Ч.Улаан, Л.Болд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
Өнөөдөр /2014.10.16/ Төсвийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.
Эхлээд Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдыг үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Улааныг чөлөөлүүлэх саналаа оруулж байгаагаа танилцуулсан.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй ч С.Баярцогт гишүүн, Ч.Улаан сайдын хувьд сүүлийн 20 жилийн хамгийн хүнд үеүүдэд Сангийн сайд байсан. Санхүү, эдийн засгийн шинэчлэлтэй холбоотой маш олон хуулийг боловсруулж, батлуулан хэрэгжүүлж ирсэн. Мөн Монгол Улсын Засгийн газарт удаа дараа Сангийн сайдаар ажиллаж ирсэн зүтгэлийг нь Төсвийн байнгын хороо үнэлэх хэрэгтэй юм. Цаашдын ажилд нь амжилт хүсье хэмээв. Түүний хэлсэн үгийг тус байнгын хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн дэмжиж, байнгын хорооноос гарах санал дүгнэлтэд энэ тухай тусгана гээд нийт байнгын хорооны гишүүдийн өмнөөс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидэнтэй сайн хамтарч ажилласанд талархаж буйгаа илэрхийлсэн. Ингээд санал хурааж гишүүдийн олонх дэмжсэнээр Сангийн сайд Ч.Улааныг албан тушаалаас нь чөлөөлөв. Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригтыг томилуулах тухай асуудлыг хэлэлцэхээр болсон ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүсч, байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн.
Үүний дараа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Гадаад харилцааны сайд Л.Болдыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 70 гаруй хувийн саналаар дэмжин баталлаа.
Дараа нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтарсан хуралдаанаар Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайдаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг томилуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг сайдыг томилох асуудлаар мөн тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдсэнээр хамтарсан хуралдааныг өндөрлүүллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: