Ерөнхий сайдыг огцруулах бичгийг хоёр дахиа өргөн барилаа

манЕрөнхий сайдыг огцруулах саналыг МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ бол сөрөг хүчний зүгээс Засгийн газрыг огцруулах гэсэн анхны санаачилга биш ээ. МАН-ынхан Засгийн газрын найман сарын “ой”-н дээр нь Ерөнхий сайдыг огцруулах гэж нэг удаа оролдоод чадаагүй. Мөн салбар хариуцсан сайд нарыг нь сугалж огцруулах гээд ч УИХ-аар шийдвэрлүүлж чадаагүй билээ. Тиймээс энэ удаад МАХН-ын Л.Цог, АН-ын Ж.Батзандан нараар хүч нэмжээ. Тэд огцруулах тогтоолын төсөлдөө дараахь дөрвөн үндэслэлийг дурдсан байв.

Нэгдүгээрт, Монгол Улс улсын нэгдсэн төсөв, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, “Чингис” болон “Самурай” бонд, Хөгжлийн банкны гэсэн таван төсөвтэй болсноор ард түмний хөрөнгө хяналтгүй, үр ашиггүй зарцуулагдаж байна. Улс орны ирээдүйн хувь заяагаар дэнчин тавьж авсан бондын хөрөнгийг дур мэдэн зарцуулж байгаа нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Хоёрдугаарт, Засгийн газар улсын нэгдсэн тесвөө тооцоо судалгаатай, бодит үндэслэлтэй боловсруулж чадахгүй, төсвийн орлого бүрдуүлэх үүргээ биелүүлж чадаагүйгээс хоёр жил дараалан төсвийн орлого, зарлага нэг их наяд гаруй төгрөгөөр тасарсан. Энэ нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Засгийн газрын тухай хуульд заасан төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн бодлого чиглэлээ энэ Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй байгаагийн илрэл юм.

Гуравдугаарт, эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах зорилгоор хэрэгжүүлсэн “ЭЗЭН-100″ хөтөлбөр цаг хожих арга, улс төрийн шоу болоод дууссан. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийг 100 хоногт сэргээж, эрчимжүүлэх биш  уруудуулж доройтуулж,  үнэ ханшийн хямралыг улам гааруулсан. “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэрэгжүүлэх нь бүү хэл харин ч дарга нарын тансаг хэрэглээ, амралт зугаалга нь ихэсч, бүтэц орон тоо нь улам нэмэгдсэн.

Дөрөвдүгээрт, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь төрийн албанд шургалуулсан ах дүү, хамаатан садангийн сүлжээ, зөвлөх, туслах, ажлын албаараа дамжуулан төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан, авлига, албан тушаалын нийт 40 гаруй тэрбум төгрөгийн хохирол бүхий хэрэгт холбогдсон олон ноцтой мэдээллийг эрх бүхий хуулийн байгууллагууд олон нийтэд мэдээлсэн. Тиймээс Ерөнхий сайдыг албан тушаалаасаа татгалзаж, нэр холбогдсон хэргүүдээ нэг бүрчлэн шалгуулах ёстой гэж үзжээ.

Энэ бол МАН-ын бүлгээс гаргаж тавьсан үндэслэлүүд. Магадгүй эдгээр нь Ерөнхий сайдыг огцруулах хэмжээний үндэслэл байж болох ч өргөн барьж байгаа цаг хугацаа нь хэр оновчтой вэ гэдэг олны анхаарал татаж байна. Учир нь, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудал эцэслэгдэж, үүнийг нь дэмжиж МАН-ынхан ч өөрсдөө кноп дарсан. Мөн бусад хуулийн төслүүдээс ялгаатай, тусгай дэгээр заавал дөрвөн удаагийн хэлэлцүүлэг хийж батлах ёстой 2015 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах хугацаа хоног, хоногоор ойртож байна. Жил бүрийн өдийд дараа жилийнхээ төсвийг аль хэдийнэ хэлэлцээд эхэлчихсэн, тэгээд арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталчихсан байдаг. Гэтэл энэ удаад төсвөө ч хэлэлцэж эхлэлгүйгээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ хэлэлцэхээс өөр аргагүй боллоо. Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор Байнгын хороогоор хэлэлцэх хуулийн заалттай. Харин үүнээс долоо хойш долоо хоногийн дотор УИХ хэлэлцэж шийдвэрлэх ёстой байдаг. Ингээд бодохоор ахиад 14 хоног УИХ төсвөө хэлэлцэж чадахгүй нь. Зарим сайдын томилгоо хийгдээгүй, төсөв хэлэлцэх хуулийн хугацаа давхцсан ийм үед Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барьсан нь цаг хугацааны хувьд хэр оновчтой байсан бол.

 

 
С.ШИЙЛЭГТӨМӨР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих