25 жилийн дараа анх удаа улсын төсвөөр баригдсан эмнэлгийн барилга ашиглалтанд орлоо

эрүүл мэнд төвБаянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор байрны нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг, Л.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал нар болон холбогдох албаны хүмүүс, иргэд оролцов.

Эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил 2013 оноос эхэлсэн бөгөөд 7 тэрбум 726 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Шинээр баригдсан Эрүүл мэндийн төв өдөрт 700 гаруй иргэдэд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд мэс засал, хөнгөвчлөх эмчилгээ, гэмтлийн 5 ортой тасгийг шинээр нээж иргэдэд үйлчлэх эмчилгээ, үйлчилгээнийхээ нэр төрлийг 2 дахин нэмэгдүүлжээ.

Эрүүл мэндийн төв нь улсын хэмжээнд 25 жилийн дараа анх удаа улсын төсвөөр баригдсан, эрүүл мэндийн салбарт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэг болж байна.

Эрүүл мэндийн төв нь шинэ байртай болсноор олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй, эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах, иргэдийн үйлчлүүлэх таатай орчинг бүрдүүлсэн, 2-3 дахин хүртээмжтэй, чанартай, түргэн шуурхай ажиллах боломжтой болж байгаа юм.

Баянгол дүүргийн Эрүүл нэгдэл нь анх 1991 онд Октябрын районы Эрүүл мэндийн зөвлөх төвөөс Эрүүл мэндийн 7 дугаар төв нэртэйгээр салж 93 хүний орон тоотойгоор дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, мэс засал, лаборатори, рентген, нүд, шүд зэрэг нарийн мэргэжлийн кабинетийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Улмаар 1995 онд бүтцийн өөрчлөлт хийснээр Эрүүл мэндийн зөвлөх төв болж өргөжин 205 ажиллагсдын орон тоотой болж нарийн мэргэжлийн оношлогооны кабинетуудыг нээж чанарын ахиц гарган ажиллаж байсан.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2001 оны 04 сарын 24-ний өдрийн №98/197 тоот  тушаал захирамжийг үндэслэн 2001 оноос эхлэн Баянгол Эрүүл мэндийн нэгдэл  нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байв. Мөн 2013 оны 6 дугаар сард 35 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулж байна.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь 23 хорооны 196389 хүн амд  “Сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шударга, тэгш, хүртээмжтэй, чанартай, чирэгдэлгүй шуурхай үзүүлэх”-ийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Тус Эрүүл мэндийн төв нь Захиргаа аж ахуйн тасаг, Поликлиникийн тасаг, Нэгдсэн эмнэлгийн тасаг, Хүүхдийн тасаг, НЭМТҮ-ний тасаг болон Өрхийн эрүүл мэндийн төвөөс бүрдсэн нийт 459 эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэйгээс Эрүүл мэндийн нэгдэлд 238, Өрхийн Эрүүл мэндийн төвд 221 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа тэргүүлэх зэрэгтэй эмч 3, ахлах зэрэгтэй эмч 19, тэргүүлэх зэрэгтэй сувилагч 5, ахлах зэрэгтэй сувилагч 15, клиникийн профессор 3 тус тус ажиллаж байна.

lag.mn


URL:

Сэтгэгдэл бичих