Н.Батцэрэгийг Ерөнхийлөгч дэмжихгүй бололтой

Н.БатцэрэгХагас сар орчим үргэлжилсэн ч Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг УИХ цэглэж чадахгүй л байна. Хууль эрх зүйн орчин хэдийнэ бэлэн болсон ч сайд нарын томилгоон дээрээ гацчихсан нь энэ. Эхлээд фракцуудаасаа нэр дэвшигчдээ тодруулах гэж АН-ынхан өөрсдөө гацаав. Дараа нь сайдын ганц суудлаа хэн нь авахаа тохирох гэж “Шударга ёс” эвслийнхэн гацаалаа.

Арай гэж нэр дэвшигчээ тодруулсан ч Шадар сайдаа сэлгэх юм шиг МАХН-ынхан бас дотроо бужигнав. Ингэж бужигнасаар албан тушаалын бялуугаа хувааж дуустал МАН-ынхан гацаачихлаа. Сөрөг хүчний бүлэг өчигдөр сайд нарын томилгоог хэлэлцэх Байнгын хороодоос тав хүртэл хоногийн хугацаатай завсарлага авлаа. Төсөв батлах хуулийн хугацаа тулчихсан энэ үед МАН-ын энэ шийдвэр үнэндээ хоосон улс төр л байв. Яагаад гэвэл, тэд завсарлага авч буй шалтгаанаа дөрвөн сайдын асуудлыг зэрэг оруулж ирээгүйгээр      тайлбарлаж байна лээ. Уг нь Сангийн сайдыг Гадаад харилцаа,эдийн засгиин хамтын ажиллагааны сайдыг, бас Уул уурхай, эрчим хүчний сайдыг томилоход юу нь буруу байх вэ. Нэг хоногийн өмнө ч болов ажлыг нь хийлгэж, гол нь улсын төсвийн хэлэлцүүлгийг эхлүүлэхгүй бол бүтэц тойрсон энэ маргаан үргэлжилсээр л байх болно.

Энэ гацаа үргэлжилсээр байгаа бас нэг шалтгаан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой. Ерөнхий сайдын хувьд өмнөх гурван нэр дэвшигчээ тодронгуут л айлчлалаар яваа Ерөнхийлөгчтэй шууд холбогдож зөвшилцсөн байдаг.

Ерөнхийлөгч ч дэмжсэн хариу өгсөн болохоор УИХ-д саналаа өргөн барьсан биз. Харин Н.Батцэрэгийн тухайд Ерөнхийлөгч сайдаар томилохыг дэмжээгүй бололтой. УИХ-ын гишүүдийн хэлж буйгаар зөвшилцөх саналаа түүнд хүргүүлсэн ч тодорхой хариулт өгөхгүй байгаа болохоор Н.Батцэрэгийг сайдаар томилуулах саналаа Ерөнхий сайд УИХ-д оруулж чадахгүй байгаа аж.

Ерөнхийлөгчийн хувьд Н.Батцэрэгийг дэмжихгүй байх бодитой шалтгаантай. Тэр нь “Давхар дээл”. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүнийг сайдаар томилохыг дэмжихгүй гэдгээ бүлгийн дарга нартай уулзахдаа Н.Батцэрэгт ч өөрт нь хэлсэн. Тэр тусмаа Н.Батцэрэгийн сайдад нь нэр дэвшээд буй Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам бол чиглэлийн яам. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч нөгөө гишүүн болох Д.Зоригтын тухайд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын үндсэн чиг үүргийн яамны сайдад санал болгосон билээ.

 

Ч.САНСАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих