“Ц.Алдармаад 7.1 жилийн хорих ял оноосон нь тухайн зүйлчиллийнх нь хамгийн хөнгөн ял”

b9e28f_20141019_203711_x800

“Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэрэг шүүхээр шийдэгдэж шүүх бүрэлдэхүүн Ц.Алдармаад 7.1 жилийн хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох ял оногдуулсан билээ.

Шүүхийн шийдвэртэй холбогдуулан олон нийтийн сүлжээгээр “Ц.Алдармаагийн ял хэтэрхий хүнд байна, шүүгч хатуурхлаа, өмгөөлөгч муу ажиллаа” гээд олон шүүмжлэл гарах болсон.

Харин шүүхийн байгууллагын зүгээс шүүгч хүн бүхэнд таалагдсан шийдвэр гаргах албагүй, шүүгч зөвхөн хуулинд захирагдаж шийдвэрээ гаргадаг гэсэн тайлбарыг хийгээд байгаа юм.

Шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа “Шүүх байгууллага өөрөө зөвхөн хуулинд захирагддаг. Хуульд юу гэж зааснаас л шалтгаалж шүүгдэгчийг ялалдаг.

Ц.Алдармаад 7.1 жилийн хорих ял оноосон нь тухайн зүйлчиллийнх нь хамгийн хөнгөн ял.

Ер нь бол манай хуулийг шоронжсон хатуу хууль гэж үздэг. Тиймээс энэ хатуу хуулийн талаарх санал бодлоо хууль тогтоох байгууллагад хүргэх хэрэгтэй.  Хууль хатуу байгаад шүүгч буруугүй учир шүүгчийг буруутгах үндэслэл байхгүй” гэлээ.

Харин зарим хуульчид Ц.Алдармаагийн өмгөөлөгч чадвартай байсан бол зүйлчиллийг хөнгөвчлөх боломжтой байсан хэмээн олон нийтийн сүлжээгээр бичиж байгаа юм.

ikon.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих