“Дислайк” даруулсан гишүүн хэн бэ
Засгийн шинэ бүрэлдэхүүнийг тугалыг нь турааж, эхийг нь зцээхгүйгээр шийдэх гэж төрийн түшээд түмэн завгүй хуралдаж байхад УИХ-ын гишүүн М.Зоригт ийм зураг твиттертээ тавьчихаад, “жиргэж” сууна. Дагалдагчид нь доор нь “Гүлдийчээд пялчихаа юу, ажлаа”, “Ажлаа таслаа л Зоригт гишүүн кк” гэж дагалдан баяссан сэтгэгдэл, лайкууд.
Өөрийнх нь хэлснээр суулт гэж нэрлэсэн энэ байдлаа Засгийн газрын бүтцийг эсэргүүцэж, ажил хаяж байгаа гэж тайлбарласан. Гэхдээ бүлгийн хурал, чуулганд суусан суугаагүй түүгээр төрийн ажил дутахгүй нь үнэн. Харин арван хуруу чөлөөгүй ажилладаг твиттертээ бичихээ больчихвол түүнийг үгүйлж магадгүй юм шүү. Тиймээс өрөөндөө суулт хийсэн “гайхалтай үйл явдлыг” нь ордон дотор тоох хүн олдохгүй болохоор твиттерийнхээ талбарт дэлгэж байгаа нь тэр биз. Бодвол “Та шүү, таны ард бид шүү” гэсэн сэтгэгдэл, лайкууд цуглуулах нь л дээ. Гэвч энэ улс төрд тодрох арга биш нь харамсалтай. Учир нь санаанд орсон бодол болгоноо бичиж, санаатай санамсаргүй зураг болгоноо олон нийтийн сүлжээгээр дэлгэснээрээ улс төрийн карьер нэмэгддэггүй нь тоогүй. Угаасаа М.Зоригт гэж хувь гишүүн улс төрд битгий хэл фракц дотроо ч МоАХ-г төлөөлж ярих кадр биш. Түүний улс төрд орж ирсэн зам ч тийм тууштай биш. ИЗН-аас АН руу орж ирсэн “нүүдлийн шувуу” маягтай. Намын сэлгээг нь харах юм бол “Нэг урвасан хүн хоёр дахиа урвахад бэлэн байдаг” ч гэж тодорхойлж болмоор. Тиймээс одоо МоАХ гэж хэчнээн том дуугарч, үнэнч царайлаад итгэл үнэмшил багатай. Яг үнэндээ суулт гэдэг нь Засгийн бүрэлдэхүүнийг тойрсон дуулианы хажуугаар тодорчих гэсэн ядсан арга гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна. Харин ч эсэргээрээ “мөрөерөө” байсан нэр хүндээ цаас юмсан бол хог руу чулуудчихлаа.
Юу ч оруулж байсан лайк дардаг олон зуун дагагч нарын хоосон магтаалын тань хажуугаар ганц үнэн хэлье. Фэйсбүүк, твиттерийн хэлээр таны суулт бол “дислайк”.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL: