Хүнд цохилт

dc91cd74990be04f9fe3932be60499b9big

2012 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн УИХ-ын тав дахь удаагийн чуулган уламжлал гэх үү, унхиагүйнх уу, сандал, суудлын хэрүүлээрээ нэгэн долоо хоногийг үдлээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн, АН-аас  УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Шударга ёс” эвсэлээс УИХ-ын дэд дарга Л.Цогт нар өргөн мэдүүлснээр сайд нарыг огцруулахаар хандсан долоо дахь удаагийн үйлдэл болон энэ парламентын түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ.

Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Сангийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Л.Болд, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Зам тээврийн сайд А.Гансүх, Эрчим хүчний сайд М.Сономпил,  Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын долоон сайдыг чөлөөлж, давхар чиг үүрэгтэй яамдыг нэгтгэн сайдаар нь ажиллах хүнийг Ерөнхий сайд дэвшүүлсэн ч МАН-ын бүлэг завсарлага авснаар томилсонгүй.

Ерөнхийлөгч шинэ сайдуудын томилгоондоо дан дээлтэй байлгахыг захиад АСЕМ-ийн хуралд мордож, МАН-ын бүлэг ч үүнийг нь дэмжсээр буй ахуйд Ерөнхий сайдын оруулж ирсэн сайд нарын нэрст давхар дээлтнийг нэмэх эрхмүүд байсан нь “өмнөхөөс нь дордуулсан, чадавхи муутайн дээр давхар дээлтэй хүмүүсийг сайдаар томилуулахаар оруулж ирлээ” гэж МАН-ын бүлгийнхэн шантаажлахад хүргэв. Асуудал гэхдээ дан хийгээд давхар дээлэндээ бус гэдгийг Ерөнхий сайдыг огцруулахаар өргөн барьсан бичгээс нь тодорхой боллоо.

Ингэснээр Засгийн газрын байр суурь ганхаж эхэллээ.

Энэ хүснэгтээс харвал хэрвээ хүсвэл МАН өөртөө зарим гишүүдийг урвуулснаар Засгийн газрыг огцруулах бүрэн боломжтой болно. Одоогоор 28 гишүүнтэй байгаа тэдэнд бие даагч гурван гишүүн, дээр нь сайдынхаа суудлаас буусан Ч.Улаан, замд гарахыг уриалаад буй Женко Х.Баттулга ба түүний МоАХ фракцид харъяалагддаг хоёр гишүүн, “Шударга ёс” эвслээс О.Баасанхүү, Д.Батцогт нарыг урвуулах төдийд нь Засгийн газрын хойдохыг уншина гэсэн үг.

Ийм бодит цохилтоор хүнд байдалд оруулсан болохоор даралтаас гарах гэсэн Засгийн тэргүүн өөрийгөө хамгаалах кнопоо цөөлөхгүйн тулд түргэн авч, огцруулах өргөдөл өгсний маргааш нь буюу бямба гаригт МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн гарын үсэг зурлаа. Ингэхдээ Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн төлөөлөл болсон УИХ, Засгийн газрын гишүүдийг оролцуулсан нь зарим хүмүүсийн нүдийг бүлтийлгэсэн үйлдэл болов. Сошиал ертөнцөөр ч түүний энэ үйлдэлийг эсэргүүцэн зарим гишүүд нь амралын өдөр гэлтгүй жиргэж, уур ундууцлаа илэрхийлж байна.

Н.Алтанхуяг “Манай Засгийн газарт Ардчилсан нам, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг-Ногоон нам хамтарч ажиллаж байна. Энэ үйл явц цаашид ч үргэлжлэх болно” хамгийн түрүүнд онцлон, орон даяар хэллээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр ч “Төр засгийн ажил тодорхой, урагшаа харсан байх ёстой, цаг алдаж болохгүй.МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Засгийн газарт Ардчилсан намтай хамтран ажиллаж, улс орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна” гэснээр Ерөнхий сайдыг огцруулахын эсрэг байгаагаа дуулгав. Харин Н.Энхбаярыг өөрийнхөө талд байлгасны төлбөр нь юу вэ гэдэг нь тодорхойгүй байгаа ч удахгүй ил болох буй за.

Ирэх сонгуульд эдгээр хоёр нам эвсэн оролцож, өөрсдийн саналыг хуваахгүй байх үүднээс АН-ын нэр дэвшигч дэмшсэн тойрогт МАХН-аас нэр дэвшихгүй, МАХН-аас нэр дэвшсэн тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч дэвшихгүй байхаар тохиролцсон гэрээний албан бус хуулбар интернэтээр ил болов. Амралтын өдрүүд байсан болохоор олонд ил болоод буй энэ гэрээний талаар Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар албан ёсоор тайлбар хийсэнгүй. Гэхдээ өмнө нь АН өнөөгийн ИЗНН-тай иймэрхүү хамтран ажиллах гэрээг хийж байсан зэргээс харвал энэ бүхэн бодитой байх магадлалтай юм.  Энэ мэт асуудлыг АН-ын ҮЗХ-ны хурлаар шийдвэрлэх ёстой ч ҮЗХ-ны эрхийг Гүйцэтгэх зөвлөлд шилжүүлсэн байгаа. Гэхдээ АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдсан талаар мэдээлэл алга байна.

Хэдийгээр Засгийн газар энэ удаад үлдсэн ч дараа дараагийн удаад МАН зүгээр орхихгүй нь хэнд ч ойлгомжтой боллоо. Үндсэн хуулиар Засгийн газрын гишүүдийг огцруулах, томилох эрх нь УИХ-д хадгалагдаж буй энэ нөхцөлд ийм довтолгоо удаа дараа ирсээр л байх болно. Тиймээс ч МАН-тай хамтрахгүй бол Засгийн газар амар заяагаа үзэхгүй гэсэн мессэж гадуур хүчээ нисч байна.

АН-ын фракциудын зарим төлөөлөл ч ийм байр суурийг цухуйлгах боллоо. Тэр ч бүү хэл, амьдрал нь хэцүүдэж, хэзээ мөдгүй босоход бэлэн байгаа иргэдэд замд гарахыг уриалан, турхирах болов.

Ерөнхий сайдын бодлогогүй алхам, улстөрчдийн эрх мэдлийн төлөөх тэмцэл, МАН-ын үгүйсгэлийн үгүйсгэлээр Монгол Улсын төсөв, эдийн засгийн бодлого унаж, энэ байдал даамжирвал ирэх оныхоо төсвийг ч батлаж чадалгүйгээр дахин сонгууль явуулах хэцүүхэн нөхцөл үүслээ. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг улстөрчдийн энэ сунжирхан явцуурхал дахиад энэ долоо хоногт үргэлжилнэ. Монголчууд байнга ийм хүнд цохилтонд ороод байхгүйн тулд засаглалын тогтолцоогоо өөрчилж, эрх мэдлийн зөв хуваарилалтыг хийхийг цаг хугацаа сануулан байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ирсэн нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл онгоцноос буусан даруйдаа намынхаа холбогдох хүмүүсийг дуудаж уулзсан, фракциуд амралтын өдрүүдэд сэм сэмхэн уулзалтууд хийсэн, Ерөнхийлөгч эх орондоо ирнэ зэргээс харвал өнөөдрөөс эхлэн жинхэнэ бужигнаж эхлэх бололтой.

news.mn


URL:

Сэтгэгдэл бичих