Нийслэлд тавигдаж байгаа замууд шаардлага хангахгүй, удахгүй эвдэрнэ гэнэ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламж, орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж буй авто замуудыг шалгажээ. Шалгалтад улсын хэмжээний 59 авто зам, замын байгууламжийг хамруулсан байна. Энэ онд 37 чиглэлд нийт 1886.4 км зам тавьж байгаа бөгөөд эдгээрийн цөөнгүй нь чанарын шаардлага хангахгүй байжээ.
Нийслэлд тавьж буй замын тухайд “Эйч Кэй Би интернэшнл холдинг” компанийн тавьж буйёийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын хучилтын нягт 96.5, явган хүний замын далангийн нягтрал 95 хувьтай гарсан нь стандартад нийцэхгүй байгаа аж. Үүнээс гадна иргэн, аж ахуйн нэгжийн буруугаас болж зам эвдэрсэн тохиолдол ч гарсан байна. Тиймээс стандартад нийцэхгүй байгаа зам “урт наслахгүйг” албаныхан хэлж байгаа юм. Мөн Зайсангийн аманд байрлах барилгуудын бохир усны шугамыг тавьж буй “Наб групп” компани нь Богд уулын араар Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх 17.1 км авто замын трассын дагуу явган хүний замыг эвдэж, хүнд даацын машинаа замын зорчих хэсэгт тавьж, авто зам дээр ухсан шороогоо овоолсон байсан аж. Мөн зарим хороолол доторх болон хотын зах орчмын авто замын хашлага дагаж их хэмжээний борооны ус хуримтлагдснаас хашлага эвдэрсэн, замын зорчих хэсгийн хучилт цоорсон, инженерийн байгууламж орчимд сууж, цөмөрсөн, иргэд, аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр авто зам ухаж сүйтгэн, гарц гаргасан нь цөөнгүй байжээ.
С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: