2.7 сая хүний амь нас тэрбум долларын үнэтэй юу?

АНУ-ын Конгрессийн дэргэд тусгай судалгааны алба, эрдэмтэн судлаачид ажиллаж, Конгрессийн гишүүдийг шаардлагатай мэдээ, мэдээлээр хангадаг юм байна.

Тэгвэл саяхан манай улсын ерөнхийлөгч АНУ-д айлчилсантай холбогдуулан тус судалгааны албанаас ийм тайлан мэдээ гаргажээ. Гучаад хуудас бүхий энэ тайланд Монголын тухай олон мэдээ орсоны дотор цөмийн хаягдлын асуудал ч бас багтсаныг хэсэгчлэн авч, та бүхэнд санал дүгнэлттэйгээр орчуулан хүргэе.

Монгол улс: Конгрессийн гишүүдэд зориулан бэлтгэсэн асуудлууд

Бэлтгэсэн: Сьюзан Лоренс, Азийн асуудлын шинжээч

2011 оны 6 сарын 14

Конгрессийн Судaлгааны Алба

Эх сурвалж: www.fas.org/sgp/crs/row/R41867.pdf

Цөмийн зэвсэггүй статустай улс

Монгол улс нь 1992 онд буюу 1990 оны ардчилсан хувьсгалын дараахан цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ зарласнаас хойш өөрийн байр сууриа олон улсын хэмжээнд хуульчлах боломжийг эрэлхийлсээр байгаа. 1992 онд баталж, 2000 оноос хүчин төгөлдөр болсон “Цөмийн зэвсгээс ангид байх тухай” Монгол улсын хуулинд Монголын нутаг дэвсгэр дээр цөмийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, эзэмших, хяналтдаа байлгах, байрлуулах, тээвэрлэх, турших буюу хэрэглэхийг хориглоно гэж заасан байдаг. Мөн түүнчлэн Монголын нутаг дэвсгэр дээр “цөмийн зэвсгийн гаралтай тусгай ангиллын цацраг идэвхт материал, шаар болон аюултай хог хаягдлыг булшлах буюу устгахыг хориглодог” (36). Монгол улсын энэхүү тунхаглал нь ураны нөөцөөрөө дэлхийд хоёрт орох магадлалтай улс орон цөмийн зэвсгээс татгалзсанаараа ач холбогдолтой байсан. Учир нь уран бол цөмийн энергийн үйлдвэрлэлийн амин чухал түлш бөгөөд цаашид цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэдэг билээ. (37). Олон Улсын Атомын Энергийн Агентлагт Монгол улсыг элчин сайд Жаргалсайханы Энхсайхан 2010 онд өгсөн ярилцлагандаа ийнхүү тунхаглах болсон шалтгаан нь 1960-аад онд Орос-Хятадын харилцаа муудахад хоёр том гүрэн цөмийн дайн хийх аюул занал нэмэгдэж, улмаар хуучин Зөвлөлт Холбоот Улсын дагуул байсан Монголын нутаг дэвсгэр дээр зөвлөлтийн цэрэг, пуужинг байршуулж байсан Зөвлөлт улсын зах хязгаарын үүрэг гүйцэтгэж өнгөрүүлсэн түгшүүрт жилүүдээс үүдэлтэй гэж ярьжээ.(38).

НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийн Байнгын 5 гишүүд болох Их Британи, Хятад, Франц, ОХУ болон АНУ зэрэг орнууд Монгол улсыг цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласанд талархсан хэдий ч албан ёсоор хүлээн зөвшөөрөөхийг яарсангүй. 2010 онд өгсөн ярилцагандаа Элчин Сайд Энхсайхан нь Байнгын 5-ын татгалзаж буй шалтгааныг тайлбарлахдаа “Монгол улс бие даан цөмийн зэвсэггүй бүс нутаг болохоо зарласныг хүлээн зөвшөөрвөл цөмийн зэвсэггүй бүс нутаг (ө.х. хэдэн орон нийлж бүс нутаг болдог) хэмээн зарладаг уламжлалт ёсыг эвдэж, бусдад үлгэр дууриалал үзүүлэх тул харзнан хүлээсэн хэрэг” гэжээ (39). (Үнэндээ Монгол улс нь дангаараа цөмийн зэвсэггүй улс гэдгээ зарлахаас өөр арга байсангүй, учир нь түүнтэй хил залгадаг хоёр гүрэн нь хоёулаа цөмийн зэвсэгтэй ажээ). АНУ-ын албаны хүмүүсийн үзэж буйгаар бол мөн дээрх шалтгаанаас гадна Байнгын 5-ын түдгэлзсэн нь Монгол улсыг цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн хүлээн зөвшөөрсөн нөхцөлд олон янзын хууль ёсны амлалт үүрэг хүлээхдээ дурамжхан байгаатай холбоотой аж (40).

Харин 2011 оны 3 сард болсон нэгэн хурал дээр АНУ нь Монголын албаны хүмүүстэй Монголд олон улсын хаягдал цөмийн түлшны хадгалах байгууламж байгуулахаар урьдчилсан байдлаарт хэлэлцэж байгаа хэмээн АНУ-ын албаны түшмэл ярьснаас болж Монголын цөмийн зэвсэггүй статусын тухай хуулийн ач холбогдол сэргэжээ (41). Чухамдаа бол ийм маягийн олон улсын байгууламж байгуулах нь зэвсгээр хөөцөлдөх эрсдэлийг нэмэгдүүлэлгүйгээр олон улсад цөмийн энергийн хэрэглээг өргөжүүлсэн цөмийн түлшний үйлчилгээний үйлдвэрлэлийг бий болгохыг хүссэн талуудын нандин зорилго билээ (42). Ийм хадгалах байгууламжийн аюулгүй байдлыг хангахын тулд хүн ам сийрэг суурьшсан, бусад хүмүүст хүрч очиход хүндрэлтэй орон нутагт байрлах шаардлагатай гэж шинжээчид үздэг байна. Шинжээчдийн үзэж буйгаар энэ шаардлагад тохирсон гурван байршил байдаг нь ОХУ-ын Сибирийн бүс нутаг, Казахстан, Монгол гурав ажээ. Монгол улсын ардчилсан засаглал хийгээд нутаг дэвсгэрт нь хүн амын нягтрал тун бага байдаг нь нэн тааламжтай нөхцлийг бүрдүүлж байгаа—Монгол улс нь манай гаригийн хамгийн цөөн хүн амтай үндэстэн бөгөөд ард иргэд нь нийслэл хот Улаанбатартаа асар олноороо төвлөрдөг. Гагцхүү Монгол улсын цөмийн зэвсэггүй статусын тухай хууль л Монголын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал булшлах буюу устгахад тодорхой саад учруулж байгаа ажээ.

2011 оны 4 сард Монголын Цөмийн Энергийн Газраас мэдэгдэл гаргаж, Монгол улс нь аль нэг улсын засгийн газар, байгууллагатай энэ талаар хэлэлцээр хийснийг эрс үгүйсгэсэн бөгөөд “ийм гэрээ хэлцэл хийх хууль эрх зүйн үндэслэлгүй” гэсэн байна(43). Энэхүү асуудал нь Монголын улс төрийн эмзэг асуудлын нэгд тооцгдох бөгөөд бусад орнуудын нэгэн адилаар цөмийн түлшний хаягдлыг хадгалахын эсрэг эсэргүүцэл Монголд хүчтэй өрнөж байна. Гэвч зарим шинжээч аналистуудын үзэж буйгаар Монголын байр суурь өөрчлөгдөж болзошгүй юм байна. Цөмийн хаягдал түлшин дэх плутонид асар их эрчим хүч агуулагддаг тул цөмийн хаягдал түлшийг “цөмийн хаягдал” гэдгээс бас өөрөөр нэрлэчихэж болно гэж нэгэн шинжээч тэмдэглэсэн байна (44). Мөн зарим Монгол шинжээчид ч олон улсын цөмийн түлшний хаягдлыг хадгалах гэрээ байгуулснаар Орос улстай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж, Хятадтай харилцах эдийн засгийн харилцааг тэнцвэртэй болгох боломжтой хэмээн үзэж байна. Ингэсэн тохиолдолд, Монгол улс нь Монголоос олборлосон уранаар Орост үйлдвэрлэсэн цөмийн түлшний хаягдлыг хадгалахыг зөвшөөрөх магадлалтай юм.

Конгессийн мэдээг уншаад эргэцүүлэн ДҮГНЭВЭЛ хоёр зүйл тодорхой:

1. Монголд цөмийн хаягдал булахаар төлөвлөгдөж байгаа нь үнэн

Баримт: АНУ-ын Конгрессийн тайлан нь Монголд цөмийн хаягдал булшлах байгууламж барихыг гадаад орнууд сонирхож, энэ талаар судалгаа шинжилгээ, яриа хэлэлцээр хийгдэж байгаа нь үнэн гэдгийг давхар нотолж байна. Урьд нь энэ талаар АНУ-ын Эрчим хүчний яамны албаны дарга Ричард Стратфорд ярьсан нь 2011 оны 3 сарын 29-ний олон улсын хурлын аудио бичлэгт үлдсэн байгаа, мөн “National Journal”- ын сэтгүүлч Илэйн Гроссман бичсэн, түүнчлэн Японы Майничи сонин ч нийтэлсэн. Энэ мэдээ дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн сyвгyyд болох CNN, BBC, Ройтерсээр цацагдаж байсан. Хамгийн сүүлд японы сэтгүүлч Ёичи Шимацу Монголд Фукушимагийн хайлсан цөмийн түлшний хаягдлыг булахаар төлөвлөж, Тепко 12 тэрбум доллар төсөвлөсөн тухай мэдээлсэн байгаа. Зөвхөн Фукушимагийн цөмийн түлшний хаягдалд 12 тэрбум зарлагдана гэж бодохоор Ричард Стратфордын хэлсэн Тайвань, Солонгосын цөмийн хаягдлыг бас нэмвэл хэдий хэмжээтэй мөнгөний асуудал яригдаж байгаа нь тодорхой болно. Монгол улсын засгийн газар энэ бүгдийг үндэслэлгүй, шар сонины мэдээ хэмээн үгүйсгэсээр өнөөг хүрсэн. Тэгвэл одоо АНУ-ын Конгрессийн тайланг бас андуурал гэх үү?

2. Mанай эрх баригчид Монголд цөмийн хаягдал булшлах арга замуудыг эрж хайж байна.

Тэд энэ талаар нарийн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсаар удаж байна. Тухайлбал, Конгрессийн тайланд цөмийн түлшний хаягдлыг “хаягдал” гэлгүй өөр нэр өгчихвөл ард олныг тархийг эргүүлж дөнгөнө гэж зарим шинжээчид үздэг гэж бичсэн байна. Тэгвэл энэ санаархал Монголд хэдийнээ хэрэгжээд эхэлчихсэн асуудал л даа. Олон нийтийг худал мэдээллээр утаж, тархи угаадаг тусгай бүлэг байхад очсон улс орон бүрийнхээ цөмийн хаягдлыг нь булшлахаар ил далд санал тавьж, ярьж хэлцэж явдаг хэсэг ч Монголд бий. Бас oлны анхаарлыг өөр зүйлд хандуулж, чулуу хөөлгөдөг, эргэлзээ төрүүлж худал тайвшруулдаг, хошгируулдаг бүлэг ч ажиллаж байна.

Баримт 1: Академич Б. Чадраа АЦС, уран ашиглалтыг сурталчлах болсноор удcан. Сар бүр дор хаяж хэвлэлийн хагас нүүр ярилцлага өгдөг тэрбээр mass.mn дээр 5 сарын 24-нд гарсан ярилцлагандаа “цөмийн хаягдал гэдэг … хадгалаад хэдэн зуун жил цацраг цацруулаад байх зүйл биш. Өөрөө маш үнэтэй түүхий эд” гэж хуурсан бол 4 сарын 18-ний Өдрийн сонинд “Ашигласан ураны хог хаягдлыг эргэж ашиглахаар болсон…Цөмийн хог хаягдлыг нутаг дээрээ байрлуулах нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Хэрвээ манай улс цөмийн хог хаягдлыг нутаг дээрээ байршуулах аваас зуун жил цахилгаанаар хангах атомын цахилгаан станц үнэгүй бариад өгөх болно” гэжээ.

Баримт 2: УИХ-ын гишүүн П. Алтангэрэл бол Б. Чадраагийн хамтрагч. Мөн л уран олборлохыг рекламдаж, өнгөрсөн оны сүүлээр Бадамдамдин, Ц. Батбаяр нартай АНУ-д очиж цөмийн асуудлаар хэлэлцэж байгаад ирсэн хүн. Тэрбээр 6 сарын 3-ны “Зууны Мэдээ сонинд гарсан ярилцлагадаа “ОХУ, Казахстан зэрэг улс орнуудад цөмийн эрчим хүч үйлдвэрлэгчид хог хаягдлаа өндөр үнэ төлж булдаг байсан. Тэгвэл сүүлийн үед тэр булсан хаягдлаа эргээд өндөр үнээр худалдан авч дахин боловсруулж түлш үйлдвэрлэж байна” гэж огт ор үндэсгүй мэдээллээр тархи угаахыг оролджээ.

Баримт 3: 2011 оны 5 сарын 21-нд гарсан 25-р Телевизийн “Дуусдаггүй Яриа–Цөмийн xаягдал” нэвтрүүлэгт УИХ-ын дөрвөн ч гишүүн (Д. Энхбат, Л. Гантөмөр, О. Чулуунбат, Н. Батбаяр), мөн ГХЯ-ны тусгай элчин сайд А. Ундраа болон ШУА-ийн доктор Тогоо нар оролцсон. Нэвтрүүлгийг хөтөлж байсан УИХ-ын гишүүн Д. Энхбатын “Цөмийн хаягдал гэж юу вэ?” гэсэн асуултанд А. Ундраа хариулахдаа: “Цөмийн циклийн алхам бүрт хаягдал гарна. Ураны уул уурхайг ашигласны дараа шар нунтаг боловсруулсны дараа тэндээс гарч байгаа үлдэгдэл шороо, мөн дараа нь баяжуулах, хөрвүүлэх алхмуудаас гарч байгаа тэр бага баяжигдсан ураны хэсэг, за мөн цөмийн станцад хийсэн түлшийг ашиглаад дууссаны дараа гарсан тэр түлш бол бас хаягдалд орно. Тэгэхдээ тэр хаягдал юм уу эсвэл дахиж хэрэглэвэл бас баялаг болчихно. За тэгэхлээр тодорхойлолт нь өөрөө харьцангуй ойлголт” гэснээ түр хугацааны дараа “хаягдал ч гэж хэлж болно. Дахиж хэрэглэж болох түлш ч гэж хэлж болно, хаягдал байх албагүй. Тодорхойлолт нь яаж гарснаасаа хамаарна” гэж байв.

Баримт 4: Аль 2004 оноос л цөмийн хаягдлын бохир бизнес хийсэн хэмээн яригдах болсон УИХ-ын гишүүн О. Чулуунбат 2011 оны 4 сарын 6-нд “Улаанбаатарын утаа, ил жорлонгоос цөмийн хаягдал арав дахин бага хортой байдаг” гэдэг ярилцлага “Өнөөдөр” сонинд өгсөнийг уншигчид сайн санаж байгаа биз ээ. Тэрбээр “Цөмийн хаягдал чинь манай ДЦС-уудын гаргадаг үнс, утаанаас ч бага хортой гэдэг юм билээ. .. Цөмийн хаягдал тийм ч хор хөнөөлтэй зүйл биш, … айгаад байх зүйл байхгүй, ашигтай бизнес ” гэж олны дургүйцлийг хүргэсэн.

Баримт 5: Гэтэл бодит байдалд дэлхийн ганц ч орон хаягдал түлшийг баялаг гэж үзэхгүй, авч хадгалахыг хүсэхгүй, асар хортой гэж айж цэрвэдэг. Цөмийн түлшний хаягдлыг урт хугацаагаар хадгалах манай гаригийн анхны байгууламжийг газрын гүнд 500 метрт барьж буй Финлянд улс гэхэд (АНУ-ын Якка уулны төсөл зогссон тул тооцохгүй) Oнкала дахь байгууламжаа барьмагцаа лацдаж, хэзээ ч нээхгүй байхыг хойч үеийнхэндээ сануулна, ор тас мартвал бүр сайн хэмээн тэр асар том, маш ноцтой байгууламжийг барьж байгаа албаны хүмүүс, эрдэмтэд ярьж байна.

Монголын ШУА-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн, АНУ-д физикийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн, Монгол Банкны ерөнхийлөгч байсан эдгээр хүмүүс цөмийн хаягдлын хор уршгийг мэдэхгүй бүдүүлэг харанхуй хүмүүс яавч биш. Харин чухам хэний захиалгаар цөмийн түлшний хаягдал гэдэг бол “хаягдал биш баялаг”, “асар үнэтэй”, “хор хөнөөл багатай” гэсэн мессежийг давтан давтан өгүүлж, Монголчуудыгаа хуурч мэхлэхээр ажиллаж байгаа вэ, тэд?

Хэрэв цөмийн хаягдал нь үнэхээр асар үнэтэй түүхий эд, баялаг юм бол Финляндууд яагаад баялгаа бүрмөсөн булж байна вэ? Яагаад бусад орнууд салахын түүс болж байна вэ?

Баримт 5: Сүүлийн үед цөмийн хаягдлыг булшлахаар нууц хэлэлцээр хийж явсан хэмээн яригдаад буй Гадаад Хэргийн сайд Г. Занданшатар цөмийн хаягдал байршуулах, импортлохыг хориглосон хуулийн заалт санаачилж бaйгаагaa хэвлэл мэдээллээр цацсан нь олныг эргэлзэхэд хүргэсэн. Харамсалтай нь энэ бол ард түмнийг төөрөгдүүлэх, тайвшруулах гэсэн тэдний ээлжит тоглолт. “Цөмийн түлшний хаягдал бишээ, яваандаа асар ховордох үнэт түүхий эд” гээд оруулаад ирэх боломж нээлттэйг тэр юу эс андах вэ.

Баримт 6: “Дуусдаггүй Яриа” нэвтрүүлэгт оролцсон эрхэмүүд “Монголд АЦС барихад бид бэлэн болоогүй, бид нараас илүү мэдлэгтэй, бид нараас илүү чадвартай, бид нараас илүү одоо шинжлэх ухаан хөгжчихсөн ирээдүйн Монголчууд барина биз” гэж мэдлэг чадвар мөхөс гэдгээ нэг дуугаар хүлээн зөвшөөрч байнa. А. Ундраа хүртэл “Би хувьдаа цөмийн цахилгаан станц хэрэггүй гэж боддог юм. Урантай байлаа гээд тэр бол цөмийн цахилгаан станц заавал барих ёстой гэсэн үг биш…манайх ийм их хямдхан нүүрстэй, цөмийн цахилгаан станц бол эдийн засгийн хувьд хэзээ ч нүүрсээр гаргаж байгаа станц шиг тийм ашигтай болж чадахгүй… Нөгөөтэйгүүр бас аюулгүй ажиллагаа… манайх бол замаа ч стандартын дагуу тавьж чадахгүй, өвөл болгон юм хум нь ховхроод байдаг байж яаж бид нар тийм их өндөр аюулгүй байдлын ажиллагаа шаардагддаг станцыг бариад ажиллуулж чадах юм бэ” гэж хэлсэн.

Тэгвэл, АЦС барих чадваргүй, дотоодын хэрэгцээнд зориулан уранаар түлш хийх шаардлагагүй юм бол өнөөдөр бид чухам ямар учраас цөмийн энерги гэгч таньж мэдэхгүй тоглоом руугaa ингэтлээ улайран шунаж, 1.4 сая тонн нөөцтэй гэх уранаа яг одоо л ашиглах гэж яарч, ирээдүй хойч үеийнхэндээ газарт булшилсан хорт хаягдлаа “баялаг” хэмээн молигодож үлдээхээр үхэлдээд байна вэ?

“Дуусдаггүй Яриа” нэвтрүүлэгт А. Ундрааг “Хүссэн хүсээгүй ураны уул уурхай явах гэж байна” гэж хэлэхэд нь Н. Батбаяр гишүүн өөрөөр ч шийдэж болно гэж ойлгуулсан. Хариуд нь A. Ундраа “Одоо тэгээд Мицубуши, Арева хоёрыг яах вэ?” гэж асууж байх юм. Тэгэхээр Монголчууд бид Мицубиши, Арева зэрэг ураны салбарын том тоглогчдод үйлчлэхийн төлөө уранаа олборлох ёстой гэж үү?

Алт, нүүрс, зэс, нефть, газрын үнэт металл л гэнэ, хамаг нөөцөө нэг зэрэг задалж харийнхныг дайлах хэрэгцээ байгаа юм уу бидэнд? Хэдэн зууны туршид хөндөөгүй болохоороо хор болж идэвхжилгүй яваад ирсэн ураны баялаг байгаа ч өөрсдөө хэрэглэж чадахгүй бол ирээдүй хойч үедээ хэвээр нь үлдээх хэрэгтэй бус уу?

Баримт 7: Cүүлийн хэдэн жилд ерөнхийлөгч Элбэгдорж, ерөнхий сайд С. Батболд, Гадаад Хэргийн сайд Г. Занданшатар явсан очсон газар бүрнээ цөмийн энергийн салбарт хамтран ажиллах санамж бичиг үзгэлж, цөмийн түлш бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ байгуулах болсон нь худал бишээ. Ганцхан ерөнхий сайдаар жишээ авахад л 2011 он гарсаар Арабын Эмират, Кувейт, Солонгос гэх зэрэг олон орноор айлчлахдаа очсон газар бүртээ ураны түлш нийлүүлж, хаягдлаа буцааж авахаар ярьж явсан байгаа. http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=19174&vmet_main=6887

Монголчууд бид баталгаагүй, хугацаа нь дууссан, хэрэглэх горим нь зөрчигдсөн хүнс хэрэглэж, хорт утаа, мөнгөн ус, цианид, бусад химийн хоронд хордож байгаа. Монгол улс 100 мянган хүнд ногдох хорт хавдраас үүдсэн нас баралтын тоогоор дэлхийн 192 орноос 2-т бичигддэг болсон эмгэнэлт баримтыг та сонссон уу? Элэг, улаан хоолойны хавдраар 1-д, ходоодны хавдраар дэлхийд 2-т тэргүүлж явнаа, бид. http://www.worldlifeexpectancy.com/world-health-rankings

Ядарч туйлдсан ард түмнээ дээрээс нь цацрагаар нэрмэх хэрэг байна уу даа? 2.7 сая хүний амь нас, тэдний ирээдүй хойч тэрбум долларын үнэтэй юу, эрхэмүүдээ?

Амарлин

golomt.org

Жич: Энэхүү нийтлэлд ашигласан баримтууд нь хэвлэл мэдээллийн сувгуудаар цацагдаж байсан ил баримтууд бөгөөд дийлэнх мэдээ, эх сурвалжуудыг нь golomt.org дээрх нийтэлүүдэд тодорхой дурьдсан болно.

Конгрессийн тайланд ашигласан материалyyд:

36—- “Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол улсын хууль”, 1992 оны 9 сарын 25-нд зарлан тунхaгласан, Цөмийн зэвсгээр үл хөөцөлдөх судлалын төв, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын байгууллага, дэглэмүүдийн бүртгэлээс

37—АНУ-ын Геологийн Cудалгаанд мэдээлэхдээ Монгол улс ураныхаа нөөцөөр Австралийн дараа, дэлхийд хоёрт орох боломжтой гэжээ. Сьюзан Вакастер, 2009 оны ашигт малтмалын ном: Монголын ашигт малтмалын салбар, АНУ-ын Геологийн Cудалгаа, Вашингтон, ДС, хэвлэсэн 2011 оны 2 сар, 18.3 тал. http://minerals.usgs.gov/minerals/pubs/country/2009/myb3-2009-mg.pdf

38—Жованни Верлини. “Цөмийн зэвсгээс зайгаа барьсан нь: Элчин сайд Жаргалсайханы Энхсайхан Тоймын сэтгүүлч Жованни Верлинитэй Монгол улс цөмийн зэвсэггүй бүс болох тухай ярилцсан нь,” Олон Улсын Атомын Агентлагийн Тойм сонин, дугаар 51-2 (2010 оны 4 сар), 44-47-р талууд.

39 –дээрхтэй ижил

40—Монгол улс нь Цөмийн зэвсэггүй бүсийн статусаа институтчилахаар өөр арга замуудыг эрэлхийлж байсан. Тухай нь ОХУ (1993) болон Хятадтай (1994) гэрээ байгуулж, Монгол улсын нутаг дэвсгэрийг бусдын эсрэг үйл ажиллагаандаа ашиглахгүй байх тухай гэрээ байгуулжээ. ОХУ-тай улстай байгуулсан гэрээнд Монгол улсын нутаг дэвсгэр дээр гадны цэрэг, цөмийн зэвсэг, бусад үй олноор нь устгах зэвсгийг оруулахгүй байх Монголын бодлогыг хүндэтгэнэ гэдгээ Москва амалжээ. Хятад улс ч хэвлэлийн мэдэгдэлдээ ижил төстэй амлалт өгчээ. 2007 онд Монгол улс өөрийн цөмийн зэвсэггүй бүсийн статусыг баталгаажуулсан гурван талын гэрээний төслийг Орос, Хятадад танилцуулсан боловч дараа дараагийн хэлэлцээрээр зөвшилцөлд хүрч чадаагүй ажээ. НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2009 онд Монголын цөмийн зэвсэггүй статустай болох тухай шийдвэрийг хүлээн авсан ч “Монгол улсын тусгаар тогтнол, хараат бус байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын дархан байдал, бие даасан гадаад бодлого, эдийн засгийн аюулгүй байдал, экологийн тэнцвэртэй байдал, түүнчлэн цөмийн зэвсэггүй статусыг дэмжин бэхжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд нь Монгол улстай хамтран ажиллах явдлаа үргэлжлүүлэхийг” гишүүн орнууддаа зөвхөн “санал болгосноор” хязгаарлажээ. НҮБ-ын 63/56-p Тогтоол, “Монгол улсын олон улсын аюулгүй байдал болон цөмийн зэвсэггүй статус,” 2009 оны 1 сарын 12-нд батлагдсан.

41— Илэйн М. Гроссман, “Монгол улс бүсийн цөмийн түлшний хаягдлыг хадгалж болзошгүй гэж АНУ-ын албан тушаалтан өгүүлжээ,” National Journal, 2011 оны 3 сарын 31. Энд нэр дурьдагдсан төрийн дээд албан тушаалын түшмэл нь Төрийн Департаментийн Цөмийн Энерги, Аюулгүй байдал хариуцсан албаны захирал Ричард Стратфорд байсан.

42. Хэрэв улс орнууд өөрсдийн хаягдал түлшээ явуулж хадгалах газартай болчихвол шинэ улс орнууд ураны түлшийг дахин боловсруулах хүчин чадалтай болох шаардлагагүй болно гэж үздэг юм. Дахин боловсруулах технологиор түлш үйлдвэрлэж, мөн цөмийн зэвсэгт ашигладаг плутонийг ялгаж авах боломжтой. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Цөмийн түлшний циклийг зохион байгуулах нь: Цөмийн эрчим хүчийг дэлхий нийтэд хүртээмжтэй болгосноос үүдэн бодлогод үзүүлэх үр нөлөө, гэдэг Мэри Бет Никитины бичсэн тайлангаас үзнэ үү.

43—Австри улс, Вена хот, Монгол улсын Элчин Сайдын Яам. Монгол улс цөмийн хаягдал хадгалах тухай яриаг үгүйсгэж байна хэвлэлийн мэдэгдэл. 2011 оны 4 сарын 7. http://www.embassymon.at/news/news_340.html

44—Павел Подвиг. Монголд цөмийн хаягдал түлш булшлах тухай зөрчилдөөнтэй тайлан мэдээнүүд. Цөмийн материалын талаарх олон улсын шинжээчдийн зөвлөл, блог дээрх мэдээлэл, 2011 оны 5 сарын 10. http://www.fissilematerials.org/blog/2011/05/conflicting_reports_about.html


URL:

Сэтгэгдэл бичих