Хэтэвчтэй нь хариуцлага ярья
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэмт хэрэг зөрчилд холбогдох явдал манай улсын толгойн өвчин болчихоод байсан нь саяхан.
Энэ асуудалтай тууштай тэмцэл эхлүүлснээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал багассан ч үр дүн гарлаа гэж хэлэхэд эрт байгаа юм. Нэг шөнийн дотор л нэг дүүрэг дээр 6-9, баяр ёслолын үеэр 10 гаруй согтуу жолооч баригдаж ирдэг гэсэн тоон баримт бий.
Таван сая төгрөг төлчих чадалтай нь тэртэй тэргүй танил талаараа аргалаад ялаас мултарчихдаг учраас дундаж амьдралтай иргэдийн хувьд таван сая төгрөг гэдэг 30 хоног баривчлагдаж, зургаан сараар эрхээ хасуулахаас илүү үр дүнтэй шийтгэл болох юм.
Дүүргийн Замын цагдаагийн гадуур эргэлдэх анх удаа, давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарын нэг өдрийн дундаж тоо 5-6 байгаа нь энэ төрлийн зөрчил багасах болоогүй гэдгийг харуулж байна. Тэгэхээр энэ асуудлаар төр бүр ч илүү бодлого боловсруулах шаардлагатай гэдэг нь мэдэгдэж байна. Нэг удаад эрхийг нь хасдаг, хоёр дахь удаагаа бол ял оноогоод тэдэнтэй тэмцэж чадахгүй гэдэг нь харагдаж байна.
7-30 хоног баривчлуулах ялаар шийтгүүлсэн нэг удаагийн баривчилгаанд хамрагдсан 500 гаруй “согтуу жолооч” төрийн хоол үнэгүй идэж байгаад гарч ирдэг гэхэд хилсдэхгүй. Өдрийн гурван хоолтой, өдөржин жижиг чулуу зөөх мэтээр л баривчлах ялаа аргалдаг гэх. Цаашлаад баривчлах ялаар шийтгэх нь тухайн хүний нэр хүнд, цаашдын амьдралд нь хар толбо үлдээх билээ. Юм болгонд баривчлах, ял оноох гэсэн зарчмаар ажиллаад байвал Монгол Улсын хэмжээнд шоронд орж үзээгүй хүн ховорхон болох биз.
Гэтэл хөгжиж буй тэр дундаа Азийн орнууд согтуу жолооч нартайгаа маш үр дүнтэй аргаар тэмцдэг аж. Японд гэхэд мөнгөн дүнгийн торгуулийг өндөр ногдуулснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг бараг л 100 хувь бууруулж чаджээ. Японы аль ч хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд нэг хүн тутамд 5000 ам.долларын торгууль ногдуулдаг юм байна. Зөвхөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочид бус согтуу жолоочийн машинд сууж явсан хүн бүхний тоогоор мөнгөн торгууль ногдуулдаг учраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож өр төлбөрт орохыг хүсдэг хүн тийм ч олон биш. Энэ мөнгөө зам засвар, шинээр зам гүүр барих төлбөрт зарцуулдаг аж. Манайд ч гэсэн иргэдийнхээ хэтэвчтэй нь хариуцлага тооцох байдлаар тэмцэх боломж бий.
Өртөг өндөр, хөгжингүй оронтой харьцуулах аргагүй ч маш өндөр хэмжээний торгууль ногдуулах боломж байгаа юм. Таван сая хүртэл төгрөг төлөх, эс бөгөөс ялаа эдлээд явдаг байдлаар зохицуулалт хийчихвэл хүн болгоныг 30 хоногоор баривчилж, төсвийн мөнгөөр тэднийг тэжээхгүй байх давуу талтай. Жолоодох эрхийг нь хязгаарлаж, мөн мөнгөн торгуулийг өндөр тавих, эсвэл баривчлах ялаар нь шийтгэдэг сонголт өгөх нь өнөөгийн нөхцөлд хамгийн боломжтой хувилбар санагдаад байгаа юм.
Төрийн мөнгөөр хооллож, зүгээр суулгах бус тэднээс мөнгийг нь гаргуулж төсөвт төвлөрүүлж, энэ мөнгөөрөө замын түгжрэл, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх ажлаа эрчимжүүлж чадвал бодит ажил болох учиртай. Ядахдаа л зам засварт төсвөөс мөнгө гаргадаггүй болчих боломж бий. Торгуулийн мөнгөнд таван сая төгрөг аваад өгчих боломжийн амьдралтай нь тийм ч олон биш. Тэгэхээр нэг удаад өндөр торгуульчихсан бол дараагийн удаа гэж бараг л байхгүй болно.
Эхний удаад төлбөр арай бага, дараагийн удаа баривчлагдвал төлбөрийг өндөр тавих боломж ч бас бий. Таван сая төгрөг төлчих чадалтай нь тэртэй тэргүй танил талаараа аргалаад ялаас мултарчихдаг учраас дундаж амьдралтай иргэдийн хувьд таван сая төгрөг гэдэг 30 хоног баривчлагдаж, зургаан сараар эрхээ хасуулахаас илүү үр дүнтэй шийтгэл болох юм.
Хэтэвчтэй нь хариуцлага тооцох уу, эсвэл биеэр ялаа эдлэх үү гэдэг сонголт байхгүйгээс урьдчилан хорих хий дэмий сэлгүүцсэн залуусаар дүүрч, өдрийн гурван хоолны мөнгө төрийн халаас тэр дундаа татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа юм. Тиймээс Гэмт хэрэг, Зөрчлийн тухай хуулиа хурдхан батлахсан. Зөрчил гаргасан тохиолдолд сайн дурын ажилд хамруулдаг, мөнгөн торгууль ногдуулдаг байдлаар шийтгэх талаар ярьж байгаа нь хэзээ ажил хэрэг болох вэ гэдэг нь энэ мэт учир дутагдалтай Эрүүгийн хуулийн зүйл заалтуудаас харагдсаар байна.
Б.Өнөртогтох
Монголын үнэн
URL: