Үндсэн хуулийн Цэцийн дээр Хөх тэнгэр бус Н.Алтанхуяг оршиж байна уу
Төрийн албыг төрлийн алба болгож, хууль зөрчсөн томилгоог хамгийн их хийсэн хүнээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэг биш удаа тодорсон. Тиймдээ ч хоёр жил Засгийн газрын тэргүүнээр ажиллах хугацаандаа зургаан удаа Үндсэн хуулийн Цэцэд дуудагдаж, рекорд амжилт тогтоогоод байгаа биз.
Өнгөрсөн хугацаанд тэрбээр сонгуулиар намын сурталчилгаанд ажиллаж байсан, төрийн албанд тэнцэхгүй, боловсролгүй нөхдүүдийг тэнцэхгүй суудалд нь суулгаж бүр тодруулбал аймгийн Засаг дарга нарыг хууль бусаар томилж, түр орлон гүйцэтгэгч гэх хууль бус томилгоог хийсээр ирсэн.
Түүний томилгоо жил дамжин, хууль хяналтын байгууллагуудад шалгагдсаар өнөөдөртэй золголоо. Тухайлбал Төв аймаг, Хөвсгөл, Баянхонгор, Дорнод, Говь-Сүмбэр гэх мэт аймгуудын Засаг даргыг томилохдоо хууль зөрчсөн байдаг. Уг нь Үндсэн хуулийн Цэц үүргийнхээ дагуу ажилласан бол хууль бус томилгоотой Засаг ноёдтой холбоотой маргааныг эцэслэх хугацаа аль эрт болчихсон.
Мөн өнгөрсөн долоодугаар сарын 31-ний өдөр ШШГЕГ-ын харъяа Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хоригдож буй Л.Гансүхийг эргэн очиж, тус албаны даргын өрөөнд уулзсан. Тэрбээр ахлах зөвлөхөө эргэхдээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг дагуулан явсан байдаг. ШШГЕГ нь Хууль зүйн сайдын хариуцсан салбарт харъяалагддаг учраас тус албаны удирдлагууд тэднийг очиход хууль зөрчин байж сэжигтэн, яллагдагч Л.Гансүхтэй уулзуулсан биз. Энэхүү уулзалтын бичлэгийг АТГ-ын ажилтнууд хийж нийтэд хүргэснээр тэдний хууль зөрчсөн үйлдэл нь ил болсон билээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарын хорих ангид сэжигтэн, яллагдагчтай хийсэн уулзалт нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг ч мөн зөрчиж байгаа юм билээ. Уг нь дээрх хуулийг Х.Тэмүүжин Хууль зүйн сайд болохоосоо өмнө санаачлан гурван жил гаруй хөөцөлдөн байж батлуулсан байдаг. Гэвч тэр өөрийн санаачлан батлуулсан хуулиа өөрөө зөрчиж, ёс зүйгүй авирласнаараа ямаршуухан хүн Хууль зүйн салбарыг удирдаж буйг олон нийт шүүмжилсээр байна.
Тиймээс “Хүсэл зорилгоо нэгтгэе” Үндэсний хөдөлгөөний тэргүүн Х.Бат-ЯлалтҮндсэн хуулийн Цэцэд хандан“Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдлийг гаргасан тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Иргэний гаргасан өргөдлийн дагуу Үндсэн хуулийн Цэц хэзээ хуралдаж, хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна.
Эргэн сануулахад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоодугаар сарын 31-ний өдөр ШШГЕГ-ын харъяа Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хоригдож буй Л.Гансүхийг эргэн очиж, тус албаны даргын өрөөнд уулзахдаа Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэг “…Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…” гэсэн заалт, 14-р зүйлийн 1, 2 дахь хэсэг “…Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүхэн хууль шүүхийн өмнө эрх тэгш байна… хүнийг үндэс, угсаа, хэл, арьс өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно... гэх заалтууд, 41 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг “…Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна…” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дараах заалтуудыг зөрчжээ. Үүнд:Тус хуулийн 9 дүгээр зүйл. Албан үүрэгт хөндлөнгөөс нөлөөлөх байдлыг мэдэгдэх
9.1.Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заажээ.
Гэтэл ШШГЕГ-ын харъяа Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих ангийн ажилтнуудыг албан үүргээ хуулийн дагуу биелүүлэхэд эрх мэдэлт сайд нар хөндлөнгөөс нөлөөлж, сэжигтэн Л.Гансүхтэй уулзалт зохион байгуулсан байдаг.
Мөн хуулийн 11 дүгээр зүйл. Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт
11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
11.2.Албан тушаалтан өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно хэмээн заажээ.
Тэгэхээр Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарын дээр хуулиудыг зөрчсөн асуудлыг олон нийт эсэргүүцэж хариуцлага нэхэж буй нь зүйн хэрэг юм. Тийм ч учраас уг асуудлыг шийдүүлэхээр Үндсэн хуулийн Цэцэд ханддаг биз.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гэдэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн шүүх юм. Ардчилсан эрх зүйт төртэй улс орнуудад төрийн эрх мэдлийн хуваарилалт, түүний үйл ажиллагааны хууль ёсны байдалд хяналт тавих, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөний баталгааны хэрэгжилтэд Үндсэн хуулийн замаар хяналт тавьдаг тусгай шүүх ажилладаг бөгөөд Монголд энэхүү чиг үүргийг Үндсэн хуулийн цэц гүйцэтгэдэг байна. Энэ талаар Үндсэн хуулийн Цэцийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
“Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.”хэмээн заажээ. Гэвч өнөө цагт Үндсэн хуулийн Цэцийн дээр Хөх тэнгэр бус Н.Алтанхуяг оршиж буй бололтой.
М.Нандин
zaluu.com
URL: