Н.Алтанхуягийн “гэрлэлтийн баталгаа”
Монгол төрийн түүхэнд анх удаа Засгийн газрыг дахин эмхлэх гээч явдал Н.Алтанхуягийн Засгийн өнгөнд гарч ёстой л албан тушаалын төлөө хэн нь хэн болохоо манай улстөрчид үзүүлсээр л. Бүтэн өдөржин чуулганы нэгдсэн хуралдаанд төрийн ажлыг гацаасан буруутанг хайж талцаж хэрэлдсэн улстөрчдөөс ард түмэн залхаж байна.
Төрийг самарч байна, ажлыг гацааж байна хэмээх МАН-ынхан өөрсдөө ч буруутай. Тэд өөрсдийнхөө нэрлээд байгаа Ардчилсан намын “самралт”-ыг хоёр жилийн хугацаанд огтхон ч зогсоож чадаагүй бөгөөд уранхай бүрээстэй хоёр гэр барьж “Н.Алтанхуяг огцор” хэмээн сулхан дуугарахаас өөрийг хийж чадаагүй шалчгар сөрөг хүчин гэдэг нь үнэн.
Ерөөсөө МАН-ын бүлгийг харахад харамсмаар. Зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдсэн “Шударга ёс” эвсэл болоод АН-ынханы албан тушаалын төлөөх эрээ цээргүй авирлалтыг зогсоохын төлөө тэдэнд завсарлага авахаас өөр ямар ч чадал тэнхээ байхгүйд харамсмаар.
Сөрөг хүчнээ ийм байдалд оруулж чадсан, хазайсан суудлаа удаа дараа бататгасаар яваа ерөнхий сайд харин ч эр хүний арван гурван мэхтэй нэгэн бололтой. Гэхдээ Ерөнхий сайдын өөрийнх нь хэлснээр МАН-ыг хоёр жил засагт оруулаагүй яваа дутагдал нь бус өдий болтол Засагт хамтарч “гэрлэлтийн баталгаа”-тай болсон “Шударга ёс” эвсэл хэмээх шүдний өвчин л түүнийг үе үе самарчих гээд байх аж.
Засгийг дахин эмхлэх гайхалтай төлөвлөгөө нь элдэв саадыг давж яг бүтдэгийн даваан дээр албан тушаал, сайдын суудлын төлөө эвлэлдэн нэгдсэн МАХН, МҮАН-ын гишүүд хоорондоо хөлөө жийлцэж бүх зүйлийг хойш нь татсан нь энэ. Намын дотоодын фракц хоорондын зөрчлөө ч Н.Алтанхуяг давсан гэхэд болно. Түүнээс шалтгаалахгүй “Шударга ёс” эвслийнхний алааныг тэр харин яаж ч чадахгүй дэмий л уурсах аж.
Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн гурван сайдтай хамт “Шударга ёс” эвслийн санал болгох хоёр сайдын нэр гарч эхэлсэн. Гадаадад ажлаар яваа Н.Удвал сайдыг хөнтөрч оронд нь Н.Энхбаярын эмч гэгддэг Л.Жамбалжавыг, МҮАН-ы сайд М.Сономпилийн оронд ирсэн квот болох Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмонг нэрлэсэн ч МАХН-ын Цагаан байранд дажин гарах шахсан тул Н.Удвалыгаа хэвээр үлдээж, Ц.Цолмонгийн нэрийг татаж бүлгийн дарга МҮАН-ы Х.Батцэрэгийн нэрийг өргөн барихаар болсон юм.
Ингэж Н.Алтанхуягтай хийсэн “гэрлэлтийн баталгаа”-нд дурдагдсан Засгийн газрын 25 хувиа тануулсан”Шударга ёс” эвсэл ганц хоёр сайдын суудлын төлөө эвслээ тараах шахаж байх хойгуур сөрөг хүчин чаддаг ганцыгаа хийж завсарлага аван дахиад л тав хоног хүлээх боллоо.
Ингэж төрийн ажлыг гацааж байгаа буруутан нь АН уу, МАН уу эсхүл “Шударга ёс” эвсэл үү гэдгийг тэд өөрсдөө “улаан хэрүүлээрээ” биш ард түмэн л тунгаах ёстой.
2015 оны төсвийн төслийн тухай хууль гишүүдийн ширээн дээр салхи орж амжилгүй явсаар арван сар дундаа орчихлоо. Ажилгүй дээрээ бүтэлгүй Засаг аа гэж.
bataar.mn
URL: