И.Отгонбаяр: Ганболд гэж хүн Монгол Улсыг дэлхийд шившиг болголоо
Хөлбөмбөгийн холбооны ажилтнууд болон хөлбөмбөгчид үүсээд байгаа асуудалтай холбоотой мэдээлэл авахаар ирсэн ч дотогш нэвтрүүлээгүй. Зөвхөн холбооны байр гэлтгүй хөлбөмбөгийн хоёр ч талбай цоожтой байлаа. Гэтэл 97 дугаар сургуулийн хүүхдүүд холбооны урд талд байрлах сурын талбайд хөлбөмбөгийн бэлтгэлээ хийж байх юм. Ингээд Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн захирал И.Отгонбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Олон улсын хөлбөмбөгийн холбооны сайтад гарсан мэдээллийн талаар та бүхэн хэзээ анх мэдэв?
-Өчигдөр 17.00 цагийн үед мэдсэн. Үнэхээр гутамшигтай зүйл боллоо. Харамсч байна. CNN, Bloomberg, BBC зэрэг дэлхийн топ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарлаа. Энэ зөвхөн Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн асуудал биш. Ганболд гэж хүн Монгол Улсыг дэлхийд шившиг болголоо.
Монголын хөлбөмбөгийн холбооны байр, футзалын ордон, хөлбөмбөгийн талбайг ФИФА-гаас барьж өгсөн. Гэтэл ФИФА дэлхий даяар ийм мэдэгдэл хийсэнд холбооны ерөнхийлөгчийнхөө өмнөөс ичиж байна. Энэ бүхэн хөлбөмбөгийн түүхэнд хар толбо болоод ингээд дуусаасай. Дахиад спортын өөр салбарт битгий давтагдаасай л гэж хүсч байна.
-ФИФА-гаас энэ бүхнийг барьж байгуулахдаа хөлбөмбөгт дуртай хүн бүрт зориулсан байх. Гэтэл өнөөдөр холбооны байранд гишүүд нь орж чадахгүй, хүүхдүүд сурын талбайд хөлбөмбөг тоглож байх юм?
-Хөлбөмбөгийн холбоо өнөөдөр ийм л байдалтай байгаа. Хаалттай атлаа бизнесийн байгууллагын хэмжээнд оччихсон. Ерөнхийлөгчгүй боллоо одоо яах вэ бид гэж асуух гэж л ирсэн. Яг та бүхний адил. Гэтэл ийм байдалтай угтаж байна. Үнэхээр бухимдалтай байна.
-Танай холбооны ерөнхийлөгч дотроо байгаа юм биш үү. Тэгээд л та бүхнийг ч гэсэн дотогш оруулахгүй байгаа юм болов уу. Дотроос бичиг баримт, хайрцагтай зүйл зөөгөөд л байна?
-Байгаа л байх. Гэхдээ энэ хүн одоо энэ байр луу нэвтрэх, гаднаас хүн оруулахгүй байх үүрэг даалгавар өгөх эрхгүй хүн.
-Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажил эхлэхтэй зэрэгцэн энэ үйл явдал тохиож байгааг та бүхэн юу гэж харж байна?
-Хэн ерөнхийлөгч болох нь хамаа алга. Сонгуультай жил битгий хэл дайнтай байхад ч дэлхийн хаана ч хөлбөмбөг тоглосоор ирсэн. Хамгийн гол нь холбооны гол үндэс суурь бол хөлбөмбөгчид. Хүйтнийг үл ажраад сурын талбайд бэлтгэл хийж буй энэ хүүхдүүдийн ирээдүйг баллачих вий дээ.
Хэрвээ хурдан хугацаанд Удирдах зөвлөлөө хуралдуулж ФИФА-д дуу хоолойгоо хүргэхгүй бол болохгүй. Гурван жилийн өмнө энэ хүнээс болж Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооноос манай шигшээ багийг тэмцээнд оролцохыг хориглосон билээ. Энэ хориг энэ жилийн гуравдугаар сард дуусгавар болж байх жишээтэй.
-Холбооны ажилтан хүний хувьд асуухад аудит, АТГ-аас шалгалт орж байсан уу?
-Орсон ш дээ. Бүгдээрээ л зүгээр асуудалгүй гэж гарсан. Өөрөө ч саяхан телевизүүдээр ярьсан шүү дээ.
gogo.mn
URL: