Төртэй Монгол биш, фракцтай Монгол болох вий

95bdf6f9-e398-4679-9043-a05fb851d747Монгол улсад төр нь фракцууд болоод байна. Хуучин бол төрийг намууд тухайлбал МАХН, МАН зайдлаад байна гэдэг байсан.

Тэгвэл одоо төрийг нам бус фракцууд зайдалчихаад байж байна.

Энэ тухайд эрх баригч АН-ын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг “Таван фракц Засгийн газарт орсон учраас таван Ерөнхий сайдтай” гэж ярьжээ.

 

Нээрээ ч Н.Алтанхуягийн “Шинэчлэлийн” гэх гоё малгайтай Засгийн газарт тэр өөрөө албан ёсны Ерөнхий сайд нь.

Харин МҮДН-ын Н.Батбаяр, МоАХ-ны Х.Баттулга, “Шонхор”-ын С.Эрдэнэ, “Шударга”-ын Д.Тэрбишдагва гээд албан бус ерөнхий сайдуудтай явсаар ирсэн.

 

Анх АН 2012 оны УИХ-ын сонгуульд цөөн суудал илүү авч Засгийн газар байгуулахдаа фракцууддаа сайдын суудлыг хуваарилсан. Үүнийг нь хэвлэлүүд ч маш их өөгшүүлдэг. Тэр фракцын тэр мундаг болохоор тийм тийм суудал авлаа гээд л…

“Алтан гадас” Н.Алтанхуягаас гадна гурван сайдтай бол МҮДН хоёр, “Шонхор бас хоёр, МоАХ бас хоёр гурван сайдын суудалд хүнээ ажиллуулж ирсэн.

 

Тэдгээр сайдууд нь Монгол төрийн сайд бус фракцынхаа сайд мэт л аашилдаг. Н.Батбаяр гэхэд бондын мөнгийг хувийнхаа эсвэл фракцынхаа хөрөнгө юм шиг л үздэг байсан.

Зам тээврийн сайд байсан МоАХ-ны харьяат А.Гансүх байсгээд л шинэ төмөр замын төслийн санхүүжилтийг Н.Батбаяр өгөхгүй байна гэдэг байлаа.

Яг ийм асуудлаас болж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл баатар Н.Батбаярыг өрөөнд нь шанаадаж байсан. Төрийн ажилд фракцууд ингэж л нөлөөлж, буруу тийш хөтөлсөөр байна.

 

Ер нь Н.Батбаяр яг л Ерөнхий сайд шиг байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч Н.Алтанхуягт удаа дараа анхааруулж байсан.

Тэрбээр  эдийн засгийг хөгжүүлэх яам чинь хямралын яам болчихож, Ерөнхий сайдын хувьд арга хэмжээ авч өөртөө эдийн засгийн эрх мэдлээ ав. Тэгсэн цагт улстөрийн эрх мэдэл ч гэсэн гарт чинь орж ирнэ гэж байлаа.

 

Гэвч Н.Алтанхуяг Н.Батбаяраар оролдвол түүгээр явсан гайг дуудлаа гэгч болно гэж айсаар өдий хүрсэн билээ. Энэ бол фракцууд төр зайдалж ирсний тодорхой жишээ мөн.

 

АН-ыг төдийгүй бусад намыг дамнаж явсан “Алтангадас” бол фракц төр зайдалдгийн сонгодог жишээ. Тэд төрд томрохын тулд нэг үе “гудас” болсон бол дараа нь “гэдэс” болцгоосон хэмээн бусад нь ил далд шоглодог.

Тэгвэл “Алтангадас”-ын энэхүү замналаар “Шонхор” замнаж явна. “Шонхор” нь “Алтангадас”-аас төрөн гарсны хувьд үр могойн жишгээр түүнийг мөдхөн залгих төлөв ч харагдаж буй.

 

“Шонхор” фракцын тэргүүн З.Энхболд УИХ-ын дарга болсноос хойш тус фракц АН-ынхаа бусад фракцын нөлөө бүхий гишүүдээс эхлээд засагт хамтрагч намынхаа гишүүн төдийгүй сөрөг хүчин МАН-ын гишүүнийг хүртэл урвуулан дагуулж байгаа.

“Шонхор”-ыг  АН-ын жирийн гишүүд ч, бусад фракцынхан ч намаа дэвсэлж байна гэлцэх болжээ. Тэдний үг үнэн л үг.

 

Бүр төрийг дэвсэлж байна гэвэл зохилтой. Энэ удаа Засгийн газарт хийгдэж байгаа бүтцийн өөрчлөлт ч фракцуудын найраа, тохироо хор найруулга дунд л хийгдэж байна.

Ийм маягаар АН гэхээсээ фракцууд нь Монгол төрийг зайдалсаар байна. Энэ маягаар удаан явбал Монгол төртэй бус фракцтай улс гэгдэх болов уу даа.

О.Хуяг

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих