Д.Цэнд-Аюуш: Манай хорооны дарга нарт бидний төлөө зарцуулах цаг байхгүй гэсэн

Д.ЖАВХЛАН

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шашны уран зохиол судлаач Дамдинбазарын Цэнд-Аюуш гуай төрсөн нутаг Завханы Отгон сумынхаа бага сургуульд багшилж байгаад 1958 онд МУИС-д сурахаар ирснээр их хотын иргэн болж нийслэлтэй ажил, амьдралаа холбожээ. Худалдааны салбарт ажиллаж байгаад Боловсролын яаманд очсон тэрбээр олон ажил сольж нааш цааш болоогүйтэйгээ адил айл гэр болж анхны галаа асаасан Амгалангаас холдсонгүй. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны гудамжиндаа л хагас зуу гаруй жилийг үдэж буй юм. Өөрөөсөө гадна үр хүүхдээ ч Амгаланд суурьшуулсан Цэнд-Аюуш гуай сүүлийн үед хороо захиргааныхны хүнд суртлаас болж чамгүй бухимдуу байх болжээ. Түүнтэй уулзахаар гэрт нь очихдоо ном судар, үлгэр домгийн тухай амттай яриа биш харин хашааныхаа газрыг өмчлөх эрхээ баталгаажуулсан гэрчилгээгээ авч чадахгүй жил тойрон болж буй гомдлыг нь сонсохоос аргагүйд хүрлээ.

 

-Юу болоо вэ, Цэнд-Аюуш гуай. Бухимдуу байх чинь.

-Манайх энд амьдраад 50 гаруй жил болж байгаа айл. Хүүгийнхээ амьдарч байгаа хашааны газрын гэрчилгээг авах гэж хөөцөлдөөд чадахгүй таг гацчихаад байна.

-Ямар шалтгаанаар гэрчилгээг нь өгөхгүй байгааг та лавлаа юу?

-Лавлалгүй яах вэ. Би ч нүд юм үзэхээ байгаад гэрээс гарахаа больсон хүн. Харин хөгшин минь өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас хойш яваад нэмэр алга. Манай хүү Отгонбаярын нэр дээр Жанжны гуравдугаар гудамжны 76 тоот 230 ам м хашааны газрыг өмчлүүлэх тухай шийдвэр аль 2003 онд гарсан байгаа. Хүү хөдөө ажилладаг болохоор бид хоёр хөөцөлдөхөөр болоод тэр шийдвэрийг нь бариад газар өмчлөх гэрчилгээ авахаар эхлээд Баянзүрх дүүргийн Газрын албанд очсон. Тэнд манай хашааны газрын кадастрын зургийг гаргаад, дүгнэлтийг нь хийж өгөөд Өмчийн газарт очоод гэрчилгээгээ аваарай гэсэн юм. Бүрдүүлсэн материалаа тэр газарт нь өгөөд 14 хоногийн дараа ир гэхээр нь очтол харин “Танай хашааны хаягаар Бат-Очирын Лхагва гэж хүний нэр дээр газрын гэрчилгээ нь гарчихсан байна” гэдэг юм.

Бүр 2011 онд тэр хүний нэр дээр 000062451 тоот гэрчилгээ олгочихож. Хаяг нь манайх хэрнээ газрын хэмжээ нь 700 ам м, эзэмшигчийнх нь нэр ч өөр.

-Хуурамчаар гаргаад өгчихсөн хэрэг үү?

-Үгүй юм билээ. Тэр айл ном журмаар нь яваад авсан. Гол нь  манай хороо айл олонтой болоод гудамжны хаягийн өөрчлөлт хийхдээ будилуулаад хаячихсан юм билээ. Тэр гэрчилгээ авсан Лхагвагийнх Жанжны дөрөвдүгээр гудамжны 96 тоот. Гэтэл манай хаяг дээр гэрчилгээ нь гарчихсан.

-Тэгээд хороон дээрээ очоо юу?

-Очоод хаягийн шинэчлэл хийсний улмаас өөрчлөгдсөн гэсэн тодорхойлолт аваад дахиад Өмчийн газарт очсон чинь заавал нөгөө айлын гэрчилгээг эх хувиар нь авчир гээд. Гэтэл тэднийх газрын гэрчилгээгээ барьцаалаад банк бус санхүүгийн байгууллага гэдгээс зээл авчихсан болохоор эх хувь нь байдаггүй. Дүүргийн Өмчийн газрынхан эх хувийг нь устгаж байж танайхыг өгнө гээд, гэтэл нөгөө зээл өгсөн газар нь тэрийг нь өгөхгүй гацаачихаад байгаа юм билээ. Тэр айлыг зээлээ төлж дуусахаар л өгөх юм байх.

-Тэр болтол нь хүлээх ёстой гэсэн үг үү?

-Одоо тийм л болж таарч байх шиг байна. Гэтэл амьдралд юу ч тохиолдоо билээ, муугаар болоход тэд зээлээ төлж дийлэхгүй болчихвол яах вэ. Бид л хохирно биз дээ. Тиймээс хорооны Засаг дарга, зохион байгуулагч гээд мэдэж чадах болов уу гэснийгээ л царайчлаад сууж байна. Уг нь хорооноос бичиг хийж өгөөд тэр хүний нэр дээрх гэрчилгээг хүчингүй болгоод жинхэнэ хаягаар нь шинэ гэрчилгээ гаргаад тэр зээл өгсөн газар руу явуулчихаж болмоор л санагдаад байх юм. Гэтэл хөдөлж өгдөггүй ээ. Уг нь энэ хорооныхон сонгуулиас хойш бүл нэмээд орон тоо нь олон л болсон гэдэг. Тэгсэн хэрнээ ядарсан хоёр хөгшний төлөө зарцуулах цаг байхгүй л гэх юм.

-Та хоёр зээл өгсөн байгууллагатай нь уулзсан уу?

-За тэр ч үнэндээ хэцүү юм билээ. Манай хөгшин зөндөө явсан. 13 дугаар хороололд ХААН банкны хажууд гэсэн гэхээр нь баахан яваад олоогүй. “Үнэн сэтгэлт” гэдэг нэртэй газар юм гэсэн.

-Нөгөө айлынхнаас сайн асуугаагүй юм уу?

-Тэд газрын гэрчилгээнийхээ хуулбар, кадастрын зураг энэ тэрээ хувилаад бид хоёрт өгсөн л дөө. Та нар өөрсдөө хөөцөлдөөд үз гээд. Тэд нар ч бас явсан л юм шиг байна билээ, гэрчилгээгээ солиулах санаатай. Зээл авсан газраа бол зааж өгөөгүй байх. Хөгшин л бүдэг бадаг заалгаад “Үнэн сэтгэлт” банк бус санхүүгийн байгууллага гэж ганц нэртэй баахан явсан нь тэр. Олж очоод ч нэмэргүй бололтой юм билээ. Тэр газар нь эх хувийг нь өгөхгүй гэсэн. Арга ч үгүй биз. Зээлүүлсэн мөнгөө авч чадахгүй, барьж үлдэх юмгүй болчих вий гэж болгоомжлох нь зөв шүү дээ. Тэдэнд гомдоод байгаа юм алга. Харин иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж, тэдний төлөө ажиллана гэж цалин авч суугаа хорооныхонд л гомдоод байна. Хөгшин очоод сайн тайлбарлаж ойлгуулж чадахгүй байгаа юм болов уу гэж бодоод хүрээд ирээч гээд гуйхаар тэр Мөнхтуяа гэж хүүхэн  “Тэгж айлаар явж байх зав алга” гэдэг юм. Нүд юм харахгүй, 80 гарсан настай хөгшнийг бодоод хүрээд ирж болдоггүй л юм байлгүй. Ийм л төрийн албан хаагчидтай болчихоод байна шүү дээ, манай нийслэл.

Хагас зуун жил амьдарсан газрынхаа гэрчилгээг баталгаажуулж авч чадахгүй бухимдаж суугаа Д.Цэнд-Аюуш гуайн хувьд улс эх орныхоо төлөө хийдгээ хийж, төр засгаараа ч түүнийгээ үнэлүүлсэн гавьяатан. Насаараа санхүүгийн ажил хийсэн ч сонирхлоороо шашны уран зохиол судлалд цаг заваа зориулан зүтгэж ирээдүй хойчдоо өв болгон үлдээсэн бүтээлтэй нэгэн. Тэрбээр төвдөөс олон судар ном кирилл бичигт буулгасны нэг нь алдарт “Чойжид дагинын тууж”. Түүний буулгаснаар хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагва Дуурийн театрын тайзнаа “Чойжид дагинын тууж” үндэсний балетыг амилуулсан билээ. Д.Цэнд-Аюуш гуайн хөрвүүлсэн “Молон тойн эхдээ ач хариулсан нэрт судар”, “Үлгэрийн далай”, “Эрлэг номун хааны зарлиг”, “Ногоон дара эхийн тууж” зэрэг олон бүтээл Монголын шашны уран зохиол судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Үүнийг нь төрөөс үнэлж өнгөрсөн наадмын өмнөхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар түүнийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн хэмээн хүндтэй цолоор шагнасан юм гэдгийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга болон түүний албатуудад дуулгахад илүүдэхгүй бололтой. Мөн иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх анхан шатны нэгж дээр үүрэг гүйцэтгэж буй цэргүүд тань яажшуухан ажилладгийг эрхэм хотын дарга Э.Бат-Үүл таны сонорт хүргэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих