Үр хүүхдээ өрд унагаснаа ерөнхий сайд хүлээн зөвшөөрлөө
Өнөөдөр манай улсын эдийн засаг уналтанд орсон гэдгийг хэн хүнгүй л хэлж яншсаар л байсан, ганц дайчин ганцаардахгүй гэгчээр эрхэм ерөнхий сайд маань өөрийн засгийн газрыг цээжээрээ хамгаалан хэрэнтээ л мэрийсэн, зүтгэл гаргасан. Энэнтэй хэн ч маргахгүй. Гэвч ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр энэ хэдэн сараар хав даран өөрсдийгөө их ажил хийсэн хэмээн цээж дэлдэс байсан өнөө их итгэл үнэмшил хаана хугарсан бэ хэмээн асуумаар.
Анх 2012 онд Ардчилсан нам түүхэндээ хоёр дахиа төрийн эрхийг авч байсан цаг үе өнөөдөр мэт тодхон байгаа. Тэдний ард түмнээ мунхруулан сэнхрүүлсэн урай лоозонгийн үнэн өнөөдөр заримийнх нь будаг хатаагүй байгаа гээд хэлэхэд болно. Ард түмний нүд чих болж өнөөгийн эдийн засгийг хэд дахин нэмэгдүүлэн “Ажилтай орлоготой Монгол хүн” гээд л их л ханхалзсан. Түүнийгээ хийгээгүй биш хийх гэж оролдсон. Энэ нь өнөө улс төрчдийн хэн нэгнээ сайн хэлсэн ч, муу хэлсэн ч амны уншлага мэт хэлэгддэг “Чингис”, “Самурай” бондыг дэлхийн зах зээл дээрээс босгосон. Энэ зээлийн мөнгөөр үнэ тогтворжуулах төсөл нэртэйгээр мөн нийгэм дэх ард иргэдийн амьдрал ажилтай орлоготой болгох нэрийдлээр басхүү хэдэн компанид хувиарлаад гарынхаа салаагаар урсгаад дууссан.
Энэ тухай монголын эдийн засагчид болоод өнөө л улс төрийн кареар хөөсөн хүмүүс олонтаа давтан донгодсоор байсан. Одоо ч донгодсоор л байгаа. Чухамдаа бол ард түмэндээ хайртай нэгэн болох гэсэн энэ мэт арга бол өнгөрсөн, одоо, ирээдүйд ч байсаар байх тийм нэгэн ард түмний сэтгэл дээр хийгдэж байдаг тоглолт.
Гэхдээ энэ бондыг авах үедээ ард түмнээсээ нэг ч төгрөг авахгүй хэмээн ам дүүрэн ярьж хэлсээр энэхүү бонд нэртэй зээлийг авсан. Гэтэл өнөөдөр ерөнхий сайд маань өнөө хэлж ярьж байснаа таг мартсан бололтой. Түүний хэлснээр бүтээн байгуултанд орчихсон. Яваандаа яахав бидний үр хүүхдүүд төлчихнө л дөө хэмээн хээв нэг залж суух юм.
Өнөөгийн нийгэмд хэлж ярьснаа мартчихаад л өөрийн алдаа дутагдлаа арилгаж засах биш зүгээр иргэдийн сэтгэл дээр тоглолт хийж болдог юм гэсэн санааг өөрийн биеэр илэрхийлээд авлаа.
ЧОЙ
URL: