Эмма Уотсон анхны хайрынхаа нэрийг ил зарлалаа

“Харри Поттер” киноны дүрээрээ од болсон британи бүсгүй Эмма Уотсон анхны хайрынхаа нэрийг ил зарласны зэрэгцээ эрчүүдийн толгойг эргүүлэх “урлаг”-т огт суралцаагүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
21 настай Эмма Уотсон сүүлийн үед секс-билэг тэмдэг болоод байгаа билээ. Гэлээ ч тэрээр амьдрал дээр шулуухан зантай бүсгүй гэдгээ Seventeen сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тодорхой дурьджээ. Эмма Уотсоны анхны хайр нь “Харри Поттер”-т хорон санаат Драко Малфойгийн дүрийг бүтээсэн жүжигчин залуу Том Фелтон ажээ.
“Том Фелтон миний анхны хайр. Тэр ч үүнийгээ мэддэг. Одоо хүртэл намайг өөрт нь дурласан болохоор шоолоод байдаг юм. Гэхдээ бид одоо их сайн найзууд л даа” гэж Эмма Уотсон ярьжээ. Одоо 23 настай Том Фелтон Жейд Оливиа хэмээх жүжигчин бүсгүйтэй найзалж байгаа бол Эмма Уотсон хувийн амьдралдаа нэг л бүтэлгүй яваа. Тэр өөрийгөө хэтэрхий түргэн амтай, хүссэнээ шулуухан хэлчихдэг гэдгээ ний нуугүй ярьсан байна.
“Хайр сэтгэлийн тоглоомд муур, хулгана болж огт чаддаггүй. Би тэвчээр их муутай. Энэ бол хамгийн том дутагдал. Хэн нэгнийг харахыг, уулзахыг хүсвэл түүнийгээ шууд л хэлчихдэг. За бол за, үгүй бол үгүй. Тэгээд л болоо. Найз охид маань эрчүүдийн толгойг гашилгаж, мөрөөдөлд автуулж, бодлынх нь хатан хаан болох хэрэгтэй гэж зөвлөдөг юм. Гэтэл би яаж тэгэх учраа ч олдоггүй. Хэн нэгэн надад таалагдвал шууд очоод л “Чи надад таалагдаж байна. Хамтдаа нэг тийшээ явах уу?” гэж шууд хэлдэг. Одоо хүртэл ийм зантай хэвээрээ байгаа нь тэнэг хэрэг л дээ” хэмээн Эмма Уотсон ярьжээ.


URL:

Сэтгэгдэл бичих