Тавантолгойн тендерт Хятадууд ялна
Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулахаар Монгол Улсын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг дөрвөн сар ажилласны эцэст анхан шатны сонгон шалгаруулалтаас үлдсэн 6 оролцогчоос 3-ыг нь үлдээгээд байгааг мэдээлсэн билээ. Хэдийгээр албан ёсоор яг ямар гурван компани үлдээд байгааг мэдээлээгүй ч дэлхийн том мэдээллийн хэрэгслүүд ямар ч гэсэн ОХУ, Хятадын баг тунаж үлдсэн байх магадлал өндөр хэмээн мэдээлж байна. Эдгээр зургаан оролцогчийн нэгдэх нь АНУ-ын “Пибоди Энержи”, хоёрдахь нь БНХАУ-ын “Шинхуа Энержи” болон Японы “Иточү”,“Мицуй” компаниудын консорциум, гурав дахь нь ОХУ-ын “Оросын төмөр зам” болон Япон, БНСУ-ын консорциумын нэгдэл, дө¬рөв дэх нь Австрали-Швейцарийн “Экстрата Коул”, тав дахь нь Бразилийн “Вале”, зургаа дахь нь Люксембургийн “АрсэлорМитал” байв.
“Ройтерс” агентлаг “Ямар ч гэсэн БНХАУ-ын “Шинхуа Энержи” болон Японы “Иточү”,“Мицуй” компаниудын консорциум, ОХУ-ын “Оросын төмөр зам” болон Япон, БНСУ-ын консорциумын нэгдэл энэ 3 шалгарагчийн тоонд үлджээ” гэсэн бол ОХУ-ын www.invest.com сайт “Монголын засгийн газарт ойрхон эх сурвалжаас авсан мэдээнээс үзвэл монголчууд геополитикийн сонирхлоороо Орос, Хятадын багийг сонгосон гэнэ. Гэхдээ зарим эх сурвалжаас үзэхэд энэхүү тендерт ганц, хоёр биш 3 компани ч сонгож болох гэнэ. Тэгвэл гуравдагч нь Америкийн “Пибоди Энержи” байх болно” гэж мэдээлсэн байна. Харин Хятадын “Синьхуа” агентлаг “Монгол улсаас Хятад улсад суугаа элчин сайд Ц.Сүхбаатар сонгон шалгаруултад тэнцсэн компаниуд дотор Орос, Хятадын төлөөлөл байгаа гэж ярьсан. Тэгэхээр “Шинхуа Энержи” болон Японы “Иточү”,“Мицуй” компаниудын консорциум байгаа гэсэн үг. Монголын Засгийн газар энэ сарын 11-нд ялагчийг зарлах болно” гэж бичсэн байна.
URL: