Б.Тамир: Хоёр холбооны асуудлаа шийдэхгүй бол Олон улсад тоглох эрх хасахыг сануулсан
Монголын сагсан бөмбөгийн түүхийг сөхвөл 1940-өөд оны сүүлээр манай оронд урилгаар ажиллаж байсан Зөвлөлт-Хятадын мэргэжилтэн, ажилчид чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглодог байжээ. Тэднээс офицерын сургуулийн сонсогчид зарим залуучууд суралцаж байснаар энэ спорт манай оронд үүсэх эхлэл нь тавигдсан гэдэг. Ингээд 1954 онд сагсан бөмбөгийн анхны УАШТ албан ёсоор зохион байгуулагдаж, 1962 онд сагсан бөмбөгийн спортын ууган мастер Содномын Чойн болон манай улсад уригдан ажиллаж байсан хуучнаар ЗХУ-ын гавьяат тамирчин, гавьяат багш В.В.Горохов нар Монголын сагсан бөмбөгийн холбоог анх санаачилан байгуулж байсан түүхтэй.
Өдгөө 52 жилийн арвин түүхтэй Монголын сагсан бөмбөгийн холбоо ийн үүсэн байгуулагдаж байв. Иймээс тус холбооны үйл хэргийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Саяхан гэхэд л, Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан урьд хожид байгаагүй амжилттайгаар “Инчеон-2014” Азийн 17 дугаар наадамд
оролцоод ирснийг Монголын ард түмэн мэдэж байгаа билээ. Энэ бол Монголын сагсан бөмбөгийн холбооны амжилтын нэг хэсэг.
Нөгөө талаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд байгаагүй хэл ам дагуулсан асуудлууд ихээхэн гарах болсон ба үүнээс болоод тамирчид хохирч байна гэх асуудал ч яригдаж байсан удаатай. Энэ нь 50 гаруй жилийн түүхтэй МАСК-ны үйл хэргийг үгүйсгэж, МҮСБХ гэх төрийн бус байгууллага байгуулагдсан цагаас эхлэлтэй гэдгийг гадарлах хүн олон бий.
Гэтэл Монголын сагсан бөмбөгийн холбооныхон бүр шүүхэд дуудагдсан гэх мэдээлэл ч тархах болов. Үүгээр тус холбоо нь үйл ажиллагаагаа явуулах, эсэх эрхийн асуудал хөндөгдөөд байгаа ажээ. Тун удахгүй давж заалдах шатны шүүх хурал болох юм байна.
Ингээд энэ асуудал болон бусад асуудлаар Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзахаар холбооны байрыг зорилоо. Очиход МСБХ-ны Ерөнхийлөгч Б.Тамир, Мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Мандуул болон гаднаас ирсэн мэргэжилтнүүдийн хамтаар байлаа. Ингээд ирсэн учраа тайлбарлахад тус холбооны Ерөнхийлөгч Б.Тамир холбооныхоо талаар танилцуулж, тэд асуусан асуултуудад хариулт өгсөн юм.
-Манай улс сагсан бөмбөгийн хоёр холбоотой болчихоод байгаа. Хоёр холбоотой болсноос хойш асуудал ч их гарах болсон. Тэгэхээр 50 гаруй жилийн түүхтэй Монголын сагсан бөмбөгийн холбооныхон болон шигшээ багийн тамирчид Инчеоны наадамд оролцоод өндөр амжилт гаргаад ирсэн. Цаашид юу хийхээр төлөвлөөд байна вэ?
-Б.М: Монголын сагсан бөмбөгийн холбоо энэ оны гуравдугаар сараас эхлэн шинэчилсэн бүрэлдэхүүнээр ажлаа эхлээд хагас жил болж байна. Энэ хугацаанд холбооныхоо ерөнхий бүтцийг өөрчилж, сагсан бөмбөгийн холбоо ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй байх ёстой вэ, хүний нөөц нь яаж бэлтгэгдэх ёстой вэ гээд дүрэм журамдаа ч, үйл ажиллагаандаа ч шинэчлэл хийлээ. Манайх жилдээ томоохон 10-12 хөтөлбөрийг зохион байгуулж байхаар болов. Мөн Олон улсын чанартай тэмцээнийг зохион байгуулах, өсвөр үе болон ирээдүйн шигшээ багийг бэлтгэх хөтөлбөрийг явуулж, сонгон шалгаруулалт эхэлчихсэн байна. Үндсэн чиг үүргүүдээ боловсруулж, шат дараатай ажлуудаа эхлүүлээд байна..
Тун удахгүй манай холбооны үйл ажиллагааны хамгийн гол хөтөлбөрүүдийн нэг болох Дээд лигийн тэмцээн зохион байгуулагдана. Бэлтгэлээ хангаад явж байна.
- Дээд лигийн тэмцээн өмнө нь зохион байгуулагддаг байсан ч өнгөрсөн 2012, 2013 орнуудад буюу хоёр жил бололгүй өнжсөн санагдана?
-Б.М: Тиймээ, хоёр жил өнжөөд 18 дахь жилдээ энэ 2014 ондоо багтан зохион байгуулагдах гэж байна.
Мөн өсвөр идэр насны тамирчдын дунд УАШТ болон Лигийн тэмцээнүүдийг зохион явуулахаар төлөвлөөд байна. Үүнийг ч өмнө нь зохион байгуулж байсан. Гэхдээ энэ удаа шинэчилсэн дүрмээр зохион байгуулна. Яагаад гэхээр Олон улсын холбооны дүрэм болон манай холбооны дүрэм өөрчлөгдсөн. Мөн үүнтэй холбоотойгоор тэмцээний дасгалжуулагч болон тамирчдыг бэлтгэх үүднээс шинэчилсэн дүрэм болон бүтцийн талаар сургалт семинар явуулахаар зэхээд байна.
Бид сагсан бөмбөгийн хөгжлийг тодорхойлохдоо хэр олон тэмцээн зохион байгуулснаар нь бус тамирчдын амжилт, хичээллэгсдийн тоо хэр нэмэгдэж байгаагаар үнэлж, дүгнэдэг. Мөн олон улсын тэмцээнд гаргаж байгаа амжилтаа яавал ахиулах вэ гэдэг үүднээс тодорхойлдог. Холбооны зүгээс хамгийн гол анхаарч байгаа асуудал бол ирээдүйн сагсан бөмбөгийн тамирчдыг бэлтгэх, багийн спорт хэрхэн амжилтад хүрдэг вэ гэдгийг харуулах, нотлох зорилгоор бэлтгэлээ хангаад эхэллээ.
Ингэснээр Багийн спорт Монголд хэрхэн хөгжиж байгааг туулсан замаараа үзүүлэх юм. Багийн спорт гэхээр олон тооны хүн хамрагддаг, санхүүжилт ихээхэн шаарддаг. Гэвч санхүү, хөрөнгө оруулалт асуудал болох үе байдаг.
-Б.Т: Мэдээж, санхүүгийн асуудал байдаг Иймээс энэ асуудлаар хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч компаниуд болон багийн эзэдтэй уулзахаар танайх хоёр холбооныхоо асуудлыг шийдчих гэдэг. Үүнээс болоод тамирчид хохирдог. Ажил цалгарддаг. Иймээс манай холбоо шинэчилсэн бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлснээсээ хойш хэн дээр ч очоогүй. Харин намайг ойлгодог, спортод элэгтэй найз нөхдөөсөө тусламж авсан. Тэд Ингээн наадамд оролцоход маш их тусласан.
“Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооныхон Монголд гадны легионеруудыг авчирснаар ийм том амжилтад хүрлээ” хэмээн ичихгүй яриад явж байна. Энэ бол үгүй. Манай Монголын сагсан бөмбөгийн холбооны түүхэнд 1994 оноос хойш гадаадын тамирчид легионерууд ирж, буцаж явж байсан. Монголын сагсан бөмбөгийн холбоо Лиг зохион байгуулдаггүй, легионерууд авчирдаггүй байсан юм шиг ярьж байна. Ингэж үүсэн байгуулагдаад хоёрхон ажил болж байгаа холбоо Монголын сагсан бөмбөгийн арвин их түүхтэй холбоог үгүйсгэж болохгүй шүү дээ.
Энэ удаагийн Инчеоны наадамд оролцсон шигшээ баг яг энэ бүрэлдэхүүнээрээ 5 жилийн турш Монгол улсыг төлөөлж, олон улсын тэмцээнд оролцож байна. Энэ хүүхдүүд Монголын шигшээ багт орохоосоо өмнө энэ багаараа дөрвөн жил явсан. Шигшээ баг гэж бүрэлдээд мөн таван жил болсон. Энэ олон жилийн хүч хөдөлмөрийг үгүйсгэж болохгүй шүү дээ. Энэ олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд тамирчид Инчеоны наадамд амжилт гаргалаа.
-Тамирчдыг Азийн наадмын бэлтгэлээ хангах гэхээр заал олддоггүй байсан гэх яриа байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Б.Т: Энэ бол үнэн. Заал олдохгүй байсан. Спортын бэлтгэлийн төвийн заалыг авах гэхээр бүтэн жилээр нь Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо авчихсан байсан. Бид СБТ-ийн дарга Б.Наранбаатараас гуйж үзлээ. Холбооныхоо зүгээс албан бичгээр явуулж ч үзлээ. Найз нөхдөөрөө дамжуулж ч үзлээ. Гэтэл цаг гаргаж өгөөгүй. Үнийг гайхдаг. МҮСБХ-оос ч “тамирчдаа дэмжие гээд манайд хандаад өөрийнхөө цаг дээр бэлтгэл хийлгэе гэж яриагүй. Бидэнд хэлээгүй. Заал олдоогүй учир бид “Этүгэн” гэх зэрэг их дээд сургуулиудын заал дамжин бэлтгэлээ хангаж байсан.
-Б.М: Сүүлдээ их дээд сургуулийн заалууд бүгд цаггүй болоод аргаа бараад манай эмэгтэй багийнхан сүүлийн хэдэн өдөр бэлтгэлээ Буянт-Ухаа спорт цогцолборт хангасан. Тэгэхдээ Гандболын багаас “цагийг” нь гуйж байж тэдний цаг дээр тоглож байсан.
-Түрүүн ярьсан, дээд лигийн тэмцээн яг хэзээ зохион байгуулагдах вэ?
-Б.Т: 12 сарын дундуур зохион байгуулагдана. Эрэгтэй зургаан баг оролцоно. Энэ үеэр заал олдох нь уу. Заалны асуудал жаахан хүндрэлтэй байна даа. Гэхдээ болох байлгүй дээ.
-Ингэхэд танай холбоо шүүхэд дуудагдсан гэсэн. МСБХ үйл ажиллагаагаа явуулах уу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байгаа юм байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Б.М: Анх Монголын сагсан бөмбөгийн холбоонд харъяалагддаг зарим дасгалжуулагч, шүүгч, тэмцээн зохион байгуулдаг компанийн эзэд гэх хүмүүс өөрсдөө гол холбоотойгоо ижил үйл ажиллагаа явуулдаг МҮСБХ гэх төрийн бус байгууллага байгуулсан. Тэгээд үндсэн сагсан бөмбөгийн холбоо болох МСБХ-ны эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэд шүүхэд хандсан байгаа. Ийнхүү шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргуулсан байгууллага бол МҮСБХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ болон тус холбооны нарийн бичгийн дарга С.Тулга болон түүнд харъяалагддаг ахмадууд болон багш нар юм.
Гэхдээ манай холбоог анхнаасаа шүүхэд өгөх ч хууль бус байсан. Яагаад гэхээр манай холбоо Баянгол дүүрэгт харъяалагддаггүй. Гэтэл Баянгол дүүрэгт харъяалагддаг мэтээр БГД-ийн шүүхэд өгч, хүчээр захирамж гаргуулж, 69-ийн 2, 69- ийн 2-ын 7 гэдэг тогтоол гаргуулж, манай үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргуулсан байсан.
Гэтэл энэ захирамж нь зөвхөн нэг л үйл ажиллагааг зогсоох тухай захирамж юм. Юу вэ гэхээр сагсан бөмбөгийн УАШТ гэх нэг үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглох захирамж юм. Гэтэл хуулийн байгууллага үүнийгээ буруу тайлбарлаад МСБХ-ноос зохион байгуулдаг бүх үйл ажиллагаа тэмцээн уралдаан, гадаад харилцаа, түүний цаана байгаа мянга мянган тамирчин, дасгалжуулагчдыг хохироогоод бүх үйл ажиллагааг нь зогсоох юм шигээр тайлбарласан байна. Бүр хамтран ажилладаг байгууллагуудруу маань шууд дур мэдэн өөрсдөө тэр шийдвэрээ түгээсэн байгаа юм. Энэ нь бас л хуулиа зөрсөн үйлдэл юм.
Яагаад гэхээр шүүхийн шийдвэрийг шүүхээс л тухайн холбогдох байгууллагад нь ирүүлнэ үү гэхээс гомдол гаргасан С.Тулга гээд этгээд “Эм-Си-Эм”, “Баянгол” зочид буудал гээд хамран ажилладаг байгууллагуудад “МСБХ-ий талаар ийм захирамж гарлаа” гэж аваачиж өгөх ёс байхгүй. Энэ нь бас л хууль зөрчсөн.
Бид энэ бүхнийг дэлгэдэггүй. Яагаад гэхээр “Үнэн нэг л өдөр ялна” гэж боддог. Үүнээс гадна зөндөө пактууд байна.
Иймээс бид одоо давж заалдаад хоёрдугаар шатны шүүхэд хандаад байгаа.
-Танай харъяаллыг буруу авч, Анхан шатны шүүх БГД-ийн шүүхэд болсон гэсэн Одоо давж заалдаж байгаа юм байна. Шүүхийн харъяаллаа өөрчлүүлсэн үү?
-Б.Т: Тэгэлгүй яахав. Манайх Сүхбаатар дүүрэгт харъяалагддаг. Иймээс давж заалдахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаад байгаа. Шүүх хурал энэ сарын 20-оор болох байх.
-Бас нэг асуудал гараад байна. Азийн наадамд оролцсон баг тамирчид аль холбоонд харъяалагдаж байна вэ. Танай холбоонд биз дээ?
-Б.М: Тиймээ. Гэхдээ ямар ч төрийн бус байгууллага тамирчин болон дасгалжуулагчийг өмчилж авдаггүй. Ийм эрх байхгүй. Хууль ч байхгүй. Тэдгээр тамирчид харъяалагдах клуб, сургууль аж ахуй нэгждээ харъяалагддаг байгаа.
Хэрэв өмчилж авч байгаа бол тухайн төрийн бус байгууллага тамирчин, дасгалжуулагчийнхаа нийгмийн даатгалыг төлөөд, татвараа төлөөд, цалин олгоод явах ёстой. Манайд одоохондоо ийм боломж байхгүй.
Харин олон улсын тэмцээнд Монголын сагсан бөмбөгийг төлөөлөн явах гэж байгаа тамирчдыг явах үгүйг зөвхөн манай МСБХ шийддэг. Олон улсын тэмцээнд ямар багаа илгээх үү, хэн удирдаж авч явах вэ гэдгийг шийдэх эрхийг дан ганц манай холбоо эзэмшдэг.
-Тэгэхээр Азийн наадамд яг энэ журмаараа явсан уу?
-М.Б: Тэгсэн. Яг л энэ журмаараа явсан. Гэхдээ ганцхан тэмцээнд явахад нь манайх зөвшөөрөл олгодоггүй. Энэ бол Монголын Оюутны спорт холбооноос зохион байгуулж, гадаад дотоодын тэмцээнд явж байгаа тохиолдолд.
-Азийн наадамд оролцсон сагсчдын зардалд танай холбооноос яг хичнээн төгрөгийг зарцуулав?
-Б.Т: Яг 65 сая төгрөг зарцуулсан. Энэ зардал бол эрэгтэй багийн бүх зардал, эмэгтэй багийн очоод гарсан зардал буюу сунгалт, байр хоолны зардлууд орсон байгаа.
Б.М:Манай эмэгтэй баг явах замын зардлаа өөрсдөө даасан. Гэхдээ эмэгтэй тамирчдын 4-ийнх нь замын зардлыг олимпийн хорооноос гаргасан. Манай сагсан бөмбөгийн холбооноос тэмцээн эхлэхээс гурав хоногийн өмнө очиж, тамирчдаа Солонгосын их дээд сургуулиудын багтай хамтарсан бэлтгэлд гаргасан. Тухайн үед гарсан зардлыг тухай бүрд нь шийдээд явж байсан.
Б.Т: Бидэнд энэ наадамд оролцоход маш олон хүн тусласан. Тухайлбал, Бүргэд, Чинзо ах, Баясал гээд найзууд байна. Бусад хүмүүс ч байна. Мөн “Мандал даатгал, “Тедмент” Худалдаа хөгжлийн банк гээд тусалж дэмжсэн байгууллага олон бий.
Инчеоны наадмын үеэр Хасар гээд залуу өөрөө Монголын сагсан бөмбөгчдийнхөө тэмцээний бичлэгийг шууд дамжуулж өгч байсан. Тэр залуу надтай уулзаж байлаа. Түүнд баярлалаа гэж хэлмээр байна. Мөн манай тамирчид Инчеонд очоод хоолондоо дасахгүй байсан. Тэгэхэд Солонгост байдаг Монголчууд маань монгол хоолоо хийгээд авчирч өгч байлаа. Бүр Сөүлээс хоол зөөж байсан хүн ч байгаа. Тэр бүх хүмүүст талархсанаа илэрхийлмээр байна. Энэ бүх дэмжлэг туслалцаа манай тамирчдын сэтгэлзүйд асар сайнаар нөлөөлж байсан гэдгийг хэлмээр байна.
-Гаднаас легионерууд ирэх сураг байна. Хаанаас тэднийг урьж авчирдаг юм бэ?
-Б.М: Энэ легионеруудыг МҮСБХ урилга гаргаад тэр тамирчдыг авчирчихсан юм биш. Энэ нь байдаг байсан зүйл. Аль нэг холбоо авчирдаггүй.
Б.Т: 2010 онд МСБХ Лигийн тэмцээнээ зохион байгуулж байсан. Тэр үед заалтай байлаа. СТО-нд тэмцээнээ явуулдаг байсан. Тухайн багийн эзэд хувиасаа зардлаа гаргаад гадны тэр мундаг тоглогчдыг урьдаг тоглуулдаг байлаа. Одоо ч тиймээрээ байгаа. Энд багийн эздийг яагаад ярихгүй байна вэ. Багийн эзэд байж гэмээнэ тэмцээн уралдаан болдог. Багийн эзэд байж байж л тамирчид цалинждаг. Тамирчдаа бэлтгэл хийлгэхийн тулд заалных нь мөнгийг тэд төлдөг. Үүнийг бүр онцолж хэлмээр байна. Багийн эзэд тамирчидтайгаа гэрээ хийгээд тэдний төлөө санхүүг гаргадаг. Багийн эзэд гэж их чухал хүмүүс байдаг.
-Сагсан бөмбөгийн Олон улсын холбоонд энэ бүх асуудлуудаараа хандсан уу. Тухайлбал, хоёр холбооны асуудал ч дуулдаа байлгүй?
-Б.Т: Бид зөвхөн дасгалжуулагч, шүүгчдээ гадаадад туршлага судлуулах, сургалт семинарт явуулж өгөөч гэсэн дэмжлэг хүсч хандаж байсан.
Харин өнгөрсөн долдугаар сард Сагсан бөмбөгийн Азийн чуулган болсон. Үүнд бид оролцсон. Тэгэхэд бидэнд Зүүн өмнөд Азийн холбооноос танай Монголд хоёр холбооны асуудал байна. Үүнийг Монголдоо шийд гэсэн. Тэд “бид үнэхээр завгүй байдаг. Гэтэл Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос С.Тулга, н.Алтан-Очир гэх хүмүүс байнга захидал илгээж байна. Энэ хоёр холбооны асуудлаа дотооддоо шийдчихвэл зүгээр байна. Тэгэхгүй бол Бид Монголын сагсан бөмбөгийг Олон улсын сагсан бөмбөгийн газарзүйн байршлаас хасна шүү” гэж анхааруулсан. Хэрэв энэ асуудал олон улсын түвшинд гарч, асуудлаа шийдэхгүй бол Монголын сагсан бөмбөгчдийн Олон улсын тэмцээнд оролцох эрхийг 2-20 жилээр хасна гэсэн. Ийм ч журамтай. Иймээс энэ асуудлаа аль болох дотооддоо шийдэх талаар бодож байна.
olloo.mn
URL: