ШУТИС БНСУ-ын Чанвоны Үндэсний Их Сургууль, БНХАУ-ын “Хятадын боловсрол, номын экспорт импорт” ХК-тай хамтран ажиллахаар боллоо
Өнгөрсөн долоо хоногт ШУТИС-ийн номын санд Хятадын соёлын төвөөс номын үзэсгэлэн, худалдааг гаргажээ. Үүнд монгол бичиг, хятад, англи хэл дээр хэвлэгдсэн шинжлэх ухааны төрөл бүрийн салбарын 2000 гаруй ном дэлгэн тавигдсан аж. Үзэсгэлэнг зохион байгуулагчид тус сургуулийн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, танин мэдэхүйн 145 ширхэг, 2 сая гаруй төгрөгийн номыг бэлэглэлээ. Мөн цаашид албан ёсны төв байгуулж барилга, архитектур, сэргээгдэх эрчим хүч, геологи уул уурхайн чиглэлийн сургалт, судалгааны номын захиалга, цаасан болон е-Номын үзэсгэлэн гаргах, профессор багш нарын бүтээлийг таниулан сурталчлах ажлуудыг зохион байгуулж БНХАУ-ын томоохон номын сангуудын цахим хуудсанд орох эрх олгох, Монголын их дээд сургуулиудын номын санчдыг сургах, туршлага солилцуулахаар болсон аж.
Мөн БНСУ-ын Чанвоны үндэсний их сургуулийн удирдлагууд тус номын санд зочилж хамтын ажиллагааны хүрээнд Чанвоны Үндэсний Их Сургуулийн дижитал номын сангийн туршлагаас суралцах, номын санчдыг сургах талаар ярилцлаа. Дашрамд дурьдахад Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын Сан нь 2008 оноос БНСУ-ын Чонбукын Их Сургуулийн номын сантай хамтарч төсөл хэрэгжүүлэн 2 талын номын сангуудын удирдлага, номын санч-мэдээллийн ажилтнууд харилцан туршлага солилцон ажиллаж байсан.
Чанвоны үндэсний их сургуулийн төлөөлөгчдийг Монгол улсын анхны ерөнхийлөгч, “Горная книга-Монголия” салбарын ерөнхийлөгч, академич П.Очирбат хүлээн авч уулзсан ба өөрийн “Тэнгэрийн цаг” номын солонгос хэл дээрх хувилбарыг дурсгал болгов /“Тэнгэрийн цаг” ном нь монгол, орос, япон, солонгос, герман хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн гарсан байдаг/.
Дээрх уулзалтуудын үр дүнд 2015 он дөрөвдүгээр сарын 23-нд Дэлхийн номын өдрөөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангаас санаачлан “АЗИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН НОМЫН ҮЗЭСГЭЛЭН”-г Монголд анх удаа зохион явуулахаар төлөвлөж байна.
URL: