Монголын сагсан бөмбөгийн спортыг тамирчид нь мандуулж, дарга нар нь дампууруулж байна

bff0d59b8ce06428originalСаяхан болсон Инчоны Азийн спортын наадамд манай сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хэсгээсээ гарч шөвгийн наймд шалгарсан түүхэн амжилт үзүүлээд ирсэн. Ганц сагсчид ч гэлтгүй бусад тамирчид маань ч гэсэн ганзага дүүрэн ирлээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд ССАЖ яам тус тэмцээнд явсан тамирчиддаа дэмжлэг үзүүлээгүй гэсэн хэл ам  гараад байгаа. Яам байгуулагдсан цагаасаа авахуулаад бид спортын бүх салбарт хүрч ажиллах болно. Тэр тусмаа Монголд төдийлөн өндөр зэрэглэлд хүртлээ хөгжөөгүй байгаа сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг гээд багийн спортыг дэмжиж ажиллах болно гэж ам гарсан. Гэтэл тэр нь зүгээр л хоосон, худлаа амлалт байжээ. Тамирчид нь бор зүрхээрээ сагсан бөмбөгөө хөгжүүлээд харин сайд, дарга нар нь олны өмнө худлаа зүйлийг ярьж байна. Тухайлбал үндэсний шигшээ багийн тамирчин Б.Билгүүн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шигшээ багийн тамирчдийг Солонгост тоглож байхад тэнд ажиллаж хөдөлмөрлөж байгаа Монгол иргэд маань хоол унд авчирч өгч их дэмжиж байсан” хэмээн ярьсан байна лээ. Мөн сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн замын зардлыг сагсан бөмбөгийн холбоо өөрийн гишүүдийн халааснаас гаргуулж Инчон явуулжээ. Тэдний буудлах буудлын мөнгийг Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт өөрөөсөө гаргасан байна. Харин эмэгтэй тамирчдаа тэмцээнд явуулах уу, үгүй юу гэдэг дээр маш том асуудал үүсчээ. Энэ нь өнөөх л мөнгөний асуудалтай холбоотой.  Тухайлбал аргаа барсан эмэгтэй шигшээ багийн  тамирчид хувийн эд хөрөнгөө барьцаалж зээл аваад улсынхаа нэрээр Инчоны тэмцээнд оролцсон гэнэ. Энэ мэтээр сагсан бөмбөгийн тамирчид нь идэх хоолгүй, явах унаагүй, байрлах байрлах байргүй “Бадарчин” шиг байдалтайгаар эх орныхоо нэрийг бор зүрхээрээ азийн тавцанд гаргаж байхад С.Оюунгэрэл сайд нөхрөө дагуулаад албаны зарим хүмүүсийн хамт улсын зардлаар таван одтой зочид буудал тухалж, тамирчдаа дэмжих нэрийдлээр зугаалж яваад ирсэн. Хамгийн харамсалтай нь тэмцээний үеэр сагсан бөмбөгийн тамирчидтайгаа нэг ч, удаа очиж уулзаагүй аж. Зарим эх сурвалжийн мэдээлж байгааг ССАЖ яам спортын салбарт ялгавартай ханддаг гэнэ. Энэ нь үнэний ортой боллоо.  Тухайлбал сагс, волейбол, хөлбөмбөг гэх мэт багийн, шинэ тутам хөгжиж буй спортын төрлүүдэд дэмжлэг үзүүлэхгүйгээр нөгөө л нэг уламжлалт “Топ 4” спортын төрөлд анхаарсаар ирж.
Ингээд болоогүй салбарын сайд нь “хойд талын хатуу гараар хандаж” байхад Сагсан бөмбөгийн холбоо нь хүртэл дотроо учраа олохоо больсон. Энэ нь бас даргын сандал ширээтэй холбоотой. Хэн нь холбооны дарга болох вэ? гэдэг маргаантай холбоотой. Тухайлбал УИХ ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны сайд С.Эрдэнэ сагсан бөмбөгийн холбоог хоёр хувааж өнөөдрийн энэ ойлгомжгүй байдлыг үүсгээд удаж байгаа нөхөр. Тус тусдаа хоёр бүлэгт хуваагдаад байгаа сагсан бөмбөгийн холбооны нөхдүүд өнгөрсөн өвөл тохиролцоонд хүрч нэг тэргүүнтэй байх нь зүйтэй гэж шийдсэн байна. Үүнийгээ батлахын тулд гишүүд төлөөлөгчдийн өмнө ардчилсан зарчмаар сонгууль явуулахад С.Эрдэнэ холбооны ерөнхийлөгчийн төлөө нэр дэвшиж ялагдчихсан. Харин “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэгчээр мань эр би сагсан бөмбөгт зүрх сэтгэлгүй хүмүүстэй хамтарч ажиллахгүй гэж зүтгэсээр байгаад арай гэж нэгдмэл болсон хоёр холбоог буцаагаад салгачихсан түүхтэй. Ингээд тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хэн гэдэг хүн сагсан бөмбөгийн холбоог тэргүүлж байгаа чухам аль холбоо нь жинхэнэ болохыг бид битгий хэл сагсчид нь ч ойлгохоо больсон. Нөхцөл байдал ийм байхад Үндэсний шигшээ багаа бүрдүүлэх гэдэг ч асуудалтай байна шүү дээ. Тус хоёр сагсан бөмбөгийн холбоо нэгдээд нэг тэргүүнтэй, нэгдмэл санаа зорилготой байсан бол Инчонд болсон шиг ийм байдал үүсэхгүй байсан. Хэрэв биднийг дэмжээд өгсөн бол үүнээс ч илүү амжилт гарах байсан юм гэж тамирчид нь хүртэл ам нэгтэй хэлж байна. Би л биш бол өөр хэн ч биш гэсэн дампуу сэтгэлгээтэй салбарын сайд нь огцорч, С.Эрдэнэ гэгч нөхөр сагсан бөмбөг тэр тусмаа Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч болох “хөөсөрсөн” бодлоо хаявал дээр байх. Хоёрын хоёр давхар дээл өмсчихөөд дээрээс нь нэмж сагсны тор углах гээд хамаг юм баллаад яваагаа яг одоо зогсоовол таарна. Хөгжих ёстой зүйл нь өөрийн жамаараа л хөгжиг.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих