Дарамтад орсон Д.Тэрбишдагва сайдын албаа өгөхөөр болжээ
МАХН –ын бага чуулган хоёр өдөр үргэлжиллээ. Бага чуулганаар намын дотоод зөрчлийн талаар хэлэлцсэн бөгөөд Засгийн газрын шинэ сайдад хэнийг дэвшүүлэх үү гэдэг асуудлаар нухацтай ярилцсан байна. Ингэхдээ хурлын уур амьсгал нэлээн ширүүн болжээ. МАХН-ын хувьд Засгийн газарт дөрвөн яамыг толгойлдог. Гэтэл Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиар тус дөрвөн яамны хоёр нь татан буугдаад байгаа юм. Тиймээс тус хоёр яамыг хэнээр удирдуулах уу гэдэг дээр санал зөрөлдсөн байна. Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан нар АН-ын дагаж гүйлээ хэмээн намын даргадаа зэмлүүлж, хөөгдөх дээрээ тулаад байгаа гэнэ. Тиймээс Шадар сайд, Сангийн сайдын суудалд өөр хэн нэгнийг томилох нь зөв гэдэг чиглэлийг Н.Энхбаяр баримталж байгаа гэнэ.
Өчигдрийн хуралдааны үеэр Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба, Д.Тэрбишдагва нар тусгайлан уулзалдсан байна. Тэд 20 минут орчим уулзжээ. Эргэж танхимд орж ирээд Д.Тэрбишдагва сайд нэлээн сандарсан, тэвдсэн царайтайгаар Шадар сайдын суудлаас татгалзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Тэрбээр “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Шадар сайдын ажлыг хийлээ. Алдаа дутагдал гаргасан зүйл алга. Ер нь сандал ширээтэй зууралдах сонирхол алга. Тиймээс Шадар сайдын суудлаас буухад бэлэн” гэдгээ илэрхийлсэн хэмээн эх сурвалж хэлж байгаа юм. Түүнчлэн дээрх үйлдлийг МАХН-ын зарим гишүүд “түүнийг дарамталж ийнхүү өөрөөр нь сайдын суудлаас нь татгалзуулж байна” хэмээн хардаж байгаа аж. Харин түүний оронд нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг томилохоор яригдаж байгаа гэх. Тэр ч бүү хэл намын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг Шадар сайд болох гэж байгаа гэх бор шувуу нисч байна. Юутай ч Д.Тэрбишдагва сайдын суудлаа буух нь. Гэхдээ энэхүү шийдвэр нь түүний өөрийн шийдвэр үү, аль эсвэл намын даргын шахалт уу гэдэг нь тодорхойгүй байна.
Д.Анар
URL: