FIFA-аас Б.Ганболдын эрхийг таван жилээр цуцаллаа

FIFA-аас Б.ГанболдХОЛБООНЫ ГИШҮҮД, ТАМИРЧИД ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ХУРАЛДУУЛАХААР ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ БАЙНА-

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-аас авлига хээл хахууль авсан болон бусад хэрэгт буруутган бүрэн эрхийг нь хориглосон тухай мэдээлэл өчигдрөөс гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүд, тамирчид өчигдөр хийж, Б.Ганболдыг Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мухамед Бин Хамманаас 2009, 2011 онд авлига авсан нь үнэн болохыг баталсан мэдэгдлийг танилцуулсан юм. Мэдэгдэлд “Олон улсын хөлбөмбөгийн холбооны ёс зүйн хорооны шүүх танхим Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг дотооддоо төдийгүй аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг нь албан ёсоор таван жил хасч байна. Б.Ганболд 2009 онд Азийн конгрессийн хурлын үеэр, 2011 оны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд Олон улсын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн үйл ажиллагааны үеэр Мухамед Бин Хамманаас авлига авсныг тогтоосон. Улмаар олон улсын хөлбөмбөгийн холбооны албан тушаалын төлөө хөлбөмбөгийн холбооны бусад гишүүдэд авлига өгсөн, 2018, 2022 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч улсыг тодруулахад нөлөөлсөн гэж Олон улсын хөлбөмбөгийн холбоо үзэж байна. Ийнхүү Мухамед Бин Хамманаас авлига авсан нь тогтоогдсон Б.Ганболдыг 13 дугаар зүйл ил тодоор хамтран ажиллах, мэдээлэх үүргийн 18 дугаар зүйл, ашиг сонирхлын зөрчлийн 19 дүгээр зүйл, бэлэг болон бусад урамшуулал тэтгэмж өгөх, түүнийг хүлээн авахыг хориглосон дүрмийн 20 дугаар зүйл, авлига хээл хахуулийн 21 дүгээр зүйл, хамтран ажиллах үүргийн ерөнхий дүрмийн 42 дугаар зүйлийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Энэ шийдвэр нь 2014 оны аравдугаар сарын 15-наас хэрэгжинэ” хэмээжээ. FIFA-аас Катарын иргэн, 65 настай Мухамед Бин Хамманыг өнгөрсөн 2012 оны арванхоёрдугаар сард бүх насаар нь эрхийг нь хассан байна. Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэл авахаар биднийг очиход хаалга нь цоожтой байснаас холбооны гишүүд, тамирчид гаднах талбайд нь мэдээлэл өгөв. Энэ үеэр холбооны ерөнхийлөгч Б.Ганболд ирээгүй ба гишүүд, тамирчид хөлбөмбөгийн холбооны байранд орох гэж оролдоод чадаагүй юм. Мэдээлэл хийх үеэр холбооны гишүүд, тамирчид ээлжит бус хурал хуралдуулахын тулд Монголын хөлбөмбөгийн холбооны дүрмийн 28.2-т заасны дагуу гарын үсэг цуглуулж байгаагаа дуулгав. Мөн лигийн долоон баг, 150-иад тамирчин дасгалжуулагчид болон орон нутгийн долоон салбар зөвлөлийн гишүүдээ дэмжихийг уриалсан. Хэрвээ тэдний цуглуулж буй гарын үсэг нийт гишүүдийн гуравны нэгд хүрвэл холбооныхоо Удирдах зөвлөлийн гишүүддээ хандах ажээ. Энэ үеэр Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүн, “Дэрэн” клубын тэргүүн Г.Мөнхчулуунтай ярилцлаа.

Г.Мөнхчулуун: Б.Ганболдоос болж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд уналаа

-Хөлбөмбөгчид болон холбооны гишүүд холбооны байр руугаа орж чадахгүй байна. Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдоос шалтгаалаад та бүгдийг дотогшоо нэвтрүүлэхгүй байна уу?

-Өнгөрсөн долоо хоногт холбооны ерөнхийлөгч маань “Хөлбөмбөгийн холбоо олон нийтэд нээлттэй. Үзэл санаа тод байдаг” гэж ярьсан. Гэтэл яг бодит байдал дээр бүх зүйл хаалттай байна. Хамгийн харамсалтай нь тэр хүнээс болж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд уналаа. Дээр нь тэр хүнийг шалгаж байсан Монгол Улсын хяналт, шалгалтын байгууллагууд юу хийж явсныг ойлгохгүй юм. Өнөөдрөөс яг долоо хоногийн өмнө холбооны ерөнхийлөгч өөр мэдэгдэл өгч байлаа. Гэтэл өнөөдөр тэр хүн гэмт хэрэгтэн болчихсон байна.

-Монголын хөлбөмбөгийн холбоонд гадаадын байгууллагуудаас хэдэн төгрөгийн орлого ордог юм бол?

-Энэ талаар хүмүүс бага мэдлэгтэй байдаг. Тухайлбал, Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ноос дөрвөн жилд нэг сая ам.доллар өгдөг. Ингээд бодохоор жилийн 250 мянган ам.доллар Монголын хөлбөмбөгийн холбоонд орж ирдэг гэсэн үг. Үүнээс гадна бусад хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдээс тодорхой хэмжээний санхүүжилт авдаг. Монголын хөлбөмбөгийн холбоонд“Goal” хөтөлбөрийг зургаан удаа хэрэгжүүлсэн. Энэ бүх бүтээн байгуулалтыг энэ төслийн хүрээнд хийдэг. Мөн багш, дасгалжуулагчид болон бусад сургалтуудыг зохион байгуулахад өөр санхүүжилтээр хийдэг юм.

-Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүлэгчдийн хурлыг хэзээ зарлах вэ?

-Ер нь хурлыг ирэх сарын 11-нд хийнэ гэж товлосон байсан. Холбооны дүрмийнхээ дагуу хурал болохоос 30 хоногийн өмнө холбооны төлөөлөгчдийн нэр, хэлэлцэх асуудал болон санхүүгийн тайлангаа гаргаж өгөх ёстой. Гэтэл энэ хугацаа өнгөрчихөөд байхад ямар ч төлөөлөгчдийн нэргүй, санхүүгийн тайлан бэлэн биш байна. Энэ талаар холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ганбатаас асуухад мэдэхгүй гэсэн.

-Одоо Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалд хэн хэний нэрийг дэвшүүлээд байна вэ?

-Одоогийн байдлаар нэр дэвшсэн зургаан хүн байгаа. Эдгээрээс одоогийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд хасагдана гэж бодож байна. Тэгэхээр Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, НИТХ-ын гишүүн Г.Ганхүү, “Вольф петролиум” компанийн захирал Т.Лхагвадорж, сэтүүлч Э.Амарсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар нар нэр дэвшээд байсан.

-Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан холбооны ээлжит бус хурлаа зарлах гээд байна уу?

-Холбооны дотоод дүрмийн дагуу бол хэрвээ гишүүдийн гуравны нэг нь гарын үсгээ зурвал яаралтай ээлжит бус хурал зарлах боломжтой. Яг одоо Монголын хөлбөмбөгийн ногоон талбай дээрээ гишүүд ирээд гарын үсгээ зурж байна. Ингээд хэрвээ гишүүдийн гуравны нэг нь гарын үсэг зурвал бид дараагийн алхмаа хийж Удирдах зөвлөлдөө хандах болно.

-Холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг бүрэн эрхийн хугацааг албан ёсоор хэзээнээс хассан бэ?

-Уржигдар үдээс хойш энэ шийдвэрийг гаргасан. Энэ тухай мэдээллийг “Ассошэйтед пресс”, “Блүмберг”-ээр мэдээлсэн байна лээ.

 

Б.Сэлэнгэ


URL:

Сэтгэгдэл бичих