АН “жоомоо устгах” гээд байшингаа шатааж байна

-21102014-1413860044-1255231954-altanhuyag-Сэтгүүлчийн дүгнэлт-

АН-ын дайн эрчээ авлаа. Шалтгааныг уншигч та надаар хэлүүлэх юун. Алтангадас фракцийн бие даасан шийдвэр АН-ын фракциудын хорыг хөдөлгөж, дайны гал дүрэлзэх шалтгаан болов.

Нэрт нийтлэлч Баабар “ЗХУ задрахыг, ЗХУКН хоригдохыг, архаг комунист Гомбожав АН-аас нэр дэвшихийг, Арвин АН болохыг үзлээ. 2017 онд Н.Энхбаяр АН-аас нэр дэвшихийг үзээд үхье” хэмээн жиргэсэн нь олны дунд багагүй шуугиан дэгдээж байна. Н.Алтанхуягаар Ерөнхий сайд хийлгэснээс АН-ынхан гудамжинд лааз өшиглөсөн дээр гэх мэтээр үргэлж шахуу л Ерөнхий сайдыг чимхсэн нийтлэл туурвидаг түүний үгийг дэмжих нэгэн байхад дэмжихгүй хэсэг ч байлаа.

Дөрвөн удаа Засгийн газраа унагаж байсан гашуун сургамжаасаа тэд суралцаагүй, дахиад ч ийм зүйл хүсч байгаагаа харуулчихлаа.

Ямартай ч өнгөрсөн бямба гарагийн орой зурагдсан АН, МАХН-ын 2026 он хүртэлх хамтран ажиллах гэрээ тэртэй тэргүй дайны бэлэн байдалд орчихсон байсан АН-ын фракциудыг улам зөрчилдөх, 1996 оноо санагалзах том шалтгаан болчихлоо. Н.Алтанхуяг сайд намын даргын хувьд гэрээгээ шинэчилж, ямар зарчмаар хамтарч ажиллах талаар гишүүдтэйгээ зөвшилцсөн гэж байгаа ч гишүүд нь тийм зүйл болоогүй хэмээн эсэргүүцсээр байгаа юм. Дархан-Уул, Завхан, Өвөрхангай зэрэг орон нутгийн АН-ын гишүүд намын даргынхаа шийдвэрийг эсэргүүцэн мэдэгдэл ирүүлжээ. Намын даргын хувьд гэрээ мэтийг бие даан шийдэх боломж бий.

Гэхдээ энэ асуудлаар бүх намын гишүүд гэхгүйгээр ҮЗХ-ны гишүүдтэйгээ зөвшилцөх учиртай байв. Ерөнхий сайдыг огцруулах сөрөг хүчний улстөржилтийн хажуугаар хамтран ажиллах гэрээг эсэргүүцсэн АН-ын гишүүдийн улстөржилт, намын даргаа суудлаас нь буулгах гэсэн эсэргүүцэл өрнөх нь тодорхой байна. Энэ бүхний дараа АН-д тийм ч сайхан ирээдүй ирэхгүй.

Гэрээ байгуулсан, байгуулаагүй тэд ирэх сонгуулиар олонхи болж чадахгүй юм байна. 2016 онд АН-д ямар ч ирээдүй харагдахгүй байна гээд хэлчихвэл хатуудахгүй биз. Тэд эргээд гудамжиндаа гарч лааз өшиглөх нь тодорхой болчихлоо. 24 настай ардчилал ямар арчаагүй, нялх нялзрай вэ гэдгээ энэ удаад ч дахин нотлон харуулах нь. 24 нас гэдэг хүний насаар бол амьдралын ухааныг олж, амьдрах арга эвээ олчихсон байдаг үе. Гэтэл үндэсний хэмжээний том нам гэх атлаа шилжилтийн насны хүүхдээс л гармаар ааш араншин гаргах тэднийг намын лидерүүд, намын удирдагчид гэж нэрлэхэд ч хэцүү юм байна. АН хэзээд ч дотоод ардчилалтай хэмээн баярхдаг. Харамсалтай нь өнөөдөр дотоод ардчилал нь тэдэнд амжилт биш гай дагуулдаг юм байна гэдгийг харууллаа.

Намынхаа даргын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, зөрчил маргаантай асуудлаа дотооддоо ярилцаад шийдчих ухаан тэдэнд байсангүй. Улс төрийн бүх л хүнд цаг үед нэг нэгнээ түшиж, өнөөгийн амжилтаа босгосон Үүл баатар хүртэл намын даргаа занаж эхэлсэн нь залуу гишүүдэд нь ямар үлгэр дууриал үзүүлэх вэ гэдэг нь тодорхой. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг аашилж аяглаж, нэгнийхээ алдаан дээр дөрөөлөн хэвлэлээр мэдэгдэл шидэлцэн, хурал зарлаж сүйд болох лидер гэгдэх лойдорууд үндэсний хэмжээний нам гэж явахаасаа одоо ичих хэрэгтэй болжээ.

Монголын түүхэнд бичигдэх ичгэвтэр түүх болгоны гэрч нь АН-ынхан өөрсдөө болж байгаадаа дүгнэлт хийх цаг нь ч болчихож. Намынхаа Ерөнхий сайдыг огцруулахаар гишүүн нь урваж, сөрөг хүчинтэй нөхөрлөсөн жишээ, саяхных. Фракциуд нь суудлаа булаацалдаж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, сайд даргаасаа эхлээд нэг нэгийгээ татан унагах гэж оролдож байна. Намынхаа гишүүнийг нам дотроосоо матаж АТГ-т шалгуулдаг, фракцийн томилгоогоор суудалд авчихаад зөвхөн фракцидаа үйлчилдэг жишээ ч АН-ынх. Дөрвөн удаа Засгийн газраа унагаж байсан гашуун сургамжаасаа тэд суралцаагүй, дахиад ч ийм зүйл хүсч байгаагаа харуулчихлаа.

Өөрсдөө сонгож эвсэл байгуулсан, удаа дараагийн ялалтынх нь төлөө итгэл үзүүлж сонгосон Ерөнхий сайд, намын даргынхаа араас “хутгалж”   байгаа тэдэнд хэн дахиж итгэл үзүүлэх хэрэг вэ. Үнэхээр болж бүтэхгүй, санал нэгдэхгүй байгаа бол АН гэх намаа тараагаад өөр өөрсдийн фракцийнхаа гишүүдийг удирдаж нам байгуулаад явах боломж бий. Нэг хүнтэй нам хүртэл байхад фракцийн мянган гишүүнээрээ нам байгуулах ч боломж байгаа. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг хагаралдаж, бие биенийхээ булайг дэлгэж байхаар тарчихаач, АН-ынхаан.

Үгээрээ, үйлдлээрээ тэд МАХН байтугаа намаас ч “жижигхэн” улс төр хийдэг гэдгээ харуулчихлаа. Ингэж бичлээ гээд Н.Алтанхуягийн талд зогсох, эсвэл Үүл даргыг өмөөрөх гэсэнгүй. Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж, аливаа асуудлаар нэг байр суурьтай байхын тулд нам байгуулдаг гэж мөхөс би ойлгодог. Ингэж чадахгүй бол ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцах сонголт байдгийг л нам байгуулж төрөөр тоглож суугаа нөхдөд сануулах гэсэн хэрэг. “АН “жоомоо устгах” гээд байшингаа шатааж байна” гэж Баабар хэлсэнсэн.

Б.Тогтох

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих