Бээжингийн нисэхэд ЭБОЛА тархах өндөр магадлалтай

681af7_20141015_EM_x800

Өнөөдөр дэлхийн зарим оронд тархаад буй Эбола вирусын халдварын талаар ЭМЯ-аас албан ёсны мэдээлэл хийлээ.

Тус өвчин баруун Африкийн орнуудаар хамгийн анх илэрч, АНУ, Испанид тархсаныг мэдээлсэн бол хамгийн сүүлд Германд анхны тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.

Манай оронд эбола халдвар илрээгүй, судалгаагаар тархах магадлал багатай бүсэд орж байна. Гэвч манай улстай хамгийн ойр Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал ДЭМБ-ын судалгаагаар халдвар тархах 97 хувийн магадлалтай гэж тодорхойлогджээ.

Эбола вирус нь ахуйн хавьтлын замаар буюу хүнээс гарч буй бүх шингэнээр дамждаг учраас хурдан тархах боломжтой. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэхийн тулд онц шаардлагагүй бол халдвар тархсан бүс нутаг руу явахгүй байх, хувийн ариун цэврийг сайтар сахихыг зөвлөлөө.

ЭМЯ-ны НЭМХ-ийн дарга Д.Нарангэрэл “Нэг дэлхий нэг эрүүл мэнд гэсэн ойлголттой байгаа үед хаанаас ч ямар ч халдвар ороод ирэхийг үгүйсгэхгүй. Ийм учраас эрүүл мэндийн байгууллага, иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байж, өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалах дадал хэвшлийг бий болгох хэрэгтэй”.

Одоогоор Монгол Улсын хэмжээнд вирусын халдвараас сэргийлж хилийн нэвтрэх цэгүүд дээр онцгой анхаарч ажиллаж байгаа аж. Термокамераар гаднаас ирж буй хүмүүсийн халууныг хэмжиж, асуулгын аргаар судалж, халдвартай бус нутгаас ирсэн гадны иргэдийг хил нэвтэрснээс хойш 21 орчим хоногийн хугацаатай тусгай мэргэжилтнүүд хянаж байгаа юм байна.

ikon.mn


URL:

Сэтгэгдэл бичих