Ерөнхийлөгч Н.Батцэрэгийг голжээ

54669

Засгийн газрын шинэ бүтэцтэй холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий сайдуудыг ажлаас нь чөлөөлсөн. Томилгооны асуудал хойшлогдож байгаад зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүссэнээр байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм.

Шинээр томилогдох сайд нарын нэрс удтал хүлээлгэсний эцэст тодорхой болсон боловч одоог хүртэл томилгоо хийгдээгүй байна. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Уул уурхай, эрчим хүчний сайдад Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Жигжид, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Зоригт нарын нэрийг дэвшүүлэхээр намууд саналаа оруулав.  Шинээр томилогдох сайд нар дундаас УИХ-ын гишүүн,  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн Н.Батцэрэгийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилохыг Ерөнхийлөгч хүлээн аваагүй гэх яриа гарсан тухай хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.

-А.ГАНСҮХИЙН ХИЙСЭН АЖИЛ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ГАРЧ БАЙГААГҮЙ ОНЦГОЙ ҮР ДҮН ЮМ-

Өчигдөрхөн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн А.Гансүхийн хувьд энэ салбарыг удирдсан хоёр жилийн хугацаанд 2500 км авто зам барьж, зургаан аймгийг холбох ажил хийсэн нь энэ салбарт өмнө нь гарч байгаагүй онцгой үр дүн юм.

“МРО” мэдээлэл судалгааны төвөөс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрд, өрнөж буй үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулдаг улс төрийн барометрийн судалгааны индексээр авч үзвэл энэ онд судалгаанд хамрагдсан долоон яамнаас хамгийн өндөр үзүүлэлтийг Зам тээврийн яам авсан байна. Энэ салбарын олон улсын хамтын ажиллагааг өндөр түвшинд аваачсаныг салбарынхан нь онцлон твиттер хуудаснаа ч жиргэсээр байдаг.

Тэрээр хуульч, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирлаас эхлэн ТӨХ-ны газрын дарга, ЗТБХБЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай. Барилга хот байгуулалтын дэд сайд байхдаа “Өдрийн шуудан” сонинд гарсан нийтлэлтэй холбогдуулан АТГ-т өөрийгөө шалгуулж байсан. 2008 онд дэд сайдаар томилогдсоноос хойш А.Гансүхийн хөрөнгө орлого өөрчлөгдөөгүй болохыг нотлож байсан юм.

-Н.БАТЦЭРЭГ ТУС САЛБАРЫГ АВААД ЯВАХ ТУРШЛАГАГҮЙ-

УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийн хувьд энэ талын туршлага байхгүй. Тэрээр Ерөнхий боловсролын дунд сургуулийн багш, эрхлэгчээс аймгийн Монголын Үндэсний Ардчилсан Намын дарга, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга, Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Хувийн хэвшлийн салбарт компанийн зөвлөх, захирал, Налайх дүүргийн Ардчилсан намын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөх, Шадар сайдын ажлын албанд улс төрийн бодлогын зөвлөх, Монголын Үндэсний, Ардчилсан Намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг албыг гүйцэтгэж байсан.

Хорь орчим жил М.Энхсайханы үнэнч, итгэлтэй “фен”-ээр тасралтгүй зүтгэсэн ч гэж яригддаг. Мөн МАН-ын зүгээс УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг 2012 оны сонгуульд уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр өгсөн амлалтыг нь эргэн сануулсан шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн удаатай. Ийм утгатай албан тоотыг өмнө нь Ерөнхий сайд Н.Алтанхуягт илгээж байсан.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ бүтцийн талаар “Хэрвээ ямар нэгэн сайд өөрчлөгдөх юм бол дараагийн томилогдох сайд нь УИХ-ын гишүүн биш, үнэхээр нэр хүндтэй, мэргэжлийн, тухайн салбартаа тод, том хүлээн зөвшөөрөгдсөн тийм сайд томилогдоосой гэсэн ийм л хүсэл надад байгаа” гэж хэлж байсан. Тиймээс Зам тээврийн сайдад нэрийг нь өргөн бариад байгаа Н.Батцэрэгийг голсон бололтой.

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам бол манай улсын хамгийн чухал буюу геополитикийн хувьд ч нөлөө бүхий салбар юм. Иймээс Ерөнхийлөгчийн зүгээс энэ салбарын сайдын суудалд энэ талын мэдлэг боловсролтой, туршлагатай хүн томилохыг шаардах нь зүй биз ээ.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих