Харшдаа тухалсан түшмэд хаасан сургуулиудаа мартжээ

сургуульАшиглалтын шаардлага хангахгүй сургуулийн барилгыг нурааж, шинэ барилга барих ажил урагшлахгүй удааширч байгаа нь олон асуудлыг араасаа дагуулсаар байна. Дарга нар өөрсдийн суух ажлын байрыг гуравхан жилд тансаг гэгч нь барьж дуусах хэрнээ хүүхэд багачуудынхаа сурч боловсрох сургуулийг барих гэж хэчнээн ч жил болов доо. Тансаг харшдаа тухлаад хаасан сургуулиудаа мартсан бололтой. Нийслэлийн ууган сургууль болох 3 дугаар сургууль л гэхэд өдгөө гурав дахь жилээ өөр сургуулийн байранд толгой хоргодож байна. Нийслэлийн хэмжээнд цаашид ашиглах боломжгүй олон жилийн насжилттай 50 сургууль, цэцэрлэгийн барилгыг бүртгэсэн байна. Эдгээрээс энэ жил ашиглалтын шаардлага хангахгүй, хичээл сургалт явуулах боломжгүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон зургаан сургуулийн барилгыг шинээр барихаар болсон.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 3, 11, Баянгол дүүргийн 38, 73, Хан-Уул дүүргийн 32, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн барилгын ажлыг энэ онд эхлэх юм. Дээрх сургуулиудаас 3, 11 дүгээр сургуулийг улсын хөрөнгөөр барих бөгөөд үлдсэн дөрвөн сургуулийг концессын гэрээгээр барих гэнэ. БШУЯ-ны Хөрөнгө оруулалт төлөвлөлт, зохицуулалтын албаны дарга О.Мөнхбаярын хэлж байгаагаагаар “Концессын гэрээгээр баригдах барилгуудын гүйцэтгэгчийг хуучин Эдийн засгийн хөгжлийн яаманд сонгон шалгаруулж байгаа бөгөөд энэ ондоо гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна” гэсэн юм. Ингээд өөр сургуулийн байранд хичээллэж байгаа сургуулиудын хичээлийн явц ямар байгаа талаар сурвалжиллаа.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ 73-Р ДУНД СУРГУУЛЬ
1000 гаруй сурагчтай энэ сургуулийн сурагчид сургуультайгаа ойр дүүргийнхээ хоёр сургууль дээр хуваагдан хичээллэдэг. Тодруулбал, бага буюу 1-5-р ангийн 12 бүлэг нь “Ган зам” 20-р сургууль дээр. Харин дунд, ахлах ангийнхан 51 дүгээр сургууль дээр хичээллэж байна. Энэ сургуульд 61-ийн гарам, Туул, Эмээлт, Рашаант зэрэг өртөөний төмөр замчдын хүүхдүүд суралцдаг. Тиймээс өөрийн сурагчдад зориулсан дотуур байртай. Тавдугаар ангийн зарим бүлэг дотуур байранд хичээллэдэг гээд бодохоор тус сургуулийнхан үндсэндээ гурван хэсэгт хуваагджээ. 20 дугаар сургууль дээр хичээллэж буй бага ангийн сурагчид гурван ээлжээр ордог байна. Сургуулийн үндсэн ангийн сурагчид хоёр ээлжээр хичээллэсний дараа гурав дахь ээлжид нэгдүгээр ангийнхан хичээллэнэ. Өмнөх анги завсарлаад ангид агаар солилцоогүй байхад дараагийнх нь зөрж орно. 16 цагаас орсон сурагчдын зарим нь 19.30 цагийн орчим тарна. Олон хүн ажлаа тараад гэртээ харихаар явахад өдрийн ээлжийн хүүхдүүд хичээлдээ ирнэ. Хол гэртэй зарим хүн хүүхдээ хүргэж ирээд тарахыг нь хүлээж, үүдэнд хүлээсээр авч явах жишээтэй үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн номын сан үйл ажиллагаа явуулах танхимгүй. Тиймээс номын санч шаардлагатай номыг сурагчдадаа гаргаж өгч бусад цагаар сурагчдыг зохицуулах жижүүрийн ажлыг хийнэ. Тэрээр сурагчид сүүлийн үед гарч байгаа шинэ номуудыг уншиж чадахгуй байгааг хэлэв. Хүүхдээ авахаар хүлээж суусан эцэг, эхчүүдийн төлөөлөл бага ангийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийн хоол хүнс эрүүл баталгаатай гэдэгт эргэлзэж буйгаа онцолж байлаа.

73 дугаар сургуулийн 56 ангийн багш Д.Түвшинжаргалаас тус сургуулийн өнөөгийн нөхцөл байдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Сургуулийн барилгыг хэзээ нурааж, хэзээ шинээр барьж эхлэх талаар ямар нэг мэдээлэл байна уу?
-Бид сургуулийнхаа талаарх мэдээллийг зөвхөн захирлаас авдаг. Захирлын хэлснээр гүйцэтгэгч байгууллага нь шалгарсан мөртлөө ингэж удаж байгаа нь ямар шалтгаантайг мэдэхгүй байна. Сургуулийн хуучин барилгыг энэ онд багтаан нурааж, ирэх оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно гэсэн. Хар ухаанаар бодоход л энэ боломжгүй зүйл. Хүүхдээ авахаар ирсэн зарим эцэг эх танай сургуулийн газар худалдагдах гэж байгаа тухай сонссон гэдэг. Энэ нь багш, ажилчдад сэтгэлзүйн хүнд цохилт болдог. Сургуулийн багш нар барилга баригдахгүй энэ чигээрээ явсаар замхарч сургуульгүй, ажилгүй болох вий гэсэн айдастай байна.

-Хүндрэлтэй зүйл их байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Зургаан ээлжээр хичээллэдэг анги, сургууль Монголд бүү хэл дэлхийд байхгүй болов уу. 20 дугаар сургуулийн үндсэн ангийн сурагчид гурван ээлжээр хичээллэсний дараа манай сургуулийнхан, мөн гурван ээлжээр хичээллэхэд хүндрэл, бэрхшээлтэй зүйл олон гарч байна. Манай сургууль 1000 гаруй хүүхэдтэй байсан. Энэ байдлаас болж маш олон сурагч шилжиж байгаа. Ар гэрийнхэн нь зөөх боломж тааруугаас гэрт ойр сургуулийг сонгож байна. Эцэг, эх сурагчид үнэхээр хүлээж цөхрөөд байгаа. Хэрвээ сургуулийг маань нураахгүй л байсан юм бол бидний үйлийг ингэж үзэж байхаар сургуульд минь хичээллүүлж байхгүйдээ гэж бодож байна.

-Хүүхдийн сурч боловсрох эрх хэрхэн зөрчигдөж байна вэ?
-Хүүхдүүд сурах эрхээ эдэлж чадахгүй байна. 40 минутын хугацаанд хичээллэх ёстой. Гэвч 35 орчим минут ороод л завсарлана. Тав тухтай орчинд сурах эрхээ бүрэн эдэлж үнэхээр чадахгүй байна. Бид аль болох өөрсдийн нөхцөл боломждоо тааруулж байна.

СҮХБААТАР ДҮҮРЭГ 11-Р СУРГУУЛЬ
Сүхбаатар дүүргийн 11-р сургуулийн сурагчид 2013 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 31-р сургуулийн байранд хичээллэж байна. 11 -р сургууль нь физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай мөн зөвхөн дунд ангийн сурагчид суралцдаг учир бусад сургуулиа бодвол харьцангуй цөөн буюу 600 гаруй сурагчтай. Тус сургууль хоёр ээлжээр хичээллэж байгаа бөгөөд нэг ангид дунджаар 38 хүүхэд суралцдаг байна. Сургуулийн захирал Д.Энхжаргалын хэлж байгаагаар “Хэдийгээр хичээл сургалт явуулахад хүндрэл байхгүй ч ОО, цайны газар, сурагчдыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломж байхгүй нь хүндрэлтэй байна” гэсэн юм. Тус сургууль нь улсын төсвийн хөрөнгөөр баригдах бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2014 оны наймдугаар сарын 29-нд зарлаж, есдүгээр сарын 29-нд компаниудын материалыг хүлээн авч дууссан байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас тодруулбал “Оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг бүртгэж дууссан. Одоо үнэлгээний шатандаа явж байгаа” гэв. Ямартай ч хоёр дахь жилдээ бусдын сургуульд хичээллэж буй 11-р сургуулийн төсөв хөрөнгө нь нааштайгаар шийдэгдэх магадлалтай болсон байна.

3-Р СУРГУУЛЬ

Нийслэлийн ууган сургуулиудын нэг бол 3-р сургууль. Анх 1921 онд үүсэн байгуулагдсан тус сургууль өдгөө 1485 сурагчтай. 3-р сургуулийн сурагчид 2012 оны хичээлийн жилээс эхлэн 4, 16-р сургуулийн хичээлийн байранд хоёр ээлжээр хичээллэж байна. Бага ангийн сурагчид гурван ээлжээр хичээллэдэг байсныг энэ оны аравдугаар сарын 1-нээс эхлэн хоёр ээлж болгожээ.
В.ХОРОЛГАРАВ: Ирэх оны төсөвт үлдэгдэл хөрөнгийг суулгаснаар өөрийн сургуулийн байрандаа хичээллэх боломжтой
3-рсургуулийн захирал В.Хоролгараваас зарим зүйлийг тодрууллаа.
-3-р сургуулийн сурагчид 2012 оны хичээлийн шинэ жилээс эхлэн өөр сургуулийн байранд хичээллэж байна. Анх гэрээ хийхдээ барилгыг хүлээлгэн өгөх хугацааг хэзээ гэж заасан бэ?
-Гэрээ хийхэд би захирал байгаагүй учраас барилгын ажил хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй байна. Анхны гэрээ нь яаж хийгдсэнийг мэдэхгүй. Миний хувьд өнгөрсөн хавраас энэ ажлыг авсан. Намайг авснаас хойш барилгын ажил явагдаж байна. Одоогоор ирэх оны есдүгээр сард ашиглалтад оруулна гэж ярьж байгаа.
-Барилгын ажлын явц ямар шатандаа явж байна вэ?
-Цутгалтын ажил нь дууссан. Одоо хана өрөх ажил хийгдэж байгаа. Манай сургуулийн барилгын нийт төсөвт өртөг нь 6.8 тэрбум. Өнгөрсөн оны төсөвт гурван тэрбумыг шийдүүлсэн. Энэ жилийн төсөвт үлдсэн 3.8 тэрбум төгрөгийг шийдүүлснээр ирэх оны хичээлийн жилд сургуульдаа орох боломжтой.
-Хичээл сургалт явуулахад Хүндрэлтэй зүйл байхгүй гэсэн. Үүнээс гадна бэрхшээлтэй ямар асуудал байна вэ?
-Хичээл сургалт явуулахад ямар нэгэн хүндрэл байхгүй хичээлийн бус цагаар сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх ажил зохиоход хүндрэлтэй байгаа. Зайлшгүй шаадлага гарсан тохиолдолд 4, 16-р сургуулийн заалыг гуйж хэрэглэдэг.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 14-Р СУРГУУЛЬ

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Хо Ши Миний нэрэмжит Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн хичээлийн байрны тааз нурсан тухай мэдээлэл ирсний дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид очиход тус сургуулийн нэг давхрын 00-ын өрөөний урд талын таазны хэсэг нурж, цаашид нурах аюултай, осол гарах нөхцөл бий болсон байжээ. Тиймээс Мэргэжлийн хяналтын улсын байцаагч акт тогтоож үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авсан байна. Тухайн барилгад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2002, 2010, 2013 онуудад ашиглалтын шаардлага хангахгүй талаар дүгнэлтийг удаа дараа гаргаж байжээ. Тус сургуулийн сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй хэвийн явуулахын тулд сурагчдыг сургуулийн өргөтгөлийн барилга, “Шавь” цогцолбор сургууль, 44-р сургууль, 92-р сургуулиудад хуваарилан хичээллүүлж байгаа юм. Сургуулийн үйл явц, сургалтын талаар захирлаас нь мэдээлэл авахыг хүсэхэд “Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өглөө.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ 32-Р СУРГУУЛЬ

Тус сургуулийн барилга 1954 онд баригдахдаа сургуулийн бус Хөдөө аж ахуйн дээд сургуулийн /хуучнаар/ жижиг амьтан судлалын лабораторийн зориулалтаар баригджээ. Энэхүү нэг давхар барилга 1965 онд сургууль болж 2013 оны хүртэл ашиглагдахдаа Зайсан орчмын олон арван хүүхдэд бүрэн дунд боловсрол олгож, сурган хүмүүжүүлсэн байна. Чулуун суурьтай тус барилгын дээрээс олон жил ус гоожиж, зарим хэсгээр хагарч тааз нь доош унаж эхэлсэн байна. Тиймээс хүн орох ямар ч аргагүй болж өнгөрсөн оны тавдугаар сард хичээл амарсны дараа албан ёсоор хаажээ. Сургуулийн барилгыг буулгах, барих, хүлээлгэж өгөхөөр төсөвтөө тусгаж 5.8 тэр бум төгрөгийн суулгах болжээ. Гэвч сургуулийн төсвийн асуудал хэлэлцээрийн шатанд яваа учраас барилгыг өдийг хүртэл буулгаагүй аж. 32 дугаар өмнөх бүтцээр Зайсангийн XI хорооны сургуулийн насны 600 гаруй хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай байжээ. Тус сургуульд 2009 биеийн тамирын заалны өргөтгөл баригдсаныг 2012 онд Улсын комисс хүлээн авсан аж. Одоогоор тус сургуулийн 1-5 дугаар ангийн 350 гаруй сурагч өргөтгөл болгон барьсан заалны зургаан танхимд хичээллэдэг байна. Харин 6-12 дугаар ангийн сурагчдыг 12 бүлэгт багтаан хувааж ХУД-ийн 15 дугаар сургууль дээр хоёр дахь жилдээ хичээллүүлж байгаа аж. 32 дугаар сургуулийн одоогийн нөхцөл байдлын талаар захирал Г.Мөнхбаяр өөрийн байр сууриа илэрхийллээ.
Г.МӨНХБАЯР: Манай сургуулийн сурагчид коридорт хичээллэж байна
-Би сургуулийн захирлаар 2011 онд ирсэн. Тэр үед борооны ус гоождог. Хана, тааз нь мөөгөнцөртсөн чанарын шаардлага хангахгүй барилга байсан.Одоогийн байдлаар 15 дугаар сургууль дээр манай сургуулийн хоёр ангийн сурагчид коридорт хичээллэж байна. Тэдгээр хүүхэд цаашид сурах нөхцөл бололцоо үнэхээр алга. Багш нарын ажиллах нөхцөл боломж ч алга. Сургууль нь ангиа өгөхгүй хаалга цоожлоод явдаг. Тиймээс манай сурагчид коридорт хичээллэхээс өөр сонголтгүй. Миний хувьд дүүргийн боловсролын болон нийгмийн хөгжлийн хэлтэст олон удаа хандсан. Гэв ч үр дүнд хүрээгүй. 15 дугаар сургууль дээр дунд ангийн багш нар, сургалтын менежер, нийгмийн ажилтан байрлаж байгаа. Харин архив, номын сан зэргээ өргөтгөлийн зааландаа хураасан байгаа. Боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд харьяа яам хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилго тавьсан. Бид ийм нөхцөл байдалд энэ асуудлыг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байна. Сурагчид хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх сургалт семинарт хамрагдаж чадахгүйд хүрсэн. Асуудлаа шийдэхээр яваагүй газар үнэндээ алга. Зогссон байгаа концессийн гэрээг шийдэж, улсын төсөвт хурдан тусгаж сургуулийг хэвийн байдалд хурдан оруулахаас өөр хүсэх зүйл алга даа.

 

 

О.Эрдэнэчимэг Б.Одончимэг /Үндэсний шуудан/


URL:

Сэтгэгдэл бичих