Л.Бямбаа: “Шинэ үе”-ийн жүжигчдийн хэргийг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нөлөөллийн мэдүүлэгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс нийт есөн нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлснийг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна. Нийт ирсэн нөлөөллийн мэдүүлгийн 56 хувь нь дарамтлах заналхийлэх, 22 хувь нь гүтгэх, доромжлох, 11 хувь нь шийдвэрийг урьдчилан хэлэлцэхийг санал болгох, 11 хувь нь нөхцөл байдлыг тайлбарлах зэргээр нөлөөлөхийг завджээ.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, гавьяат хуульч Л.Бямбаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Шүүгч нөлөөлөлд автсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Шүүгч шүүх эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ ёсзүйн ноцтой зөрчил гаргасан, мөн ямар нэгэн зөрчил гаргасан байж болзошгүй гэсэн чиглэлээр 200 гаруй өргөдөл манайд ирсэн. Монгол Улсын хэмжээнд нийтд 400 гаруй шүүгч ажиллаж байгаа. Ийм байхад 200 гаруй гомдол мэдээлэл ирнэ гэдэг бол олон нийтийн хяналт их байгаагийн шинж юм. Мөн ёсзүйн хороо ажиллаж байгаа бөгөөд шүүгч ёсзүйн зөрчил гаргаж байна уу, хэрэг хянан шийдвэрлэхдээ аливаа нэг нөлөөлөлд автаж байна уу гэдгийг хянаж байгаа. Иймээс шүүгч шүүгчээ хамгаалж байна гэдэг зүйл байхгүй болсон.
-Шүүгчид томоохон нэр бүхий албан тушаалтан нөлөөлөхийг оролдсон асуудал яригддаг. Ийм тохиолдол байна уу?
-Ийм төрлийн таван мэдүүлэг шийдвэрлэсэн. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл, шүүх өөрөө нөлөөллийн мэдүүлгийг шалгахгүй. Мөн прокурор хяналт тавьж байгаа. Прокурорын байгууллагаас хоёр нөлөөллийн мэдүүлэгт холбогдох хэргийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон.
-Шүүгчийг нөлөөллийн мэдүүлгийг үнэн зөв бичиж байгаа эсэхийг яаж мэдэх вэ?
-Үнэн зөв бөглөж байгаа үгүйг цагдаа, прокурорын байгууллага шалгадаг юм.
-“Шинэ үе” продакшний жүжигчдийн хэргийн шийдвэрлэсэн байдалд олон нийт янз бүрээр хандаж байна. Шүүх хэтэрхий чанга ял оноосон гэж шүүмжилж байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Хууль ийм учраас шүүхийг буруутгах боломжгүй. Хуулийг боловсронгуй болгох, ард иргэдийн эрх ашигт нийцсэн эрх зүйн зохицуулалтыг хэн хийдэг вэ. Хууль тогтоогч, УИХ хийдэг. Үүний ялгаа заагийг сайн ойлгох хэрэгтэй байна. Яагаад УИХ-ын баталсан хуулийн бурууг шүүгчид хүлээх ёстой юм. Хуулийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгаа юу гэвэл байгаа. Шүүхийн тухай багц хуулийн хүрээнд бол шүүхийн бүтэц зохион байгуулалт, шүүгч нарт тавих шаардлага, шүүгчийн сонгон шалгаруулалт, ил тод нээлттэй байх, шүүхийн хараат бус байдал зэрэг багтаж байгаа. Үүнд ял хариуцлага, шүүхийн шийдвэрийн асуудал огт хамаагүй.
-Ялын зүйлчлэлийг хөнгөрүүлэх юмуу, хэргийг нэмэлт мөрдөн буцаах боломжгүй байсан уу?
-Тодорхой эрүүгийн хэргийн талаарх нарийн судалгааг яримааргүй байна. Шүүгчийн шийдвэрлэсэн шийдвэрийн талаар тэр тогоо руу өнгийж ярих боломжгүй. Энэ бол шүүгчийн өөрийнх нь итгэл үнэмшлийн асуудал.
medee.mn
URL: