ТҮГЖИЛ БА ТЭМЦЭЛ
Нэгэнтээ шар бүч, хар пальтогоор ижилсэн залуус “Монголын төрд шургалсан олигархи бүлэглэлийг зайлуулж, авлигач албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно, эрүүл нийгмийн төлее” гэсээр Төрийн ордныг байсхийгээд гороолдог байлаа. Иргэд тэдний тэмцлийг дэмжиж жагсаалд нь хэдэн арваараа нэгдэн хүч нэмдэг байв. Удсан ч үгүй УИХ-ын ээлжит сонгууль болоход Ж.Батзандан, О.Магнай тэргүүтэй иргэний хөдөлгөөний авторууд нэр дэвшсэн ч сонгогчдын саналыг авч чадалгүй бүдэрсэн. Үүнийгээ дагаад өнөөх байгуулсан “Иргэний хөдөлгөөний нам” нь ч мартагдсан. Харин саарал ордон дахь 76 эрхмийг хараан зүхдэг байсан тэд нэг л өдөр цагдаад шалгуулж байсан хэрэгтээ аврал эрж АН-ын мандатыг өвөртөлж ирэх сонгуульдаа бэлтгэж эхэлсэн юмдаг.
Товчхондоо төрд шургалсан олигархиудыг зайлуулах бус төрийн түшээ болох нь эрхэм зорилго нь байсныг үүгээрээ баталсан хэрэг. Намын мандат өвөртөлснийхөө хүчинд тэд ч зорилгодоо хүрч нэг нь төрийн түшээ, нөгөөх нь агентлагийн даргын албыгхашиж байна. Гэхдээ тэмцэгч хүн тэмцэгчээрээ л үлддэг бололтой. Үүний тод илрэлийг олонхи биш олуулаа болсон АН-ынхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мэдэрч байх шиг. Тэрхүү тэмцэгч нь Ж.Батзандан гишүүн. Бүр “Байнгын оролдлого бол амжилтын үндэс” гэж ирээд л намын нөхдөө баалах юм. Уг нь намын мандат, нэр дэвшсэн тойрог, санал өгсөн дэмжигчдийг нь харахаар олон нийт түүнийг яалт ч үгүй АН-ын гишүүн гэж хараад байдаг. Хачирхалтай нь, хэлж байгаа үг, хийж буй үйлдлээс нь өнөөх л иргэний хөдөлгөөний тэмцэгчийн дүр төрх нь үнэртэх юм, Хамгийн сүүлд намын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүнээ огцруулах сөрөг хүчний хуулийн төсөлд гарын үсгээ зурлаа.
Үүнд нь намынх нь төдийгүй сонгогдсон тойргийнх нь гишүүд дэмжигчид сэтгэл дундуур байгаагаа түрүүчээсээ илэрхийлээд эхэлчихэж. Гэхдээ Ж.Батзандан гишүүний хувьд ардчилал бүдгэрсэн он жилүүдэд эрүүл нийгмийг цогцлоохын төлөө тэмцэж, дуугарч явсан гэдгээр нь олон нийт түүнийг дэмждэг, сайшаадаг. Нөгөөтэйгүүр, олон жижиг намын нэгдэл АН-ын фракцуудын хүлээсэнд ороогүй нь түүний давуу тал бас имиж нь болдог. Фракцын хүлээсэнд орж хайрцаглагдаагуй тэрээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, шүүмжлэлтэй хандаж байгаад нь эрх баригч намын удирдлагууд нь дургүй байж болох. Товчхондоо хайрцганд орж намын заавраар яваагүй гишүүнээ олонхийн зүгээс баалах замаар буланд шахаж байгааг ч үгүйсгэхгүй. Магадгүй намынхаа алдаатай бодлогыг шүүмжилж, хариуцлагын тухай ярьж, тэмцэж байгаа Ж.Батзандан гишүүний зөв ч байж болох юм.
Хамгийн гол нь, өчигдөр нь намын даргаасаа мандатыг нь авч, өнөөдөр нь нэр дэвшиж сонгогдчихоод, маргааш нь ар нуруунаас нь “хутга шааж” түгжилддэг хүнд тэмцэгч гэх тодотгол лав зохихгүй. Мэдээж болж бүтэхгүй байгаа зүйлийг засч залруулахын төлөө төрийн түшээ хүний хувиар тэмцэж байгаа бол сайн хэрэг байх. Гэхдээ намын дарга, Ерөнхий сайдыг нь огцруулах сөрөг хүчний хуулийн төсөлд гарын үсэг зурснаараа тэрээр улстөрч болох болоогүй гэдгээ харууллаа. Товчхондоо жагсаал зохион байгуулж, тэргүүн эгнээнд нь алхаж явсан түүнд багаар ажиллах чадвар дутаж; байна. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг. Үүн шиг фракц хоорондынх нь зөрчил савнаасаа хальж ил болсон энэ үед засгийнхаа тогтвортой байдлыг хангах нь чухал гэдгийг АН-аас нэр дэвшиж сонгогдсон, эрх барьж байгаа намын гишүүн гэдгээрээ Ж.Батзандан мэдэхийн дээдээр мэдэх хүний нэг.
Ийнхүү Ж.Батзандан гишүүн багийн бус хувийн тоглолт л хийлээ. Үүнтэй зэрэгцээд түүн шиг тэмцэгч нэгээр хязгаарлагдсангүй. Түүний халааг УИХ-ын дэд дарга Л.Цог үргэлжлүүлж байх шиг. Үргэлжлүүлэх нь ч юу байхав, Ерөнхий сайдыг огцруулах сөрөг хүчний 26 гишүүн дээр гарын үсгээ зурж “нэгдэв”. Уг нь АН, “Шударга ёс” эвсэлтэй хамтарч засаг байгуулсны дараа МАХН-ын квотоор УИХ-ын дэд даргын сэнтийд суусан хүн нь Л.Цог. Гэтэл намын дарга нь АН-тай 2024 он хүртэл эвсч ажиллах гэрээ хийхтэй зэрэгцээд Ерөнхий сайдыг огцруулах марафонд оролцоод гүйж яваа нь зүйд хэр нийцэх бол.
Намын дарга нь засагт хамтрах гэрээгээ арван жилээр шинэчлэн сунгаж байхад МАХН-ын мандатаар УИХ-ын гишүүн, цаашлаад дэд дарга Хүртэл өндөр албан тушаалд суусан Л.Цог Ерөнхий сайдыг огцруулахад гар бие оролцож, чулуу нүүлгэж сууна. Угтаа бол шинээр “мэндэлсэн” МАХН-ыг үүсгэн байгуулж, өрхийг нь таталцахад оройлон оролцсон хүний нэг нь Л.Цог гишүүн. Дээрээс нь, намын даргаа хоригдохоос эхлүүлээд БНСУ-ыг зориход нь ч түүнтэй холбоотой сөрөг мэдээлэлд няцаалт өгч байсан хүн нь тэр. Гэтэл эмчилгээгээ “таслан” эх орондоо ирж, эрх баригчидтай эсвэх гэрээгээ сунгахтай зэрэгцээд намын даргынхаа хамтрагчийг нь намнах кампанит ажилд гар дүрж эхэлсэн нь хачирхалтай биш гэж үү. Бүр хамтарч эрх барьж байгаа засгийн тэргүүнээ огцрох цаг. нь хэдийнэ болчихсон хэмээх үгийг чуулганы хуралдаан болгоноор шидлэх болов. Үнэндээ Л.Цог гишүүний хэлж, ярьж байгаа нь зөв байж болох ч энэхүү үйлдлээрээ тэрээр намын даргынхаа шийдвэрийг үгүйсгэж, сөрж буйгаас өөрцгүй билээ.
Ж.Батзандан, Л.Цог нарын гишүүд улстөрч, төрийн түшээ хүнийхээ хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, болохгүй байгаа зүйлийг нь шүүмжлэх эрхтэй. Энэ эрхийг тэдэнд хуулиар ч олгосон байгаа. Гэхдээ улс төр гэдэг багийн тоглолт. Тэр тусмаа эрх баригч намын гишүүд болох Л.Цог, Ж.Батзандан хоёрыг басхүү тоглох үүрэг нь ч бие даагч сул гишүүдээс ялгаатай харагдуулдаг. Өөрөөр хэлбэл, Ж.Батзанданг АН-тай, Л.Цогийг “Шударга ёс” эсвэлтэй “уяж” харахаас өөр аргагүй. Тиймээс ч багаар тоглоорой гэж сонгосон болохоос баг “алаарай” гэж санал тэдэнд өгөөгүй байх. Гэхдээ тэндийг тэмцэгч байсан уу, түгжил байв уу гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Tsog ni hogshin tugjil, Batzandan ni batsaan tugjil