Стросс-Кан эрх чөлөөтэй боллоо
Олон улсын валютын сангийн тэргүүн асан Доминик Стросс-Кан ямар нэг барьцаа төлөлгүйгээр гэрийн хорионоос суллагдаж эрх чөлөөтэй боллоо. Түүнийг зочид буудлын үйлчлэгч хүүхнийг хүчирхийлсэн, секс түрэмгийлэл үйлдсэн хэргээр буруутгаж, нотолгоо нь олдлоо гэж байсан. Гэвч түүнийг буруутгаж буй зүйл анги нь эргэлзээтэй, баталгаатай бус гэсэн үндэслэлээр суллахаар болсон аж.
Нью-Йорк хотын шүүхийн шүүгч Стросс-Каны барьцаанд төлсөн зургаан сая долларыг буцааж өгөх шийдвэр гаргасан байна. Харин хэрэг бүрэн хаагдаагүй учир түүнийг долдугаар сарын 18-нд ирж байцаалт өгөхийг дуулгасан аж. Стросс-Каныг Франц руу буцахаас сэргийлж паспорт, бичиг баримтыг нь хурааж авчээ.
ОУВС-гийн экс босс эрх чөлөөтэй болонгуут түүний өмгөөлөгчид идэвхтэй ажиллаж эхлэв. Стросс-Каныг буруутгаж буй бүх зүйл ангийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргах болсноо өмгөөлөгчид нь мэдэгдэж байна.
ОУВС-гийн захирал асан зочид буудлын үйлчлэгчтэй сексийн харилцаанд орсон талаарх хохирогчийн мэдүүлэг хэвээр байгаа тул түүнийг буруутгасан зүйл анги өөрчлөгдөхгүй гэж Нью-Йоркийн прокурорын газраас мэдэгдлээ.
Стросс-Кан тавдугаар сарын 14-нд Нью-Йоркийн нэгэн буудлын дээд зэрэглэлийн өрөөнд байрлаж байхдаа цэвэрлэгээ хийхээр орж ирсэн үйлчлэгч бүсгүйг угаалгын өрөөндөө чирч оруулан хүчиндэхийг завдсан аж. Тэрээр үйлчлэгчид их мөнгө амлан, өөртэйгээ секс хийхийг шаардаж, түрэмгийлсэн хэмээн бүсгүй шүүхэд гомдол гаргасан аж.
Прокурорын газрын мөрдөгчид хүүхний мэдүүлэг дээр үндэслэн Стросс-Каныг баривчилсан бөгөөд тэрээр энэ хэрэг явдлаас болж Олон улсын валютын сангийн тэргүүний суудлаа орхихоос өөр аргагүй болсон юм.
Уг хэргийг шалгаж буй мөрдөн байцаагчид хохирогч бүсгүй үнэн ярьж буй эсэхийг шалгахаас өөр аргагүй болсон аж. Цагдаа нар “Манхеттан” зочид буудлын үйлчлэгч бүсгүйгээс жирийн сорил авахад зарим зүйл дээр илт худлаа ярьж байсан аж. Цааш нь лавшруулан шалгахад эл эмэгтэй мөнгө угаах, хар тамхи наймаалах болон өөр бусад гэмт хэргийн үйл ажиллагаанд хутгалдсан байсан нь тогтоогджээ.
Бүсгүй Гвиней улсаас АНУ-д амьдарч байгаад байнга оршин суух эрх (Green card) авахаар хүсэлт гаргахдаа худлаа мэдүүлж байсан нэгэн аж. Мөн хүчиндсэн, хүчиндүүлсэн гэх хэрэг мандсаны маргааш нь мань эмэгтэй шоронд хоригдож байгаа нэг этгээдтэй утсаар ярьсан нь тогтоогдсон юм. Найз залуу нь байж болох тэрэнтэй Доминик Стросс-Каны эсрэг ямар мэдүүлэг өгөх, яавал ахиу мөнгө салгаж болох талаар ярилцаж байсан аж.
Үйлчлэгч бүсгүйд “хэрхэн мөнгө саах” аргыг шоронгоос зааж өгсөн нөхөр нь 180 кг марихуан авч яваад баригдаж, хорих ялаар шийтгүүлсэн нэгэн юм. Тэрээр бүсгүйн нэр дээр банкинд олон зуун мянган долларын хадгаламжтай байсан нь мөрдөн байцаалтын явцад тодроод байна. Энэ нь хар тамхины наймаа болон бусад хууль бус үйл ажиллагаанаас олсон мөнгө гэдэг нь бараг тодорхой болсон юм.
Зочид буудалд үйлчлэгч хийхээс өөр орлогогүй байсан гвиней бүсгүй ганц гар утас барьдаг байсан ч таван өөр операторт cap бүр хэдэн зуун доллар төлдөг байжээ. Тэрээр АНУ-д оршин суух, орогнох эрх гуйж байхдаа “Гвинейд нутгийн цэргүүдэд хүчиндүүлсэн. Мөн бэлэг эрхтнийг тайрах, огтлох явдал их байдаг тул АНУ-д цагаачлахыг хүсч байна” гэж мэдэгдэж байжээ.
Эцэст нь Стросс-Канд тулгасан буруутгал, зүйл анги нь утгагүй болж, эргэлзээтэй байдалд орсон тул шүүгч түүнийг суллах шийдвэр гаргахаас өөр аргагүй болсон юм. Гэрийн хорионоос суллагдсан түүнийг америк эхнэр нь баяр хөөртэй угтаж авсан байна. Стросс-Каны эсрэг үүсгэсэн хэрэг хаагдах нь тодорхой болж байгааг тоймч, мэргэжилтнүүд цохон тэмдэглэж байна. Түүнийг гэрийн хорионоос гарч ирэхэд сэтгүүлчид цаашдаа юу хийх бодолтой байгааг нь асуухад “Юу ч хийхгүй. Эхнэртэйгээ амарна. Энэ хэрэг явдал том сургамж өглөө. Цаашдаа ямар нэг байгууллагад ажиллах хүсэл алга” гэсэн юм.
Н.Мөнхжин
URL: