“Талстмаргад” компанийг Бүрэнхааны ордод хууль бусаар лиценз буюу Далай ээж цаазын тавцанд

-16102014-1413438075-191601709-huvsgul dalai

Далай ээжээ хамгаалах нь “ӨНӨӨДӨР” сонины ҮЕ ҮЕИЙН СЭТГҮҮЛЧДИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ

Одоогоос 26 жилийн өмнө Ц.Балдорж эрхлэгчийн бичиж байсан “Далай ээж маань цаазын тавцанд” нийтлэлийн тухай сонсоогүй, мэдээгүй хүн Монголд байхгүй. Монголын төдийгүй тэр үеийн ЗХУ-ын төр засаг, эрдэмтэн мэргэд, ард иргэдийн дунд байгаль дэлхийгээ хамгаалах олон улсын асар том хөдөлгөөн өрнүүлсэн энэ сэдэв өнөөдөр ч амин чухал хэвээр байна. Бүхэл бүтэн хоёр үеийн турш Далай ээжийг баялгийн хар сүүдэрт дайруулчихгүйн тулд үе үеийн сэтгүүлчид үгээ хэлж, үзгээ хурцалж ирсэн.

Бидэнд нэг л зорилго, нэг л эрх ашиг бий. Энэ нь өнөөдрийг хүртэл бидний оршин тогтнохуйн эх болсон байгаль дэлхийгээ, цэвэр усны үүц-Хөвсгөл далайгаа ариун дагшинаар нь хойч үеийнхэндээ өвлөн үлдээх цорын ганц зорилго юм. Тэр тусмаа “Өнөөдөр” сонины хувьд Хөвсгөл далайг хамгаалах нь Балдорж гэх эрхэм хүнээр “овоглож” түүний “школоор” хүмүүжсэн үе үеийн сэтгүүлчдийн мөнхийн сэдэв, эргэж буцаж, эрх ашгаа худалдаж болохгүй мэргэжлийн ёс зүйн шалгуур байдаг юм.

“Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн “Далай ээж дахин цаазын тавцанд” цуврал материалууд төр, засаг, хууль хяналтынхны анхааралд өртөж, шат шатны шүүхээс “Талстмаргад” компанийг Бүрэнхааны ордод хууль бусаар лиценз эзэмшсэнийг тогтоож, 2013 оны зургадугаар сарын 24-ний өдрийн Дээд шүүхийн тогтоолоор тус компанийн Бүрэнхааны орд дахь ашиглалтын хоёр, хайгуулын зургаан лицензийг цуцлах шийдвэр гаргасан билээ. Энэ бол “Өнөөдөр” сонины цуврал нийтлэл үүд бодитой байсныг давхар нотолсон шийдвэр гэж бид ойлгодог.

Хөвсгөл нуур орчмын байгалийн баялаг гадна, дотнын шуналын сэтгэлтнүүдийн нүдэнд мөнгө болон харагдаж, зөвхөн ашиг хонжоо олохыг улайран хөөцөлдсөөр ирсэн нь бодит үнэн. Тэдний төлөөллийн нэг болох- төр түшилцэж явсан Мо гэх тодотголтой эрхэм саяхан “Өдрийн сонин”-д анхны Балдорж шагналтан, сэтгүүлч Б.Ганчимэгийг сонгон төлбөртэй ярилцлага өгчээ.

Ярилцлагыг нийтэлсэн сонины нэрийг дурдахдаа бид сэтгэл эмзэглэж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. “Хөвсгөл нуурын орчмоос фосфорит олборлохоор зориг шулуудсан хорин хэдхэн настай хүүдээ эх орондоо хэрэгтэй зүйл хийгээрэй гэсэн захиас үгийг хэлээд хэдэн мянган доллар зээлдүүлж гэнэ”. Ийм сайн сайхан үйлс хийснийхээ төлөөсөнд долоон жилийн турш “Өнөөдөр” сониноор 127 удаа “балбуулсан” тухайгаа Мо дарга “нулимс дуслуулан” сэтгүүлчид ярьжээ.

Ийнхүү бүтэн долоон жилийн турш ганц ч удаа ганхийсэнгүй, шүүх, цагдаад ч хандаагүй гэнэ. Яасан аугаа их тэвчээр, номхон хүлцэнгүй сэтгэл вэ? “Өнөөдөр” сонин үүсэн байгуулагдсан цагаасаа өдийг хүртэл сэтгүүлчдэдээ зөвхөн үнэнийг баримттайгаар бичих, бодит байдлыг газар дээрээс нь сурвалжилж, тэнцвэртэй мэдээллийг уншигчдад хүргэх шаардлага тавьж, энэ байр сууриа хатуу баримталж ирсэн.

Тиймдээ ч “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн “Далай ээж дахин цаазын тавцанд” цуврал материалууд төр, засаг, хууль хяналтынхны анхааралд өртөж, шат шатны шүүхээс “Талстмаргад” компанийг Бүрэнхааны ордод хууль бусаар лиценз эзэмшсэнийг тогтоож, 2013 оны зургадугаар сарын 24-ний өдрийн Дээд шүүхийн тогтоолоор тус компанийн Бүрэнхааны орд дахь ашиглалтын хоёр, хайгуулын зургаан лицензийг цуцлах шийдвэр гаргасан билээ. Энэ бол “Өнөөдөр” сонины цуврал нийтлэл үүд бодитой байсныг давхар нотолсон шийдвэр гэж бид ойлгодог.

Бүх шатны шүүхийн хүлээн зөвшөөрсөн уг шийдвэр ганцхан жилийн дотор гараагүй ээ. 2010-2013 оны турш, бүтэн гурван жил энэ үйл явц үргэлжилсэн. Харин одоо Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш нэг жилийн дараа таны хэлснээр “гоншигонож”, сонины нэр хүндэд халдах нь Бүрэнхааны ордыг өөрийн болгох сонирхлоо орхилгүй горьдлого тээсээр явааг чинь илчлэн харуулж байна.

Шинэ нөхцөл байдал илэрсний дагуу “Талстмаргад” компанийн хүсэлтээр 2014 оны зургадугаар сарын 30-нд Дээд шүүхийн хяналтын шатны хурал болсон. Жилийн өмнө буюу 2013 оны зургадугаар сарын 24-ний өдрийн Дээд шүүхийн 117 дугаар тогтоолоор “Талстмаргад” компанийн бүх лицензийг цуцалсан шийдвэрийг энэ хурлаар өөрчилж, анхан шатны шүүхэд буцаагаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Талстмаргад” компанид лицензээ эргүүлэн авах шинэ боломжийг нээсэн гэсэн үг. Энэ тухай үнэнийг нь “Өнөөдөр” сонин энэ сарын 06-ны өдрийн №231 (5325)-д баримттайгаар дахин илчилсэн юм.

Бодвол энэ нь 127 дахь нийтлэл байх нь. Эрхээ сэргээлгэхийн тулд хэнийг ч, яаж ч гүтгэж, хуулийг, баримтыг үгүйсгэж үнэнийг нуух гэж байгаа бол бүтэхгүй ээ, Мо дарга аа! Таны таамагласанчлан манай сэтгүүлч захиалгаар Таныг 127 удаа гүтгэсэн бол лицензийг цуцлах шийдвэр гаргасан шат шатны шүүгчид бас авлигачид болж таарч байна уу? Та бол улстөрч, УИХ-ын Байнгын хорооны дарга хүртэлх төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн. Та зөвхөн үнэнийг, баримттайгаар хэлж, ярих ёстой гэдгийг сануулъя. Үүнээс гадна та хаалтын гэрээ гэгчийг хамгийн сайн мэддэг хүн юм шиг байна.

Төр засгийн байгууллагууд үйл ажиллагаагаа, хийж байгаа ажлаа олон нийтэд хүргэх ёстой, эрхтэй гэж бид үздэг. Ингэхдээ олон нийтэд хэр хүртээмжтэйг харгалздаг нь ойлгомжтой юм. “Өнөөдөр” сонин аль ч засгийн үед дөрөв дэх засаглалын үүргээ биелүүлж, болохгүйг нь шүүмжилж, болохыг нь дэмжиж ирсэн гэдгийг уншигчид маань гэрчилнэ.

Цаашид ч редакцын байр суурь, бодлого энэ хэвээр үргэлжилж зөвхөн үнэнийг баримттайгаар уншигчдадаа хүргэсээр байх болно. Бүрэнхааны фосфоритын ордод лиценз эзэмшигч хэн бүхэнд хандан Хөвсгөл далай болон Бүрэнхааны ордыг бүрэн бүтэн байлгах нь “Өнөөдөр” сонины үе үеийн сэтгүүлчдийн мөнхийн сэдэв байх болно гэдгийг мэдэгдэж байна. Хөвсгөл нуураа хөнөөх нүглээс өнөө үеийнхнийгээ аврахын тулд “Өнөөдөр” сонин дугаар бүрээ зориулахад ч бэлэн.

“ӨНӨӨДӨР” сонины редакцын зөвлөл

 


URL:

Сэтгэгдэл бичих