АТГ-ыг татан буулгачих уу, “жараахай” зооглоод байж л байг уу

zaluu_5444c228a9a12_1Монгол Улс Авлигатай тэмцэх газрыг байгуулаад долоон жил боллоо. Одоогоос найман жилийн өмнө буюу 2006 оны долдугаар сарын 6-ны өдөр  Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдөж эхлэв. Мөн энэ хуулийн дагуу Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар байгуулагдан 2007 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

Саяхныг хүртэл аймаг, сумдын Засаг дарга нар, яам, агентлагийн газар, хэлтсийн даргыг л шалгадаг байсан АТГ Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийг шалгаж, ял эдлүүлснээрээ нэр хүндээ үлэмж өсгөсөн. Харин “асар их үнээр” олж авсан энэ нэр хүндээ Ерөнхий сайд, түүний охин, хамаатных нь хүргэн болон ахлах зөвлөх тэргүүтнийг шалгах болоход дахиад алдахад хүрсэн юм. Тэр ч байтугай Ерөнхий сайд АТГ-тай тэмцэхээ тунхаглаж “шударга ёс, ардчиллын” тулгуур зарчмыг уландаа гишгэж үзүүлэв. Мөн тус байгууллагын авлигыг илрүүлэх баримт нотолгоо бий болгох үүднээс холбогдох албан тушаалтны өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулсныг ТЕГ-аар “олуулж” УИХ-ын чуулганы танхимд зарлан “дайсагнах” жишээтэйгээр “хамтран ажиллаж” буй юм.
Өнөөдөр Ерөнхий сайдтай холбоотой олон асуудал АТГ, Үндсэн хуулийн Цэц дээр ирээд босгонд нь бүдрээд унах болжээ. Энэ тохиолдолд АТГ гэдэг бүтэц байх хэрэгтэй юү гэдэг асуудал урган гарч байна. АТГ-ын албан хаагчдыг өөрсдөө авлигад автахгүй байх “дархлаа”-г бий болгох үүднээс өндөр цалин өгье гэсэн. Гадны орны ижил төстэй байгууллагуудын туршлагыг судлуулахын тулд тус байгууллагын төсвийг ахиухан олгож бүх боломжоор нь хангаж ажиллуулъя гэдэг. Энэ бүхний үр дүнг Гүйцэтгэх засаглалын тэргүүн өөрөө няц дараад байх юм бол АТГ гэдэг байгууллагыг “устгачихвал” төсвөө хэмнээд эдийн засаг маань эрчимжчих ч юм билүү гэх тэрсүүд бодол төрж эхлэх болов.

Зөвхөн албан тушаалтны худал, үнэн ХОМ бүртгэдэг, өнөөх л “жараахайнууд”-д хүчээ гаргаж, “акулууд”-ын өмнө бөхөлздөг хэвээрээ байх аваас УИХ энэ байгууллагаа татан буулгачихвал яасан юм бэ.

АТГ-ын үндсэн чиг үүрэгт “Авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ажлыг гүйцэтгэх” гэж байдаг ч энэ нь Ерөнхий сайдад л лав үйлчилж болдоггүй элдэв саад бэрхшээлтэй тулгарсаар байна. Мөн Авлигын эсрэг хуулийн 16.1-д “Авлигатай тэмцэх газар нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална”, 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн хэсгүүдийг удаа дараа зөрчиж, бие даасан хараат бус ажиллагааны зарчимыг алдагдуулсаар байгааг олон нийт харлаа.

Иймд Авлигын эсрэг хуулийн 15.3-т зааснаар “Авлигатай тэмцэх газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Yндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэсний дагуу АТГ-аа тараачихвал яасан юм бэ.

Н.Батнягт

zaluu.com


URL:

Tags:

Нэр: зочин Огноо: 20 November 2014

Жараахай ч баы акул ч бай бариад л улсыг ард түмниыг хохиролгүй болгож л байвал болоо ш тээ!

Сэтгэгдэл бичих