Д.БАТТУЛГА ДАРГЫН БУХИМДАЛ

68kk7q1mes0oc840aamfua8gor

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн төслөөр бол нийслэлийнхэн бүсэлхийгээ тасартал бүсээ чангалаад ч онд мэнд орж ирэх жилийн наадам үзнэ гэж итгэхэд бэрх болох нь. Өдрөөр өсөх үнэ ханшийн дарамтаас гарч чадахгүй байтал ирэх жил нийслэлд амьдарч буйн “шагнал” болгож иргэдээс авдаг албан татваруудыг хоёр дахин нэмэгдүүлэх замаар хөрөнгө босгож хотыг амьтай голтой авч яв гэсэн хэцүүхэн үүргийг өдгөөгийн дарга нарт оноохоор Засгийн газрын төсөлд тусгасан нь ийн муу амлахад хүргэж буй юм.

Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөлд жилдээ 450-500 тэрбум төгрөгийн төсөвтэй Улаанбаатар хотод боловсрол, эрүүл мэнд, соёлын  байгууллагын ажилтнуудын цалин, урсгал зардлыг хариуцуулж, хөрөнгө оруулалтын зардлыг тэглэжээ. Энэ нь тооцоолж буйгаар нийслэл жилдээ 340 гаруй тэрбум төгрөгийг дээрх байгууллагын цалинд зарцуулахаар байгаа гэнэ. Тэгсэн хэрнээ нийслэлд, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд ямар ч хөрөнгө тусгаагүй бөгөөд нийслэлд иргэдээс төвлөрүүлдэг албан татваруудыг хоёр дахин нэмэгдүүлж, хөрөнгө босгох чиглэл өгчээ. Үүнийгээ Засгийн газраас орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, бие даасан байдлыг бий болгох бодлого хэмээн тайлбарлаж байгаа ч бодит байдлаас хол тасарсан  бодлогогүй төслийг нь нийслэлийн удирдлагууд шүүмжилж буй юм.   НИТХ-ын дарга Д.Баттулга өнгөрсөн долоо хоногт “Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн иргэдийнхээ нуруун дээр хүнд ачаа үүрүүлж, ийм төсвийн төсөл өргөн барьсанд үнэхээр гайхаж байна. Үндсэндээ энэ төслийг баталвал хот дампуурч, нийслэлээс хэрэгжүүлж буй бүх төсөл, хөтөлбөр шууд зогсоно гэдгийг Засгийн газрын тэргүүнд учирласан. Гэвч цалин, тэтгэвэр, иргэдийн орлогыг нэмэхгүй байж иргэдээс авдаг авто тээврийн татвар, үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр дахин нэмэгдүүлж, хотын татварыг бий болгон хөрөнгө босгох чиглэл өгч байгааг бид эсэргүүцэж байна. Нийслэл гэдэг их айлын иргэн бүрийн төлөө бид ажиллаж байгаа. Тэдний эрх ашгийн төлөө цаашдаа ч тууштай ажиллах болно. Ийм хүнд ачааг зүгээр хараад үүрэхгүй” хэмээн хатуухан мэдэгдээд авсан.

Үнэхээр ч бухимдахгүй байх аргагүй юм билээ. Хэрвээ энэ төслийг УИХ-аар баталвал 2015 оны нэгдүгээр сараас  багш, эмч нар, соёлын байгууллагын ажилтнуудын цалинг нийслэл олгож чадахгүйд хүрч, эхний улиралд 71, хоёрдугаар улирал гэхэд 105 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалд орох аж. Тиймээс уг төслийг парламентад  өргөн мэдүүлэхээс өмнө нягталж үзэхийг Ерөнхий сайд Н.Алтанхуягаас албан ёсоор хүсч, нэг биш удаа уулзаж нөхцөл байдлыг тайлбарласан ч  тусыг эс олсон юм. Ямар сайндаа л НИТХ-ын дарга Д.Баттулга хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй тулж ажиллан төсвийн төслийг батлуулахгүй байхыг үүргийг дүүргийн удирдлагууддаа өгөх билээ.


URL:

Сэтгэгдэл бичих