Н.Алтанхуяг албан тушаалдаа үлдэхийн тулд юугаа ч худалдахад бэлэн байна
-Э.БАТ-ҮҮЛ: МАХН БОЛ Н.ЭНХБАЯРЫН ХУВИЙН ӨМЧ, Н.АЛТАНХУЯГ АРДЧИЛСАН НАМЫГ ХУВИЙН БАЙГУУЛЛАГА, ӨМЧӨӨ ГЭЖ ОЙЛГООГҮЙ БАЙГАА-
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж санал хурааснаар А.Гансүх, Л.Болд, Ч.Улаан, Н.Батбаяр, Д.Ганхуяг, М.Сономпил, Ц.Баярсайхан нарыг сайдын суудлаас чөлөөлсөн юм.
Засгийн газар хамгийн сайн ажилласан зарим сайдуудаа чөлөөлж байгаа нь ердөө л шинэ бүтэц нэрийдлээр халхлагдсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн албан тушаалдаа үлдэх гэсэн овжин арга, наймаа нь байв. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд асуудал байна хэмээн өөрөө шантаажилж яамдыг цомхтгосон нь түүний хариуцлагаас зугтах оролдлого байж. ЭЗЭН-100 (Эдийн засгийг эрчимжүүлэх) хөтөлбөрийн хүрээнд ямар ч үр дүн гараагүй бөгөөд манай улсын өр хоёр дахин нэмэгдсэн энгийн жишээг энд дурьдаж болно. Энэ бол ерөнхий сайдын суудлынхаа төлөө хийсэн эхний золиос байсан юм.
-ГЭРЭЭ ХЭДИЙНЭЭС ЯРИГДАЖ ЭХЭЛСЭН БЭ-
Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүн яригдаж, томилогдох сайдуудын нэрс тодорч эхлэснээр өмнөх үйл явдлууд бага багаар сарниж байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг итгэсэн бололтой. Гэтэл үнэндээ нөхцөл байдал намжсангүй харин ч гал дээр тос нэмж өнгөрөгч бямба гаригт Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай 2016 болон 2020 оны сонгуульд бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах замаар түншлэн хамтран ажиллах гэрээ байгуулсан явдал нь олны гайхшралыг төрүүлсэн. УИХ-ын 28 гишүүн огцруулах санал гаргасан нь түүнийг ийнхүү хурдлахад хүргэсэн байх.
Хэзээнээсээ “авлигын загалмайлсан эцэг” хэмээн хөлөө жийлцдэг байсан АН, МАХН хоёр гэрээ байгуулсан нь гэнэтийн үйл явдал ч биш юм. Энэ оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Малайз, Шинэ Зеландад ажиллахаар гадаад томилолт өгч явуулсан нь анхаарал татах хэд хэдэн шалтгаантай. Учир нь, С.Баярцогт гишүүн БНСУ-д очсон гэдэг мэдээлэл бий. Энэ зорилго нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзах гэж Солонгост саатсан тухай юм. АН, МАХН-ын байгуулах урт хугацааны гэрээний тухай тэд уулзалдан ярилцсан байна. С.Баярцогт АН-ын талаас хариуцаж байгаа гол хүнээр томилогдсон гэх. Ерөнхий сайдын томилгоогоор гэрээний төсөлд С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг ажиллах үүрэг даалгавар авсан байна. Гэрээний төсөл тэр чигтээ л МАХН буюу Н.Энхбаярын эрх ашигт тулгуурласан, нөгөөтэйгүүр Н.Алтанхуягийг унагах гэж кноп дарахгүй байх тал дээр аль алиндаа ашигтай байдлаар бичигдсэн гэдгийг нэр бүхий гишүүд цохон дурьдсан юм. Ингээд хэдийнээс төлөвлөж байсан гэрээний асуудлыг сөхөн гаргаж байгаа нь Ерөнхий сайдынхаа албан тушаалдаа үлдэх гэж АН-ыг золиослож байгаа явдал юм. Энэ бол түүний хоёр дахь золиос.
-ТҮҮНИЙ ГУРАВ ДАХЬ ЗОЛИОС ХОЙЧ ҮЕ ҮҮ-
Сүүлийн үед хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа бичлэг болох Ерөнхий сайдын “Бидний үр хүүхдүүд яваандаа энэ өрийг төлчихнө” гэж хэлсэн нь санаандгүй хэлсэн ч үг биш юм. Монгол Улсын Засгийн газар түүхэндээ анх удаа 1.5 тэрбум ам.долларын зээл авсан. Энэ нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн засгийн газын санаачилсан “Чингис бонд” юм. Бондын хүүний төлбөрийг хагас жил бүр валютаар хөрөнгө оруулагчдад төлөх ба төлбөр хийх хугацаанд тодорхой хэмжээний валют гадагшилж, нийлүүлэлт буурдаг. 2018 он гэхэд 500 сая ам.долларын үндсэн төлбөрийг өрөнд шилжүүлэх бөгөөд үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2022 онд нэг тэрбум ам.долларын үндсэн төлбөрөө төлөх ёстой юм.
Ингэхээр одоогоос найман жилийн дараа Чингис бондын эргэн төлөлт бүрэн дуусна. Өөрөөр хэлбэл бид 2022 он хүртэл Чингис бондын өрийг төлсөөр байх болно. Нийт төлөгдөх өрийн хэмжээ 90 тэрбум ам доллар хэмээн албаны эх сурвалжууд мэдээлсэн. Тэгэхээр энэ хэмжээний мөнгийг манай улс төлж чадах үгүй нь эргэлзээтэй. Одоогийн засгийн газар ажлаа өгсөн ч дараа дараагийн засгийн газар болоод ард түмний нуруун дээр хүнд ачаа үүрүүлж байгаа юм. Энэ нь угтаа Н.Алтанхуягийн засгийн газар гарч ирснээр Монгол улсад “шинэ бонд” гаргаж ирлээ гэсэн нэр хүндийн оноо авах гэсэн аргуудын нэг боловч нөгөө талдаа Монгол улс 2022 он хүртэл өрөнд барьцаалагдаж байгаа үнэн дүр төрх юм. Энэ бол түүний суудлынхаа төлөө хийсэн гурав дахь золиос.
-МАН-ЫН САНАЛААР БУС, АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД ШИЙДЭХ БОЛОМЖ БИЙ-
Нэг хүний амиа бодсон асуудлаас болж Ардчилсан нам цаашид ялагдал хүлээх болоод байна. Ардчилсан намыг хувийн өмч шигээ бодож өөрийн эрх ашигтаа тохируулан ажилладаг намын даргаас салах эсэх нь тус намын гишүүдээс шалтгаална.
Өчигдөр Нийслэлийн Арчдилсан намын дарга Э.Бат-Үүл хэвлэлийнхэнд өгсөн мэдэгдэлдээ “Энэ бол АН-ын шийдвэр биш. Н.Алтанхуягт хатуу хариуцлага тооцно” гэж хэлснээс нь улбаалан Ардчилсан нам өөрсдөө энэ асуудлыг бие даан шийдвэрлэх бүрэн эрхтэй гэдгийг сануулмаар байна. МАН-ын зүгээс гаргасан Ерөнхий сайдыг огцруулах санал бол “Оноо авах гэсэн л арга зам төдий”. 2007 онд МАХН-ын (одоогийн МАН) УИХ дахь сөрөг хүчнээрээ бус, намынхаа 25-р их хурлаар Ерөнхий сайд, намын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь буулгаж байсан. Иймээс АН-ынхан Н.Алтанхуягт намынхаа дүрмийн хүрээнд Үндэсний зөвлөлдөх хороо, намын их хурлаараа хариуцлага тооцох хэрэгтэй.
medee.mn
URL: