Газрын тосны олборлолт нэг дахин өсчээ
Манай улс өнөөдөр газрын тосны хайгуулын 25 талбай ялгаснаас 18-д нь бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ.
Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ 1993 оноос хэрэгжиж эхэлснээс хойш газрын тосны хайгуулын ажилд 1.5 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ хөрөнгө оруулалтын хүрээнд газрын тосны 813 цооног өрөмдөж, туршилт хийжээ.
Манай улс 1998 оноос туршилтаар олборлолт явуулж, энэ хугацаанд нийт нэг сая тонн газрын тос олборлон 975 мянган тонн бүтээгдэхүүн экспортолсон байна.
Боловсруулаагүй газрын тосны борлуулалт болон бусад орлогоос 144.1 тэрбум төгрөг улсын төсөвт оруулсан тооцоог Газрын тосны газраас гаргасан. Үүнээс зөвхөн өнгөрсөн онд 295.1 мянган тонныг экспортолж, түүхий газрын тосны борлуулалт, бусад орлогоос 57.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Сүүлийн жилүүдэд Тамсаг, Дорноговийн сав газруудад явуулж буй газрын тосны хайгуул, олборлолтын ажил эрчимжиж, түүхий тосны олборлолт, экспортын хэмжээ жил бүр нэмэгдэж байгааг Газрын тосны газраас онцолсон.
Өнгөрсөн онд олборлолт 2.2 баррель буюу 294.2 мянган тоннд хүрсэн нь 2008 оныхтой харьцуулахад 1.8 дахин өссөн үзүүлэлт аж. Монгол Улс 2008 онд 884 мянган тонн, 2009 онд 776 мянган тонн, өнгөрсөн онд 886 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Э.Өнөр
URL: