МАН-ынхан хөгжлийн банкны “НО“-г илчлэв
УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх товгарсан байлаа. Энэ өдрийн чуулганы хуралдааны хамгийн иханхаарал татсан төсөл нь энэбайв. Гэтэл МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг дөнгөж өнөө өглөө гар дээрээ авлаа. Гишүүд сайтар уншиж судлаагүй байхад хэлэлцэх боломжгүй. Хэрвээ хэлэлцвэл УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчсөн болно” гэсэн юм. Түүний хэлсэн үгэнд эрх баригч намын гишүүд дургүйцэж, “ 17 хоногийн өмнө өргөн барьсан төслийг уншихгүй юу хийж байсан юм бэ”, “Хоосон улстөржиж байхаар төсвийн төслөө уншихгүй яасан юм бэ”, “МАН-ынхан төрийн ажлыг гацааж байна” гэх мэтчилэнгээр ам амандаа бувтнаж байв.
УИХ-ын дарга З.Энхболд төсвийн төслөө удаахгүйгээр батлаад явсан нь дээр гэсэн байр суурьтай байсан. Тиймээс төсвийн төсөлд ямар өөрчлөлт оруулсныг Ерөнхий сайдаас тодруулсан юм. Үүнд Ерөнхий сайд хариулахдаа “Гишүүдийн гар дээр хоёр ном байгаа. Монгол Улсын төсвийг хуулиараа аравдугаар сарын 1-нд өргөн барьдаг. 2015 оны төсвийн тухай номыг аравдугаар сарын 1-нд буюу 17 хоногийн өмнө гишүүдэд тараасан. Дараа нь Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж зургаан яамыг гурав болгосонтой холбогдуулан төсөвт өөрчлөлт оруулсан шүү дээ. Энэ дагуу хэдэн тоо өөрчлөгдөж төсөвт 1.3 орчим тэрбум төгрөгийн зөрүү гарсан. Гэхдээ та бүхэнд сэтгэл байвал энэ номыг гурван минутийн дотор уншиж дуусах боломжтой” гэсэн юм. УИХ-ын дарга “Төсвийн төслийг өргөн бариад 17 хоног өнгөрч байгаа учраас хоёр, гуравдугаар хэлэлцүүлгийг аль ч намын бүлэг завсарлага авахгүйгээр шуурхай хэлэлцээд явах хэрэгтэй” хэмээн хэлснээр ирэх мягмар гарагт ирэх оны төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
Харин үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын макро эдийн засгийн 2014 оны эхний есөн сарын үзүүлэлтийн талаар Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд мэдээлэл өглөө. “Инфляцийн төвшин энэ оны эхний есөн сарын байдлаар оны эхнээс 8.5 хувь, өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны мөн үеэс 13 хувиар өсчээ. Жилийн инфляцид хувцас, бөс бараа, гутлын бүлэг, цахилгаан, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Инфляци өндөр байгаа хэдий ч өсөлтийн төвшин саарах хандлагатай байна” хэмээн Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдсан. Гадаад валютын төгрөгтэй харьцах ханш өнгөрсөн сард харьцангуй тогтворжиж, наймдугаар сараас бага зэрэг буурсныг хэллээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2014 оны эхний есөн сарын байдлаар найман тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувийн өсөлттэй байгаа аж. Монгол Улсын нийт экспорт 2014 онд 5.3 тэрбум ам.доллар, тэр дундаа уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.2 сая, нүүрс 18 сая тоннд хүрэх төлөвтэй байна.
Оны эхний хагаст уул уурхайн зарим бүтээгдэхүүнүүдийн экспортын хэмжээ өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй байгаа ч зэс, нүүрс, газрын тос, алтны экспортын хэмжээ өссөнөөр нийт экспортыг нэмэгдүүлэх хандлагатай байгааг Ерөнхий сайд мэдээллээ. Өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Засгийн газар үнэт цаас гаргаж, арилжааны банкинд 20 гаруй хувийн хүү амлаж мөнгө татаж байгаа. Одоо банкууд мөнгөгүй болсон учраас Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авахаа больсон. Тиймээс Хөгжлийн банк Засгийн газрын алдагдлыг санхүүжүүлэхийн тулд үнэт цаас худалдаж авсан гэх мэдээлэл бий. Үүнийг бид үнэн бодит эсэхийг мэдмээр байна. Энэ мэдээллийг гишүүд хэрхэн олж авах вэ. Сайд нар айгаад нууж байна” гэж зарласан нь олон нийтийн анхаарлыг татаад байсан. Тэгвэл энэ асуудал баасан гаригийн хуралдаанаар дахин сөхөгдөв. Харин УИХ-ын дарга З.Энхболд дээрх мэдээлэл үнэн эсэхийг Хөгжлийн банкны захирлаас тодруулав. Н.Мөнхбат захирал үүнд хариулахдаа “Хөрөнгийн зохистой удирдлагыг хангах зорилгоор Хөгжлийн банк 277 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан” гэв. Хариуд нь УИХ-ын дарга “Хөгжлийн банкинд тийм эрх байгаа билүү, зүй зохистойгоор гэдэг чинь бонд ав гэсэн үг биш. Чи өөрийгөө банк гэж бодоод байгаа юм уу. Банкны захирал шиг том том зүйл яриад байх юм” хэмээн загнав. Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат “Одоогийн мөрдөж байгаа хуульд зааснаар …” гээд тайлбарлах гэтэл УИХ-ын дарга үгийг нь дахин тасалж, “Танай байгууллага банк биш. Ажлаа мэдэхгүй нөхөр тууж явна. Банк биш болохоор чамд үнэт цаас худалдан авах эрх байхгүй” гэлээ. Ийнхүү МАН-ын бүлгийн гишүүдийн хардаж байсанчлан Хөгжлийн банк нь төсвийн алдагдлыг нөхөхөөр үнэт цаас худалдан авсан нь үнэн болж таарлаа. Үүний дараа Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуув. Гишүүд эдийн засгийн гэхээсээ илүүтэй цаг үеийн асуудалд анхаарал хандуулж байлаа.
Тодруулбал, дэлхий нийтийг түгшээж байгаа эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар манай улс ямар арга хэмжээг авч байгааг хэд хэдэн гишүүн сонирхсон юм. Ерөнхий сайдын хэлснээр вирусаас сэргийлэх зөвлөмж гаргасныг хил, гаалийн албадад хүргүүлсэн юм байна. Түүнчлэн эмч нарыг сургалтад хамруулж, эбола вирусын тархалттай улс оронд зорчсон 20 орчим иргэнийг хяналтад авсан ажээ. Юутай ч манай улс ДЭМБ-аас гаргасан үнэлгээгээр бэлтгэл боломжийн хангагдсан орны тоонд багтаж байгаа гэнэ.
Ц.Оюунтунгалаг
URL: