Долоон настай хүү согтуу жолоочийн балгаар амиа алджээ

bayan-UlgiiБаян-Өлгийн аймгийн төвд 10 дугаар сарын 2-ны өдөр хичээлээсээ тараад харьж явсан 7 настай бяцхан хүүг согтуу жолооч дайрч амь насыг нь бусниулсан гэмт хэрэг гарчээ. Тус аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг энэ жил гараагүй байжээ. Бяцхан хүүг нас барсны 7 хоногт нь аймгийн төвийн бүх сургуулиуд дээр “эмгэнэл илэрхийлэх” арга хэмжээг аймгийн прокурорын газраас санаачлан Боловсролын газартай хамтран зохион байгуулжээ.
Уг арга хэмжээний үеэр “Хэрвээ бяцхан хүүгийн гэрийнхэн хичээл тарахад нь ирж хөтөлж авч явсан бол”, “Хэрвээ багш нь гэрийнхэнд нь утасдаж хүүгээ ирж аваарай гэж хэлсэн бол”, “Хэрвээ Жолооч Б тэр өдөр архи уугаагүй байсан бол”, “Хэрвээ замын цагдаагийн эргүүлүүд тэр өдөр уг согтуу жолоочийг эрт илрүүлж саатуулсан бол”, “Бага насны хүүхдийг гараас нь хөтөлж зам гаргах тухай Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг эцэг эхчүүд байнга хэрэгжүүлдэг бол” гэсэн асуудлаар хүн бүрийн хариуцлагыг хөндөж яриа хийсэн байна.
Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гаргахгүй байх, энэ төрлийн гэмт хэрэгт бага насны хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой боллоо гэж иргэд талархан хүлээж авчээ.


URL:

Сэтгэгдэл бичих