ажээ… Хүү ингээд л…

Бүсгүй харин өнөөх гудамжны дээхэн талд хос далавч зурав.

11

Охин хүүд маш их хайртай гэж хэлжээ. Хүү хариуд нь эрх чөлөөтэй амьдрахыг хүсэж байгаагаа хэлэв. Охин түүнд хэтэрхий их хайртай учраас өөрийнхөө зүрхээр далавч нэхээд түүнийн нуруунд үүрд бэхлээд оёчихов. Үүнээс хойш хүү нисэж чаддаг болжээ. Хүү охиныг газарт үлдээгээд өөрөө урт хар үстэй охин руу нисээд явчихжээ. Охин уйлаад л байв гэнэ. Охин уйлаад л байжээ. Урсаад л байжээ. Хэдий чинээ их уйлна төдий чинээ охин хүүд хайртаж болжээ.

Бүсгүй одоо эхэр татан уйлж эхлэв. Одоо тэр харин үлдсэн цагаан цаасан дээр дүүрэн нулимс зуржээ. Ямар ч зай үлдээлгүй нулимс зурсан байлаа. Шувуу норж эхлэв. Гэрлийн бүрхүүл ч нэмэр болсонгүй гэнэ.

12

Охин газарт удаан амьдарч байна. Тэр хүүг тэнгэрт нисэхийг үргэлж хардаг байлаа. Нисээрэй, нисээрэй гэж бурханд өдөр бүр залбирдаг болжээ. Гэхдээ тэр хаашаа ч хөдөлж чадсангүй. Учир нь хүү түүн дээр хүссэн үедээ ирчихээд яваад өгдөг байжээ. Харин охин түүнийг ирэхийг хүлээдэг учраас тэндээс хэзээ ч явчихаж чаддаггүй байв.

13

Бүсгүй нулимсаа арчаад зургаа дуусгах хэрэгтэй болов. Харанхуй болжээ. Хамгийн сүүлд нь сар, зүрх зуржээ. Учир нь тэр хуучин дэлгүүрийн ханан дээрх зурмал зүрхийг үгүйлсэн нь тэр байлаа. Тэгээд цаасан дээр цэг тавих зайгүй болов. Цэг ч тавих зайгүй болов. Энэ зуур шувуу цонхоор холын холд нисчээ.

Тэгээд нөгөөх эмэгтэй даашинзаа тайлж тавиад нүцгэн биеэ толинд харлаа. Цээж нь хов хоосон байх ажээ. Сэтгэлээ тэр өөрөөсөө хайж эхлэв. Өөрөөсөө олсонгүйдээ маш удаан уйллаа. Гэтэл түүний эрээн цоохор болчихсон сэтгэл ширээн дээр дүнсийн үзэгдэв…


URL:

Сэтгэгдэл бичих