Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д дахин хандлаа
Улсын Ерөнхий прокурорын газраас УИХ-д өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал оруулсан. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр нь уг саналыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгөөд байгаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж Үндсэн хуулиар тогтоосон байдаг.
Байнгын хорооны дарга албан тоотоор хариу өгсөн нь Үндсэн хуулийн дээрх заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зургадугаар зүйлийн “Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх танилцуулгыг Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор тус тус зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд хийнэ” гэж заасантай нийцэхгүй байгаа юм байна. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон журмын дагуу чуулганаар хэлэлцэн шийдвэр гаргахыг хүсч, УЕПГ-аас өнгөрсөн баасан гаригт дахин албан бичиг хүргүүллээ.
УИХ-ын гишүүн Д.Дондогийг бусдын хөрөнгийг онц их хэмжээгээр залилан авсан хэрэгт буруутган 2009 оны наймдугаар сарын 28-наас эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. УИХ-ын гишүүн Д.Дондог нь иргэн А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж нартай хамтран “Барилга барих газар олж өгнө” гэж хоёр сая гаруй долларыг нь залилсан хэрэгт хамтран оролцсон нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн 148 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татах, эрүүгийн байцаан шийтгэх зарим ажиллагаа явуулахаар болоод байгаа аж. Тиймээс Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас албан бичгээр Улсын ерөнхий прокурорт хандсан юм байна.
Н.Мөрөн
URL: