Эрээнд осолдсон монголчуудын бие сайжирч байна
БНХАУ-ын Эрээн-Бээжингийн чиглэлд зорчиж байсан автобус, суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас Монголын таван иргэн гэмтэж бэртсэн талаархи мэдээллийг өмнө нь манай сайт мэдээлсэн. Уг осол өнгөрөгч зургаадугаар сарын 20-ны өдөр Эрээн хотын “Тэргэн өртөө” буюу зорчигч тээврийн газарт 14.10 цагт гарсан юм. Осол гарсан даруй тус хотын төв эмнэлгийнхэн манай улсын иргэд болох 40-50 насны Н, У, Э, Б, Г нарыг хүргэж яаралтай мэс засалд оруулсан билээ. Харин энэ талаар ГХЯ-ны Консулын газар төдийлөн мэдээлэлгүй байна. Тиймээс осолд өртсөн дээрх иргэдийн эрүүл мэндийн байдлыг тодруулахаар Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консул С.Батхуягтай дахин утсаар холбогдлоо.
-Ослын шалтгааны талаархи дүгнэлт гарсан уу, манай иргэдийн биеийн байдал ямар байна вэ?
- Осол гарах болсон шалтгаан нь суудлын автомашины жолооч нь саяхан сургууль дүүргэсэн үнэмлэхээ ч авч амжаагүй хүн байсан юм билээ. Тэрбээр эсрэг урсгалд орж, өөдөөс нь автобус гарч ирэх үед нь сандраад тоормосоо андуурч, хийн шахуурга дээрээ гишгэсэн учраас осолдсон гэсэн дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан байна лээ.Монгол иргэдийн биеийн байдал сайжирч байна. Осол гарсан эхний өдөр н.Баярмаа гэдэг эмэгтэйн биеийн байдал хүнд байсан учраас хамгийн түрүүнд мэс засалд орсон. Одоогоор таван эмэгтэйн хоёр нь мэс засалд дахин орж, амь насанд нь аюулгүй болсон гэсэн оношыг эмч нар хэлж байгаа.
-Ослын дүгнэлт гарсан юм чинь манай иргэдэд эмчилгээний нөхөн төлбөр олгох болов уу?
- Нөхөн төлбөр гаргуулах асуудлыг даатгалын компанид нь бид тавьсан. Ер нь осолд өртсөнөөс хойш өнөөдрийг хүртэл Эрээн хотын засаг захиргааны газраас манай иргэдийн эмчилгээний зардлыг гаргаж байгаа юм.
Н.Түвшин
URL: